Узбек улсын нийслэл Ташкент хотод Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны ээлжит их хурал өчигдөр /09.08/ болж, тус холбооны удирдах байгууллага болох Товчооны гишүүдийн сонгууль боллоо.
Товчооны 7 гишүүний суудалд 20 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуульд 124 хүн нэг хүн 7 хүний төлөө санал өгөх эрхтэйгээр оролцжээ. Нууц санал хураалтаар Ахрол Рузиев /Узбек/, Марина Де Буссоло Пелликоне /Итали, эмэгтэй/, Михаил Мамиашвили /ОХУ/, Педро Гама Фильо /Бразил/, Цено Ценов /Болгар/ Карл-Мартин Дитман /ХБНГУ/, Хидеаки Томияма /Япон/ нар Товчооны гишүүнээр сонгогдлоо. Мөн энэ сонгуулиар Марина Де Буссоло Пелликоне, Михаил Мамиашвили нар Товчооны гишүүнээр улиран сонсогдсоноор дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа үргэлжлүүлэн хаахаар болжээ. МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж Товчооны гишүүнд өрсөлдсөн ч энэ удаа сонгогдож чадсангүй.
ФИЛА энэ удаагийн Их хурлаар Оросын бөхийн төрлүүдийн холбооны санаачлан оруулсан бөхчүүдийн шилжилт хөдөлгөөний тухай журмыг хэлэлцэж баталсан байна. Уг журмаар бөхчүүдийн шилжилт хөдөлгөөнийг жил бүрийн арван хоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийж байна, үндэсний холбоо бүр жилд нэг бөхийг л өөр улсад шилжүүлж болно, бөх хүн барилдаж байх хугацаандаа зөвхөн ганц удаа л улсын харьяаллаа сольж болно гэсэн заалтууд орсон байна. Уг журманд анх удаа тухайн бөхийг бэлтгэсэн үндэсний холбоонд олгож байх нөхөн төлбөрийн асуудлыг оруулж, олимпийн болон дэлхийн аваргыг шилжүүлэн авахад 300 мянга, олимпийн болон ДАШТ-ий медальтныг шилжүүлэх авахад 200 мянга, тивийн аваргыг шилжүүлэн авахад 100 мянга, тивийн аваргын медальтныг шилжүүлэн авахад 50 мянган швейцар франкийн нөхөн төлбөрийг өгч байхаар болжээ.
Их хурлаар мөн ФИЛА-гийн нэрийг өөрчилж, “United World Wrestling” /UWW/ гэж нэрлэхээр тогтжээ. Ерөнхийлөгч Н.Лалович хэлэхдээ “Энэ шийдвэрийг бөхийн спортын үндсэн үнэт зүйлс болон олимпийн эрхээ хамгаалж чадсан байгууллагын шинэ эрч хүчийг агуулсан дэлхийн шинэ бренд бий болгох зорилгоор гаргасан. Бидэнд бөхийн спортоор бахархан зоригжих бас нэг шалтгаан бий болж байна.” гэж онцлон дурджээ. Шинэ нэр, логог холбооны захиалгаар АНУ-ын “Olive Grove” компани боловсруулжээ.
МЧБХ, Д.Өлгийсайхан