Намар, бороо, дуу гурав

Хуучирсан мэдээ: 2014.09.06-нд нийтлэгдсэн

Намрын цагаан бороо гадаа зүсэрнэ. Сэтгэлийн гүнд хаа нэгтээ үлдсэн хуучин дурсамж навч унах чимээнээр хөглөгдөх.

Намарт дургүй хүн гэж байдаггүй. Налгар дулаахан хэрнээ гунигтай тийм л мэдрэмд төрүүлдэгт нь намарт олон хүн дурладаг биз. Зэллэх шувууд нь зүсрэх бороо, хаялах навчис нь хүртэл хөгжмийн эгшиглэн мэт. Яагаад намар гэж чи хуучин дурсамжийг минь хөглөнө вэ?

Галуун цуваа хөвөрсөн

Голын ус нь мэлтэлзсэн

Ганган байгаль хосолсон

Гоёхон намрын өнгө юмаа

Хөх уулс манан буданд дарагдаж, хөшгөн бороотой намрын өдөр минь.  Үнэрт чинь мансуурч, аялгуунд чинь согтмоор намар цаг минь. Намрын бороо зөөлөн шиврэхэд…

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай

Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч, орчлонд үлдэнэ наддаа хайртай

Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай…

Аав минь. Уул минь.  Аньсган дунд минь бүрэлзэх нутгийн толгод. Толгодон дунд минь торойх харагдах аав минь. Мөнх бусын орчлонд мөнх л юм шиг санаж явсан гэнэн залуу үе….

Томоогүй явж боллоо ээжээ.

Тогоруу буцаж зэгс шаргалтлаа.

Хорвоод намар ирдгийг мартсан.

Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Намар болохоор л хамгийн түрүүнд ээжийгээ санадаг. Өвөрт нь эрхлэн унтдаг өөдөсхөн жаахан нас минь. Намрын нар шиг налгархан миний ээж.  Арван сар хэвлийд нь бойжиж, ангир уургыг чинь хөхөж хүн болсон атлаа ачийг хариулсан удаа надад бий бил үү..

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй

Уудам бэлчээрт шуугиан татрахгүй

Алтан намар он жил улиравч дуурсгалтай

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг

Ай даа намар цаг

Амьдрал тэтгэх цаг

Бодлын минь алс хол руу дэвж байна.  Оюутан цаг, анхны хайр. Он жилийн уртад сэтгэлийг минь гуниглуулж, бас хөглөж ирсэн тэр жилийн мартагдашгүй намар. Тэр, бид хоёр.

Тээр тэнд үүлсийн доогуур

Тэнгэр хээлэн тогорууд дэвнээ

Уйтай дуу нь зүрхэнд унахад

Уяссан сэтгэл чамайгаа л санах юм аа

        ДХ: Санаж байна би санаж байна

        Аньсага давсан чинийхээ нулимсыг

        Аяархан шивнэсэн хайрын чинь үгийг

        Аясхан шивэрсэн бороотой үдшийг

        Хайрын хорвоод намайг л гэсээр

        Хайлан дуулсан шувуухай билээ чи

        Нуураа ширтэн би зогсож байна

        Найман сарын бороо зүсэрч л байна зүсэрсээр…

Тиймээ, намар тэр чигээрээ дуу буюу

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж