Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ 2014 оны 9 дүгээр сарын 5-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв.
Хоёр орны Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны энэ удаагийн хэлэлцээ Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох ашигт малтмалын нөөцийн тогтвортой менежментийг хөхиүлэн дэмжих, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалах гэсэн 3 чиглэлд болон бусад чиглэлд хэрэгжих 11 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын Засгийн газраас 36.2 сая евро олгохоор боллоо. Энэхүү төслүүд нь 2014-2015 онд хэрэгжинэ.
1990-2013 оны хооронд ХБНГУ–ын Засгийн газраас Монгол Улсад нийт 310 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгоод байна.
Эх сурвалж: www.mfa.gov.mn