Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

А намын стриптиз

Ардчилсан намын “тайчих үзүүлбэр” арай дэндлээ. Адаг сүүлд нь  хэвлэл мэдээллийнхэн хүртэл энэ хөл толгойгүй  улстөрд өртөх нь. Ер нь энэ намыг засаг барихад олон нийт уйдахын зовлон үзэхгүй юм байна.

Эд 1996-2000 онд бүрэн хэмжээний тайчих үзүүлбэр үзүүлсэн нь ард олныг хэтэрхий шокдуулсан тул гудамжинд гарсан. Намынхаа байрны халаалтгүй өрөөнд бие биенээ энэ сайдаа, тэр сайдаа гээд дуудчихсан гадуур хувцастайгаа сууж байснаа өөрсдөө мартсан гэхэд харсан хүн мартдаггүй юм байлээ шүү. Тэдний тэнд гудамжинд лааз өшиглөх нь маньд хамаагүй ч ардчилсан үзэл санааг тээгч Ардчилсан намд итгэж  өгсөн санал минь хайран байдаг юм.

Өнөөдөр эргэн тойрноо харвал  энэ явдал давтагдах нь ээ. Өдөр бүр шинэ сенсаац. Энэ дарга нь баригдаж гэнэ, тэр сайд нь огцрох нь гэнэ. Тэгээд энэ бүгдийг өөрсдөө өөрийн гараар л хийгээд байдаг. Лаг шударга нам гээд өөрсдөө итгэчихсэн юм уу эсвэл биднийг тэнэг гэж бодоод итгүүлэх гээд байгаа ч юм уу. Энэ олон балиар юмны ард талд зөвхөн сандал ширээгээ л булаацалдаад байгааг чинь мэдэхгүй хүн байна гэж горьдов.

Одоо хаалтын гэрээ гэж нэг сайхан сэдэвтэй боллоо. Хөх инээд хүрчлээ. Хаалтын гэрээ гэж хийдэг тэнэг хэвлэл байхгүй. Хаамаар юм байдаг бол ханцуй дотроо л тохирдог юм. Түүнээс биш өдий төдийгөөр нь ярайлгаж биччихээд баримт үлдээгээд хаалгана гэж байдаггүй. Ёстой энэ гэрээг “илрүүлсэн”, ингэх хувийн болон хувьсгалын сонирхолтой хүмүүс л хүчээр итгэх байх. За яахав хаалтын ч болог. Гол нь үүнийг ардчилсан намынхан нь олж өгч, дэвэргэж, зохион байгуулж, буруу утгаар олон нийтэд тараагаад байдаг нь жинхэнэ порно. Ийм гэрээ үеийн үед л байсан юм шүү дээ. МАН-ын үед харин ингэж санааг нь гуйвуулж, олон нийтэд тарааж, ширээнд чинь шунасан журмын нөхөд л байгаагүй юм байна. Зөвхөн Засгийн газар ч биш УИХ, Монголбанк, бүх яамд агентлагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ хийдэг. Хэвлэлгүйгээр тэд хэн ч биш, хийсэн бүтээснээ яаж тайлагнах юм. Юу зорьж байгаа хаана хүрэхээ эрхбиш олон нийтдээ мэдээлэх хэрэгтэй биз дээ. Харин бид үүнийг төлбөргүй мэдээлэх үүрэггүй. Төр хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөрийн бодлого шийдвэрийг үнэ төлбөргүй түгээхийг шаардах эрхгүй. Тиймээс бид төрийн байгууллагын нэг ч мэдээ мэдээллийг үнэгүй оруулахгүй. Ийм учраас л гэрээ байдаг.

Хаалтын гэрээ гээд байгаа энэ юманд Засгийн газрыг муулахгүй гэж хаана байгааг олж харсангүй. Хүчээр л гүжирдээд байх юм. Харин энүүхэндээ гэхэд гэрээ хийснээ дагуулаад ганц хоёр гуйлт ирдгийг үгүйсгэхгүй. Тухайлбал өнгөрсөн УИХ-ын даргын үед УИХ-ын гэрээг дагалдаад залуу авгайг дуугай байж үзээрэй маягийн юм амаар хэлдэг байсан гэнэ лээ.

Харин энэ Ардчилсан намын мангарууд өөрөө өөрсдийгөө намнах гээд бохир цагаан хэрэглэлээ сэгсрэхдээ биднийг бас хамтруулаад байгаад нь жинхэнэ дургүй хүрч байна. Ардын нам  ч бас яасан муухай юм бэ гээд сууж байгааг ойлгосонгүй. Манай засгийн үед  хэвлэлтэй гэрээ хийдэггүй байсан гээд хэлчих дээ. Яахав түүнийгээ өөрсдөө олон нийтэд буруу утгаар тайлбарлаж амиа хорлодоггүйгээрээ үнэхээр эднээс илүү юм.

За энэ гэрээг хаалтын болгож гүжирдээд үүнээс хоол олж идэх гэсэн хэвлэл мэдээллийн өөрсдийн нэг хэсэг байнаа. Юу ч гэхэв дээ ичиж амьдаръяа л гэж хэлмээр байна. Бусдыг муулж өөрсдөө дээш гарах гэх оролдлого үнэхээр өрөвдөлтэй ядуу. Мундаг л юм бол тасраад гараач. Хэн тэдэнд саад болсон хэрэг вэ. Манайх хаалтын гэрээ, төлбөртэй мэдээлэлгүй телевиз гэж өдөр бүр зарлах хүртлээ доошоо орох нь юу ч гэмээр юм дээ.

Хоол идэж байгаа тогоо руугаа нулимаж өөрийнхөө эрхэлж байгаа хэвлэлд олны анхаарлыг хандуулна гээд байдаг. Ингэснээр бүх  уншигч үзэгчид хуугаараа эргээд тэдэн рүү очих уу? Үгүй л болов уу. Ил ярайлгаад биш ханцуйд хийгддэг хаалтын, нээлтийн, аман, бэлгэн, томилолтон гээд янз бүрийн гэрээний  хамгийн их туршлагатай хүмүүс гоцлоод байхаар үнэмшилгүй байна. Ухаад  байвал нотлох ганц нэг цаас  гараад ирчих ч байх. Оффисоо бүрдүүлсэн жагсаалтаа тэр гишүүнээс тийм юм, энэ гишүүнээс ийм юм гээд гаргачихсан хүн өөрийн толгой дээрх бухлаа харахгүй хүний толгой дээрх өвс хардаг нь ичмээр. Энэ жагсаалтыг ч бас нийтэлчихэж болно. Харин хэвлэлийнхэн А намтай ижил тайчих үзүүлбэр болж, үхэх ихдэж, уйлах багадвал яана. Алт ухсан мөнгөөр өчнөөн олон жил бизнесийн ашиггүй телевиз явуулж болно, тэр хүний эрх. Харин мөнгөтэйдээ сагаж бусдын хөдөлмөрийг нулимах нь ялзрал. Ар талыг нь даагаад явах алттай нэг байна, ажилчидтайгаа ганц компьютертэй эхэлсэн бас нөгөө нь байна. Шударга л өрсөлдөе л дөө. Бусдын тогоо руу өнгийж хөгийн зан гаргах нь  харин ч гайгүй рейтингтэй яваа  телевизийн чинь  нэр хүндийг гутааж байна. Мэргэжлийн олон хүний хөдөлмөрийг хүндэтгэж үз, шинэ залуу эзэд минь. Хаалтын гэрээ гэж гүжирдээд байгаа та нарын туйлын зорилго нь манайхыг л үз, унш, захиал шүү дээ чааваас.    

Хэвлэлийн салбарт асуудал байгаа нь үнэн. Тэгэхдээ Засгийн газраас болоод байгаа юм биш. Бид боловсрол муутай, чадавхи муутай, эдийн засгийн хараат байдалтай байгаагаас өнөөдрийн дүр төрх ийм байгаа юм.  Энэ салбарт эрүүл өрсөлдөөн байхгүй,  зарим нэгэн нь улс төрийн, ихэнх нь авилгын мөнгөөр хэвлэл мэдээлэл  өмчилдөг нь ийм арчаагүй байдалд хүргэсэн гэдгийг бид бишгүй л нэг ярьсан. Яриад больчихдог бол сайхан л байлаа. Харамсалтай нь эсрэгээрээ нэмэгдээд л байгаа юм биш үү. Ингэлээ гээд бусдыгаа хэмлэж нэр олох гэх хэрэг юун. Цаг нь ирэхээр зах зээлийн хуулиар хамгийн олон уншигчтай, хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон хандагчтай нь үлдэх нь дамжиггүй. Энэ өрсөлдөөнд хамгийн новшийн аргаар тэмцсэн нь биш хамгийн их хөдөлмөрлөсөн нь ялна. Яг л анх П.Анужинг нэвтрүүлэг хийгээд гараад ирэхэд “хүний гэдэс угаадаг хүүхэн манай салбарт санаархлаа“ гээд алалцаад маажилцаад дийлэлгүй бууж өгсний үлгэр болно. Хэн ингэж ярьж явсныг бүгд санаж байгаа л даа. Санахгүй бол сануулаад өгч бас болно. П.Анужин өөрөө бүр мартаагүй байлгүй.

Монголын мэдээллийн сайтуудын тэргүүлэгч нь манайх. Ямар ч судалгаа дүгнэлтээр энэ нотлогдоно. Арван жил улсад татвар төлсний хувьд манай компанийн санхүү ил тод. Эрх баригчдын мөнгөөр  амьдраад ирсэн үү  жил жил, алхам алхмаар энэ амжилтанд хүрсэн үү гэдгийг тэндээс харж болно. Бид Монголын бизнес эдийн засгийн бүх томчуултай олон жилийн турш хамтран ажиллаж байна. Мэргэжлийн редакцид тавин хүн ажиллаж, өдөрт 100-150 контент бэлдэж олны хүртээл болгосны хүч. Өдөр бүр шоргоолж шиг ажилладаг сэтгүүлчдийн маань хөдөлмөр.Бусдаас өрсч зах зээл дээр байршсны бонус. Бидэнтэй ам хэлээр биш ажлаараа өрсөлдөнө үү.

Бас  паа пөө гээд хажуугаас чинь хатгаад байгаа шинэ тутам байгуулагдсан жижиг сайтуудын эзэд юу хүсч байгааг мэдэж л байгаа биз дээ. Тэдний ч төрийн байгууллагатай хийсэн гэрээний хуулбар хайвал бас олдох юм шүү дээ.

Эцэст нь Ардчилсан намын энэ тайчих үзүүлбэр хаана очиж төгсөхийг хэлэхэд хэцүү боллоо. Өөрсдийнхөө булайг хэвлэлээр дэлгэлцэн дайтаж байгааг тайчих гээд байгаа юм. Хоорондох сандал ширээний дайндаа цагдаа тагнуулаараа оролцсон, хулгайч идээчээрээ дуудалцсан, одоо бүр хэвлэлийг хавчуулаад эхэлж. Бие хаа сайтай залуу зандан бүсгүйчүүд стриптиз шоунд байвал дээр. Үгүй бол нүд хальтичаад хэцүү байдгийн адил нэгэн цагт бидний итгэл үнэмшлийг тээж асан энэ нам нас дээр гарсан ч ухаан суугаагүй тэнэг харц гаргаад,  хэлбэр галбир муутай биеэ олны өмнө нүцгэлээд  байх нь хэцүү юм. Энэ намд сайн сайхан явсан цаг бий, даанч тэр нь аль 20 жилийн өмнө өнгөрсөн санж. Сая хувцасаа тайлахаар нь мэдэв. Одоо ядахдаа дотоожоо үлдээхгүй бол хаяанд ирсэн сонгуулиар шоконд орсон ард түмэн  дахиж босохгүй болтол чинь явуулна шүү. Гайхуулах юмгүй байж  хүн шаардаагүй байхад өөрөө нүцгэлж гүйгээд дур гутаачихвал эргээд л олон сайд дарга нар чинь намын байраараа овоорох байх даа. Хувааж алалцах ширээ ч үгүй болно шүү дээ. Нээрээ мартсанаас байр ч байхгүй болсон биз дээ. Хаана очиж буух чинь хамаагүй ч итгэл үнэмшлээр минь байнга тоглож эцэст нь ингээд дандаа өшиглөөд хаячих нь гашуун юм.

PS: Эдний тэнэгт баярлаад маасайгаад сууж байгаа сөрөг хүчин уг нь бүр муухай биетэй л дээ. Харин хашир суусан болохоороо элдэв торгоор халхлаад ил гаргадаггүй юм.Тэдний буруу юу байхав.

А.ТУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж