Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар 2008 оны есдүгээр сараас эхлэн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, уг төлөвлөгөөний хүрээнд санхүүгийн тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, банк санхүүгийн хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулж батлуулах, олон улсын болон дотоодын санхүүгийн зах зээлд 7 хоног бүрээр байнгын ажиглалт, судалгаа хийх, банк санхүүгийн байгууллагуудад тавих хяналтыг сайжруулах, үүсэж бий болох эрсдэлийг урьдчилан таамаглаж тодорхойлох, түүнээс гарах арга замыг төлөвлөх зэрэг чиглэлээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ талаар өнөөдөр хэлэлцэж, Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал гүнзгийрч, манай эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан Засгийн газраас дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулсан байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оны эхний хагас жилд 740.0 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Төлөвлөгөөний үндсэн зорилго нь:
- Монгол Улсын 2009 оны эдийн засгийн өсөлтийг 4-5 хувиас бууруулахгүй байх,
- Санхүү, эдийн засгийн хямралын үр дагавраас иргэдэд учрах хохирол, сөрөг нөлөөллийг багасгах, ажлын байрыг хадгалах, ажилгүйдлээс сэргийлэх,
- Санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэх,
- Авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь хүнсний хомсдол, банк санхүү, ажилгүйдэл, эрчим хүчний хямралаас урьдчилан сэргийлэхэд чиглэх юм.
- Төлөвлөгөөний хүрээнд улсын төсвийн зарлагын тогтолцоог эргэн харж нягтлах, үргүй зардлуудаас салах, төсвийн тодотголыг бодит төвшинд хийх, төрийн байгууллагын бүх төвшинд хэмнэлтийн горимд шилжих,
- банк санхүүгийн салбарын найдвартай үйл ажиллагааг бий болгох замаар бодит эдийн засгийн салбарыг дэмжих
- нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- эрчим хүч, дулааны найдвартай байдал, хангамжийг сайжруулах
- 100.000 айлын орон сууц, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах, “Хоёр толгой”-н ашиглалт, түүнийг дагалдсан дэд бүтцийн төслүүдээр дамжуулан шинэ ажлын байр бий болгох
- өрхийн орлогогүй, эмзэг хэсэгт халамж үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Хуралдаанаас “Санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр болжээ.
Холбоотой мэдээ