Засгийн газар хэвлэлийнхэнтэй 390 саяын гэрээ байгуулсан гэх баримт сэтгүүлзүйг харлуулах дуртай хэдэн хүнд олз болов. Магадгүй загатнасан газрыг нь маажсан ч биз. “Хараач, хэвлэлийнхэн чинь бүгдээрээ худалдагдсан юм байна, ямар муухай хүмүүс вэ” гэж олон нийтийн тархийг угаах ажиллагааг эхлүүлж, энэхүү сэдвийг өлгөн авч, өдлүүлж байгаа тэрхүү хэсэг хүмүүний гаргаж байгаа үйлдэл үнэндээ хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдагтай ижилхэн харагдаж байна.
Хэвлэл мэдээлэл бол буяны газар биш юм. Аль нэг намын үзэл сурталжсан хэвлэл биш л бол оюуны талх үйлдвэрлэдэг гэдэг утгаараа бизнесийн байгууллага. Талхны цехэд хэн дуртай нь орж ирээд үнэгүй талх сугавчлаад гардаггүйтэй яг адилхан. Талхчин барьсан талхаа, хэвлэлийнхэн зай талбайгаа худалдаж мөнгө олж, ажилчдаа цалинжуулдаг. Аль, аль нь хувийн байгууллага. Өнөөдөр нэг сонин, сайтын редакцид дор хаяж 20-30 сэтгүүлч ажиллаж байна. Тэдний цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төр даадаггүй гэдгийг энд дахин онцольё. Мөн техник хэрэгсэл, орон байрны түрээс, хэвлэлийн зардал, шуудангийн хөлс, унаа тэрэг гээд хөрөнгө мөнгө багагүй шаарддаг. "Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье" гээд үйлдвэрлэсэн талхаа үнэгүй тараадаг бизнесмен байна уу. Дээр нь хэвлэл мэдээллийнхэн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвараа төлөх үүрэгтэй татвар төлөгч. Жилдээ хэдэн арван сая төгрөгийг татвартаа төлж байна. Хувийн компаниар зам бариулчихаад та нар төрийн ажлын үнэгүй хийж өг хэмээн мөнгийг нь өгөхгүй байвал, ямар уу?
Болсон явдлыг тодруулбал, Засгийн газар 390 сая төгрөгийн гэрээг хэвлэлийнхэнтэй байгуулжээ. Энд юу нь буруу байгаа вэ гэсэн асуулт юуны өмнө тавигдаж байна. Ямар нэгэн буруутгах шалтгааныг энэ салбарт ажиллаж байгаа жирийн сэтгүүлчийн хувьд эндээс лав олж харахгүй байгаа. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн салбар төсвөөс угжуулдаг төрийн байгууллага биш юм. Тэр тусмаа Засгийн газарт зай талбайгаа худалдана гэдэг харин ч эрүүл үзэгдэл, харин энэ гэрээг байгуулснаараа манай сонин, сайт, телевиз ийм мөнгө авсан байна гэдгийг жирийн сэтгүүлчид нь мэдэх боломжтой болж байгаа юм. Тэр хэрээр хэвлийн эздэд ирэх хариуцлага, хяналт нэмэгдэх юм.
Төр засгийн байгууллагын аливаа нэг мэдээ, мэдээллийг гаргахын тулд хэвлэлийнхэн зай талбайгаа харамгүй зориулах ёсгүй. Тийм ч хууль зүйн үндэслэл байхгүй. Зах зээлийн нийгэмд албаны уйтгартай мэдээнүүд, парламентийн балиар хэрүүлд хэвлэл мэдээлэлийнхэн зай талбай, цагаа үнэгүй зарцуулах шаардлага байхгүй гэсэн үг. Үнэгүй талх зөвхөн хавханд байдаг гэдэг үг бий. Аль ч Засгийн газар хэвлэлийнхэнтэй гэрээ байгуулж, мэдээ мэдээллээ нийлүүлсээр ирсэн. Энэ бол хачирхаж дуу алдаад, зэвүүцэн бухимдаад анх удаа сонсч байгаа аятай алиалаад байх зүйл биш юм. Бүх л парламент телевизийн цагийг, сонин, сайтын зай талбайг худалдаж мэдээ, мэдээллээ цацсаар ирсэн, цацсаар ч байх болов уу.
Үзэл сурталжсан үеийн төрийн төв хэвлэл эсвэл, төсвөөс цалинждаг олон нийтийн байгууллага биш л бол хувийнханд мөнгөө төлөөд мэдээллээ гаргах нь зах зээлийн зарчим. “Манайхыг муулж бичиж болохгүй” гэж цагаан цаасан дээр тас хараар бичээд тамга дараагүй бол шүү дээ. Түүнээс хамтран ажиллах нь, хэвлэлийнхэн төрийн байгууллагатай гэрээ байгуулж, зай талбайгаа зарах нь юуны гэмт хэрэг байх билээ. Харин ч гэрээ байгуулаагүй дээрх мөнгийг авчихсан бол асуудал арай өөрөөр харагдах байсан юм. Төрийн дарга нарын унадаг нэг жипний үнэтэй энэхүү гэрээ Засгийн газар ч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Монгол Улсын тодорхой хуулийн хүрээнд ажиллаж байгааг харуулсан явдал боллоо гэж хэлж болох биз.
Энэ гэрээ ил болсон нь нэг талаар хэвлэлийнхэнд том олз боллоо гэж харагдаж байна. Цаашдаа төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ байгуулж, мэдээ мэдээлэл тавих зай талбайгаа худалдаж авснаа ил тод зарлаж байя. Ингэвэл төрийн мэдээлэл хурдан шуурхай хүрдэг болно. Сэтгүүлчид хариуцлагатай болно. Редакцийн төсөвт орж гарч байгаа мөнгө хяналттай болно. Сэтгүүлзүйн салбарын нэр хүнд дээшилнэ. Гол нь гэрээгээр л бүгдийг баталгаажуулах хуулийн хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагаа болж чадах юм.
Гэрээ, контракт байгуулах нь битгий хэл хүнийг шантаажилж, дарамталж, эсвэл магтаж мөнгө авдаг нөхдүүд сэтгүүлзүйд мэр сэр бий. Тэр хүмүүсийн тарьсан үр нь Монголын сэтгүүлзүйд хогийн ургамал болон ургаж байгааг ч энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, сэтгүүлзүйг бохир мөнгөтэй холбож, ингэснээрээ хэн нэгний өөрийгөө магтсан өмөөрсөн зүйлийг мөнгөөр бичдэг, өмнөөс нь ичиж үхмээр нялуурсан ярилцлага авдаг явдал ч бий. Гэмтэй хүн бусдыг өөр шигээ санадаг гэж нэг үг байдаг. Нөгөө талаар өөрийнхөө толгой дээрх тэмээг харахгүй бусдын толгой дээрх цагаан үсийг харна гэсэн бас зүйр үг байна. Хэрэвзээ өдий зэрэгтэй болгож, өсч өндийлгөсөн, өөрийг нь тэрбумтан болтол тэжээсэн тогоо руугаа нулиммаар санагдаад байгаа бол эхлээд өөрийнхөө тарьсан хогийг шүүрд. Хог тарьсан, хогийн ургамлаар дүүрсэн замаар залуу үеийнхнийг алхуулахгүй гэж бодож байвал өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүл.
Монголын сэтгүүлзүйг бохирдлоо гэж хэн чанга хашгирна, тэр цэвэр ариун явдалтан гэсэн үг бас биш билээ. Мөн "бид худалдагдаагүй" гэж хэн их ярина, тэдний ард төдий чинээ "но" байна гэсэн үг. Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирдагтай яг ижилхэн.
Ж.НЯМСҮРЭН