АНУ-ын өр дээд хязгаартаа хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

АНУ-ын өр дээд хязгаартаа хүрэв

АНУ-ын төсвийн өрийн хэмжээ тогтоосон дээд хязгаар буюу 14.3 триллион ам.долларт хүрсэн байна. Нэгдсэн улсын сан хөмрөгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга ноён Тимоти Гейзер Засгийн газрынхаа тэтгэврийн сангийн хоёр ч том санхүүжилтийг зогсооно гэж мэдэгдсэн байна. Ингэснээр төсвийн өр хязгаараа давж гарах нөхцөл байдлыг ирэх наймдугаар сар хүртэл хойшлуулах бололцоотой болно гэж үзэж байгаа аж.

АНУ-ын Конгрессоос төсвийн өрийн хязгаарыг нэмэхээр хэлэлцэж байгаа бөгөөд ингэхгүйгээр өрийн асуудлаас болж зах зээлд тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитоор тулгарч байгаа ажээ.
Ноён Гейзер энэ талаар Конгресст бичсэн захидалдаа, “Төсвийн өрийн дээд хязгаарын одоо байгаа хэмжээг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх нь АНУ-ын санхүүгийн өр зээлээс үүдэн учирч болох аюулаас хамгаалахад шаардлагатай байгаа тул ийнхүү Конгресст хандаж байна. Ийм арга хэмжээ авснаар Нэгдсэн улсын иргэдийг санхүүгийн аюул заналд оруулахаас ч сэргийлэх болно” гэжээ. Мөн тэрээр Конгресс төсвийн өрийн дээд хязгаарыг аль болох хурдан нэмэх шаардлагатай гэдгийг анхааруулжээ. Хэрэв Конгрессийн зүгээс төсвийн өрийн хязгаарыг нэмэгдүүлж чадвал дээр дурдсан тэтгэврийн хоёр ч сангийн түр зогсоохоор болж байгаа санхүүжилтийг эргэн сэргээж болохоор байгаа аж.

Ер нь бол АНУ-ын Конгресс нь үндэсний төсвийнхөө өр зээлд 1917 оноос эхлэн хязгаар тавьж эхэлсэн бөгөөд энэ хязгаарыг нэмэх асуудал нь тус улсын хоёр том улстөрийн хүчин болох Ардчилсан нам болон Бүгд найрамдах намуудын хоорондхи байнгын өрсөлдөөний сэдэв болж ирсэн байна. Ноён Гейзер өрийн хязгаарыг нэмэгдүүлэх асуудлыг долдугаар сарын 8-ны өдөр гэхэд шийдсэн байхаар анхны товыг тогтоосон боловч тун удалгүй энэ хугацааг наймдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулж болох юм гэж тогтжээ. Одоогоор сөрөг хүчин болоод байгаа АНУ-ын Бүгд найрамдахчууд АНУ-ын төсөвтэй холбоотой асуудлыг зөвшилцөхдөө төсвийг танах тухай, тэр дундаа ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан Эрүүл мэндийн хөтөлбөрийг танах асуудалтай уялдуулан шийдэхийг тулгаж байгаа ажээ.

Хэдийгээр Обамагийн засаг захиргаа дөрвөн триллион ам.долларын хэмнэлтийн багцыг санал болгож байгаа ч бүгд найрамдахчууд хангалттай биш гэж үзсээр байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон улсын нэр хүнд бүхий агентлаг болох Poor & Standart-аас гаргасан чансаагаар АНУ нь тогтвортой өндөр зэрэглэлээс сөрөг зэрэглэлд орох магадлалтай байгаа талаар мэдэгдээд, ойрын хоёр жилд энэхүү зэрэглэлийн өөрчлөлт гарч болзошгүй гэж байжээ.

М.НАСТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж