Хамтарсан экспедиц ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Хамтарсан экспедиц ажлаа тайлагнав

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойтой холбогдуулан олон улсын хайгуулын экспедиц өнгөрсөн наймдугаар  сарын 24-нөөс эхлэн ажилласан юм. Тус экспедицийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү экспедиц нь Халх голын тулаан болж байсан газруудад малтлага судалгаа хийж, түүхийг зузаалахуйц үнэтэй зүйлүүдийг олсон байна. Тухайлбал,  БА-3, БА-1 хуягт машинууд болон Буйр нуураас онгоц илрүүлжээ. Мөн Баянцагааны орчмоос нэр нь үл мэдэгдэх хоёр дайчны шарилыг олсон аж.

Экспедицийн бүрэлдэхүүнд багтсан түүхийн ухааны доктор Маргарита Карнышева “Халх голд болсон тулааныг түүхчид “Дайн гэж нэрлэх үү, үгүй юу” хэмээн маргаан үүсгэдэг нь түүхч миний хувьд их хачирхалтай санагддаг. Тулаанд оролцож байсан техник, хэрэгсэл хүмүүсийн оролцоог харахад Халх голд дайн болсон байдаг. Японы Квантуны арми өмнөд, хойд зүгийн хоёр төлөвлөгөө гаргасан байдаг. Халх голын тулаанд Зөвлөлт, Монголын дайчид хамтран тулалдаж ялалт байгуулснаар Японы квантуны арми ЗХУ-руу дахин тулалдаанд орохоос татгалзаж, өмнө зүг рүү довтолгоогоо хийж, Хавайд байсан цэргийн бааз руу довтолсон. Үүгээрээ АНУ-руу дайн өдөөж татан оролцуулсан.

Мөн Зөвлөлт улс Сталинградын тулалдаанд Монголын ард түмний тусламжтайгаар ялалт байгуулсан түүхтэй. Маш их тусламж үзүүлж байсан. 500 мянган мал, адуу, мөн нэхий дээл, гутал гээд төрөл бүрийн зүйлээр тусламж үзүүлсэн. Улаан-Үд хотод монголоос авчирсан махаар консерв хийж, цэргүүдийг хүнсээр хангадаг байсан.

Дэлхийн хоёрдугаар дайн техник технологийн хувьд өндөр хөгжсөн байсан гэдэг ч зам харгуй хөгжөөгүй байсан. Энэ үед монголчуудын бэлэглэсэн морь их тусалсан. Хожим нь Монгол Улс бүрэн эрхт улс болохоо хөрш орноороо хүлээн зөвшөөрүүлж НҮБ-д элсэхэд Монголын ард түмний Зөвлөлт улсад үзүүлж байсан тусламж асар үнэтэй хувь нэмэр оруулсан юм” гэлээ.

Онцлоход, Олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд Буриадын төлөөлөгчдөөс гадна Монгол, Хятадын хайгуулчид багтжээ. Экспедицийн ажлыг зохион байгуулахад Буриад Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Монгол Улсын батлан хамгаалах нийгэмлэг, ӨМӨЗО-ы спорт, аялал жуулчлалын яам (БНХАУ) оролцжээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж