Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан “Халхын голын орчим дахь зэвсэгт мөргөлдөөн” баримтат номын нээлт өнөөдөр Оросын шинжлэх ухаан соёлын төвд боллоо.
Уг бүтээлд 1939 онд болсон Халхын гол орчмын зэвсэгт мөргөлдөөн, байлдааны ажиллагаа, тухайн үеийн цэрэг улстөрийн түүхэн үйл явдлуудын тухай баримтуудыг тусгасан төдийгүй И.В.Сталин, Г.К.Жуков, Х.Чойбалсан нар энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр ямар шийдвэр гаргаж, Монгол, Зөвлөлтийн дайчид хамтран ялалт байгуулсныг гэрчлэх архивын олон материал тусгалаа олсон юм байна.
Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов “ОХУ-ын Архивт хадгалагдаж байсан 750 нууц баримт бичгээс 250 нь ил болж байна. Түүхэн эмхэтгэлийг гаргахын тулд хоёр улсын Архивын газрын 10 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, гурван жилийн хугацаанд ажилласан. Маш үнэтэй ховор бүтээл болсон” хэмээн үнэ цэнийг нь тодорхойллоо.
Мөн уг түүхэн эмхэтгэлийг хэвлэхэд гар бие оролцсон Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, хурандаа Т.Оюунбазар “Энэхүү бүтээл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний судалгааг явуулахад, мөн Халхын голын дайны үйл явдлыг гүнзгийрүүлэн судлахад туйлын ач холбогдолтой үнэт баримт бичиг болсон. Нийтдээ 1000 гаруй баримт бичгийг хоёр улсын архиваас илрүүлсэн. Түүнээс 300 баримт нь урьд өмнө ном, хэвлэлд гарч байгаагүй анх удаа олны хүртээл болж байгаа чухал баримтууд” хэмээн тодорхойллоо.
“Халх голын орчимд болсон зэвсэгт мөргөлдөөн” бүтээлийг эмхэтгэхийн тулд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Цэргийн түүхийн хүрээлэн, ОХУ-ын Батлан хамгаалах яам, Цэргийн түүхийн хүрээлэн, Цэргийн архив хамтран ажиллаж, Оросын талын санхүүжилтээр хэвлүүлсэн юм байна. Ингэхдээ хэдхэн хоногийн өмнө Москвад уг түүхэн бүтээл хэвлэгдэн, Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ өдрүүдэд монголчуудын хүртээл боллоо. Түүнчлэн ОХУ-ын зүгээс Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд тус дайнд Монгол, Зөвлөлтийн армийн дайчдын гүйцэтгэсэн үүргийн тухай одоогоос 75 жилийн өмнө хийсэн баримтат долоон бүлэг киног Монголын талд бэлэглэсэн юм.
Дээрх арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Е.Г.Михайлов, ОХУ-ын Архивын газрын газрын дарга А.Н.Артизов, Монголын талаас Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, хурандаа Т.Оюунбазар нарын албаны хүмүүс оролцлоо.
Г.ДАРЬ