Дарханчууд мянган гэрэлт зул өргөв

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Дарханчууд мянган гэрэлт зул өргөв

Буддын шашинт орнуудын хувьд ёслон өнгөрүүлдэг нэг өдөр бол Бурхан багшийн дүйчин өдөр байдаг. Энэ өдрийн хүрээнд Дархан-Уул аймагт гэрэлт зул өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд уламжлал болон зохиогдох болсон энэ үйл ажиллагаанд Дарханы олон иргэд өргөнөөр оролцлоо. Их хөлөгний уламжлалыг хадгалах “ Алтан гэрэл судар” төвийн Дархан-Уул аймаг дахь салбар, түүний дэргэдэх “Буддын шашинт” оюутны холбоо, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын орон нутгийн ажлын албанаас гэрэлт зул өргөх ёслолыг санаачилжээ. Дарханчууд эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд мянган гэрэлт зулыг тэнгэрт хөөргөсөн юм. Бурхан багшийн их Дүйчин өдөр үйлдсэн буян, ариун цагаан үйл мянга дахин арвиждаг хэмээн бэлгэддэг учраас хүн бүр буян үйлдэхийг зорьдог. Тэдгээр буяны нэг болгож, тэнгэр хангайн аашийг засч, гэрэлт зулыг өргөлөө. Бүрхэг байсан тэнгэрт гэрэлт зул хөөрөхтэй зэрэгцэн бүртийж байсан үүлс нүүжээ. Цаг агаарын ямар ч нөхцөлд, бурхан шүтэн, буяны үйлээ умартахгүй нь Монгол түмний ёс юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж