Рожер Федерерийн шидэт тоонууд

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Рожер Федерерийн шидэт тоонууд

Дэлхийн шилдэг тамирчдын нэг Швейцарийн Рожер Федерер наймдугаар сарын 8-нд 33 нас хүрсэн билээ. Тэрээр өдгөө Америкийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгараад байгаа бөгөөд түүний амьдралтай холбоотой сонирхолтой тоонуудыг хүргэж байна.

ЛАВЛАХ: Рожер Федерер

Швейцарийн Базель хотноо 1981 оны наймдугаар сарын 8-нд төржээ.
Өндөр: 185 см. Баруун гараар тоглодог. Зүүн талаас нэг гараар цохилт хийдэг.
Мэргэжлийн карьерын эхлэлт: 1998.
Карьертаа цуглуулсан: 83 102 704 сая доллар.

Ганцаарчилсөн төрөлд 964 удаа ялж, 223 удаа ялагдаж байв.

Чансааны жагсаалтын дээд байр: 1 (02.02.2004).
Цолны тоо: 79.

“Их дуулга” тэмцээнүүд:

Australian Open — аварга (2004, 2006, 2007, 2010).
“Ролан Гаррос” —аварга (2009).
Уимблдон — аварга (2003, 2004, 2005, 2006, 2007, 2009, 2012).
US Open — аварга  (2004, 2005, 2006, 2007, 2008).
Жилийн эцсийн тэмцээн — аварга (2003, 2004, 2006, 2007, 2010, 2011).
Олимпийн их наадам  – мөнгөн медаль (2012).

Хосын тоглолтод 128 ялалт ба 86 хожигдол.
Чансааны жагсаалтын дээд байр: 24 (09.06.2003).
Цол: 8.
“Их дуулга” тэмцээнүүдэд:
Australian Open — гуравдугаар тойрог (2003).
“Ролан Гаррос” — эхний тойрог (2000).
Уимблдон — хагас шигшээ (2000).
US Open — гуравдугаар тойрог (2002).
Олимпийн их наадам – алт (2008, Станислас Вавринкагийн хамт).
Өөрөө тэр  08.08-нд төрж, чансааны нэгд 02.02-нд бичигдэж, 11 дэх цолоо 11-р сард авч, анхны аваргын цолынхоо эхний тэмцээнд хоёр сетээ адилхан 6:4-өөр хожиж, анхны хос тоглолтынхоо хоёр сетийг 6:7-гоор ялж байв. Хувийн амьдралд нь ховорхон тохиолдол тохиож хоёр удаа хос ихрүүд төржээ. Статистикээр тэр нь 10000 тохиолдолд нэг удаа учирдаг.

08.08.

Федерер Бутан улс хоёрт нийтлэг нэгэн зүйл бий. Энэ өдөр теннисчин ба улс өөрсдийн баярыг тэмдэглэдэг. Рожер нь төрсөн өдрөө, Бутан нь Энэтхэгээс тусгаар тогтносноо тэмдэглэдэг. Мөн энэ өдөр нь талбайн теннисчдийн хувьд чухал өдөр юм. Тэртээ 1900 оны наймдугаар сарын 8-нд хожим “Дэвисийн цом” нэртэй болсон тэмцээн Бруклинд эхэлжээ. Түүнээс 108 жилийн дараа Бээжингийн Олимпийн тоглолт эхэлэсэн бөгөөд Рожер Федерийн хосын төрөлд алтан медаль хүртэж байсан. Харин Федерер “Дэвисийн цом”-ын дээд цолыг хүртэж чадаагүй явна. Мэргэжлийнхээ карьерт тэрээр энэ өдөр гурван тоглолт хийсэн байна. Анх тэрээр 11 жилийн өмнө Монреал хотноо Макс Мирнийг ялаад 22 насны ойдоо бэлэг барив. 2006 ба 2007 оны энэ өдөр тэр Канадын “Мастерс” тэмцээнд тоглон 2003 оных шигээ төрсөн өдрөө ялалтаар тэмдэглэсэн байна.

02.02.

Энэ өдөр, сар Федерерийн карьерт бас чухал. 2004 оны 2-р сарын 2-нд тэрээр дэлхийн эрэгтэй теннисчдийн чансааны 1-д бичигджээ. Он гараад 33 дахь хоног өнгөрч он дуустал 333 хоног үлдсэн байгаа нь бас нэг шидэт тоонууд болов.  Түүнээс өмнө чансааны дээд хэсэгт 22 хүн байсан ба түүний дараа одоо 2 хүн нэгдүгээрт бичигдээд байна. Энэ баярт явдал нь “Australian Open” тэмцээний анхны цолоо авсны дараа болов. Шигшээд тэрээр дараалсан таван сетийн тоглолтод ядарсан Марат Сафиныг буулган авчээ. Чансааны дээд хэсэгт Федерер 237 долоо хоног дараалан байсан ба нийтдээ 302 долоо хоног нэгдүгээр байрт бичигдэж байсан. Энэ хоёр үзүүлэлт нь АТР-ын тоглолтуудын дээд амжилт юм.

Рожер Федерер

11

11 дэх цолоо Рожер 2003 оны 11 дэх сарын 16-нд авсан. Тэр анх удаагаа оны төгсгөлд болдог шилдэг наймын тэмцээнд түрүүллээ. Мөн тэрээр энэхүү тэмцээнд 44 ялалтай байгаа нь бас нэг дээд амжилт. Федерер энэ тэмцээний аваргаар зургаан удаа, хамгийн сүүлд 11 онд тодорчээ. Федерер жил бүр шилдэг наймын тэмцээнд өрсөлдөхдөө 11 удаа ялагдсан юм. Мөн 2009 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Мирка Вавринецтай Базель хотоос холгүй хуримлав. Хуриманд нь зөвхөн хамгийн ойрын хүмүүс очжээ. 

Мирка жирэмсэн байсан ба удалгүй хэдэн сарын дараа хоёр ихэр хүүхэд төрүүлэв. Энэ оны тавдугаар сарын зургаанд Мила-Роза, Чарлин-Рива хоёрт  Лео, Леннард гэсэн хоёр ихэр дүү төржээ. “Төрөхөөс нэг хоногийн өмнө бид тэдэнд ямар нэр өгөхөө тогтоосон байсан Үнэн хэрэгтээ эрэгтэйчүүдийн нэрийг  сонгох нь хэцүү  юм билээ. Охидуудад олон хөөрхөн нэр байдаг. Хөвгүүдийнх бол хэцүү. Одоо Мирка бид хоёр зүгээр л аз жаргалтай байна. Эцэг эхийн хувьд шидэт цаг. Хөвгүүд эрүүл саруул, миний эхнэр ч мөн ялгаагүй, Бид бүгд л сэтгэл маш өндөр байна” хэмээн Рожер ярьсан байсан. 

22

“250 ангиллын” тэмцээнүүдээс 22 удаа цолыг нь Рожер авч байлаа. Анх Миланы паркет дээр  анхны амжилтаа 2001 онд үзүүлжээ. Үүнээс өмнө тэрээр Марсель, Базельд хоёр удаа шигээ тоглолтод нь гомдмоор хожигдол  амсчээ. Эхнийх дээр нь тай-брэкээр, дараагийнх дээр нь тав дахь сетэд хожигдсон байна.  

33

Яг ийм тооны тоглолтыг тэрээр өөрийн гол өрсөлдөгч Рафаэль Надальтай хийжээ. Надаль 23-10 харьцаатайгаар тэргүүлж байна.

44

Жилийн эцсийн аваргын тэмцээнд Федерер 44 хожилтой бөгөөд мөн ийм тооны хожигдлыг тэрээр “Их дуулгын” тэмцээнүүдэд амсчээ. Тэрээр жилийн дөрвөн “Их дуулга” түрүүг авахад ганцхан “Ролан Гаррос”-т хүнд байжээ. Рожер “Ролан Гаррос”-ын түрүүг 2009 онд л хүртжээ.

55

55 гэсэн тоотой түүний олон статистикийн амжилтууд холбоотой. Жишээлбэл 55 дахь ялалтаар Уимблдон-2005-д ялсан ба 155 ялалт нь Уимблдон-2012  тэмцээний хагас шигшээгийн  хожил байлаа. Үүний дараа тэрээр шигшээд ялан энэ тэмцээний долоо дахь удаагийн аварга болсон юм.  Үүнээс гадна тэрээр анхны бүрэн хэмжээний 2000 оны тоглолтын улиралд 55 ялалттай. Рожер 2004 оноос хойш “Их дуулгын” хосуудын тоглолтод оролцоогүй ч 55 ялалтыг авчээ. 

999

Энэ гоё тоонд Федерер арай хүрээгүй явна. Ирэх жилийн дундуур түүнд хүрэх ёстой. Рожер ганцаарчилсан тоглолтууддаа 964 ялалттай байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр гуравт бичигдэж байна. Онолоор бол Иван Лендлыг (1071) гүйцэж болох юм. Харин Жимми Коннорсыг гүйцэх нь  юу л бол. Америкийн теннисчин 1253 удаа “гейм, сет, матч Коннорс” гэсэн үгийг сонссон билээ. Гэхдээ 33 насанд нь Рожерын толгойд  карьераа дуусгах санаа орж ирээгүй, наад зах нь 2016 оны олимп хүртэл тоглох төлөвлөгөөтэй. “Швейцарь цаг” хочит түүнд гарамгай сайхан тоглолтуудаараа үзэгч олноо аль болох их хугацаанд баясгаж явахыг ерөөе.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж