Өмнөговь аймгаас хувилгаан төржөө

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгаас хувилгаан төржөө

Говь түшээ гүний их хувилгаан Баригри Дамцагдорж гэгээнтэний анхны дүр одоогоос 230 жилийн өмнө буюу 1781 онд мэндэлсэн байна. Тэрээр Халхын V, VI богд, Түвдийн Ванчин богдын номын багш байсан учир түүхэнд II богдын номын багш байсан цорын ганц хүнээр тэмдэглэгдэж “Ёнзен” цол хүртсэн байна. Их хувилгаантны VI дүрийг тодруулах ажлыг Дундговь аймгийн нутгийн зөвлөл дэд тэргүүн Ц.Ганхүү, Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчилэн хийдийн дэргэдэх  “Шашны их сургуулийн” доктор, Гавж Ш.Сонинбаяр болон нутгийн иргэд санаачлан 2001 оноос эхлүүлжээ. VI дүрийн гэгээнтэнээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Үйтүмэнгийн отгон хүү 10 настай морь жилтэй  Мөнхсүхийг Далай багшийн айлдвараар өргөмжиллөө.

Хувилгаантны VI дүрээр тодорсон Үйтүмэнгийн Мөнхсүх нь Цогтцэций сумын сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Аав ээж, эгч ахынхаа хамт амьдардаг айлын отгон хүү юм. Аав ээж нь хүүгээ том хувилгааны хойд дүрээр тодорч их номын хүн болох хувьтай төрсөнд нь баярлан суугаа ч нялх үрээ холын оронд олон жил явуулах болсон гэнэтийн явдалд балмагдан нулимс унагаж байлаа Гэгээнтэнийг гэрээс нь залж Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт байх анхны хувилгааны барьж байгуулсан “Онгийн хийд“-ийн суудалд нь залах ёслол үйлдлээ. Гэгээнтэний сэвлэгийг нь үргээж, угаал үйлдсэний дараагаар хувцасыг нь өмсгөн сэнтийд нь залсан нь юм. Энэ үеэр сүсэгтэн олон түмэн  олноор цугларч адис аван залбирч байлаа. Говь нутгаас төрсөн их хувилгааны хойд дүрээр тодорсон гэгээнтэнийг төрсөн нутгаасаа гарах замд хурмаст тэнгэр хур бороо хайрласанд нутгийн зон олон бүүр ч ихээр билэгшээн гэгээнтэнийхээ эрдэм номын их замд сайн сайхныг хүсч байсан. VI дүрийн гэгээнтэн ирэх наймдугаар сараас Өмнөд Энэтхэгийн нутагт байрлах Сэра дацанд 16 жил суралцаж, төгс гэгээрээд нутагтаа ирж буян номын үйлд хүчин зүтгэх юм байна.
      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж