Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхнээсээ хэрэгжиж, эхний таван байршилд газар өмчлөх 14954 иргэнийг онлайнаар/цахим түүврийн аргаар/ шалгаруулсан. Эдгээр шалгарсан иргэд наймдугаар сарын 19-нөөс эхлэн ажлын арван хоногт багтаан иргэний цахим үнэмлэхтэйгээ харъяа дүүргийн Өмчийн харилцааны газарт хандах ёстой байсан. Ийнхүү хугацаандаа амжиж газраа өмчилж авч амжаагүй 4500 орчим иргэний газар өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн талаар нийслэлийн Өмч харилцааны газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамба мэдэгдээд байсан юм.
Харин өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хугацаандаа амжиж газар өмчилж аваагүй буюу харъяа дүүргийн Өмчийн харилцааны газарт хандаагүй иргэдэд боломж олгосон байна. Өөрөөр хэлбэл 4500 орчим иргэд дахин ажлын долоо хоногт газраа өмчилж авах боломжтой болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүгээс тодрууллаа.
-Харьяа дүүрэгтээ өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулж чадаагүй иргэдийн эрх хүчингүй болсон талаар мэдээллийг өгч байсан. Гэвч дахин хугацааг сунгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Цахим бүртгэлийн системд бүртгүүлсэн нийт иргэдийн 70 хувь нь харьяа дүүрэгтээ өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулсан. Хэдийгээр сонгогдсон ч гэсэн хуулийн дагуу материалаа бүрдүүлж, бүртгүүлээгүй үлдсэн 30 хувийн эрхийг хүчингүй болгох ёстой. Гэтэл бүртгүүлж чадаагүй иргэд хоцорсон, эмнэлэгт байсан, хүндэтгэх шалтгаантай байсан зэрэг шалгаан хэлж буй. Тиймээс уг асуудлыг бид өчигдөр /өнгөрсөн даваа гарагт/ Нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Харин Засаг дарга Нийслэлийн иргэдийн эрх ашгийг харгалзан үзээд ажлын долоон хоног сунгаад цахим хэлбэрээр сонгогдсон иргэдийн өргөдлийг хүлээн авахыг үүрэгдсэн. Тиймээс бид өчигдрөөс эхлэн ажлын долоо хоногт /энэ сарын 3-11-ныг хүртэл/ иргэдэд өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулах боломж олгож байгаа.
-Тэгвэл сунгагдсан хугацааны дараа өргөдлөө баталгаажуулаагүй иргэдийн эрхийг хүчингүй болгох уу. Хэрэв хүчингүй болговол тухайн эрхийг хэнд шилжүүлэх вэ?
-Долоо хоногийн дараа өргөдөл хүлээн авах ажлыг зогсоогоод, сонгогдсон эрхийг нь цуцлах болно. Учир нь эдгээр иргэд газар өмчлөх эрхээ аваагүй зөвхөн цахим хэлбэрээр сонгогдчихсон байгаа. Харин эрхээ авна гэдэг нь Нийслэлийн Засаг дарга газар өмчлүүлэх захирамжаа гаргасан нөхцөлд газар өмчлөх эрхээ авсан гэж ойлгож болно. Хэрэв сунгасан хугацаанд тухайн иргэн өргөдлөө өгөөгүй бол цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн дунд дахин сонгон шалгаруулалт явуулж газар өмчлөгчийг тодруулан. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх иргэдийг цахим түүврийн аргаар дахин сонгох юм.
-Цахим бүртгэлээр гадаадын иргэд газар өмчлөх эрхтэй болсон гэх зүйл яригдаад байсан. Энэ талаар судалж үзсэн үү?
-Гадаадын иргэд газар өмчлөх эрх аваагүй. Учир нь бид гадаад иргэн байж магадлалтай гэх хэд хэдэн иргэдийг УБЕГ-аар шалгуулсан. Гэтэл гадаад нэртэй таван иргэний дөрөв нь Монгол Улсын иргэн байсан. Харин нэг иргэн нь гадаад иргэн байсан учир эрхийг нь хүчингүй болгосон байгаа.
Д.ЖАРГАЛ