Норвеги улсын Тромсо хотноо Дэлхийн шатрын XXXXI олимпиад наймдугаар сарын 1-14-ний өдрүүдэд болсон билээ. Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг 6 хожил, 5 хожигдож 12 оноогоор 177 багаас 69-р байр, эмэгтэй баг 7 хожин, 1 тэнцэж, 3 хожигдон 15 оноогоор 136 багаас 16-р байр эзэлсэн. Эмэгтэй багийн хувьд "B" хэсэгтээ тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэн билээ. 136 баг таван хэсэгт хуваагдсан бөгөөд манай бүсгүйчүүд “В” ангилалд нийт 44 өрөг тоглоод 29 хожил авч хэсэгтээ түрүүлсэн юм.
Бид та бүхэнд Говь-Алтай аймаг, "Хан Алтай" шатрын клубийн тамирчин ОУШХ-ны мастер Ууганбаярын Лхамсүрэнгийн тэмдэглэлийг цувралаар хүргэж байгаа бөгөөд өнөөдөр "Баяртай Тромсо- Баку-д уулзацгаая" тэмдэглэлийг хүргэж байна.
Тромсо хот энэ өдрүүдэд Шатрын хот болсон байлаа. Дэлгүүрүүд шилэн цонхон дээрээ шатар өрцгөөж, ресторан паб зэрэг газрууд бүгд шатар тоглох ширээг бэлдсэн харагдана. Хотын гудамж, байшингууд дээр тэмцээний лого, зурагт хуудсууд байрлуулж, талбайн том шатаруудыг төв гудмуудад тавьжээ. Тэр ч бүү хэл цэцэг суулгахдаа ч шатрын хөлөг болгосон байна хар цагаан гээд л.
Ийнхүү хотоо тэмцээнд бэлдэхийн хажуугаар зохион байгуулагчид хэд хэдэн хүндрэлүүдтэй тулгарсан юм. Эхлээд тэд 2010 онд төсөвлөсөн байснаас илүү төсөв хэрэгтэй болоход Засгийн газар нь татгалзан тэмцээн болох эсэх нь тодорхойгүй байдалд оруулаад байлаа. Гэсэн ч тэдний зарим улс төрчдийн нөлөөгөөр Засгийн газар нэмэлт хөрөнгө оруулалт гаргасан байна. Мөн сүүлийн хоёр олимпиадын аварга Оросын эмэгтэй баг эгч дүү Косинцева наргүйгээр олимпиадад орохоор болоод байсныг бүр дордуулж тэднийг тэмцээнээс хаслаа. Бусад долоон улсын багийн хамтаар хугацаандаа мэдүүлгээ өгөөгүй үндэслэлээр хассан бөгөөд энэ нь багагүй дуулиантай байж Фидегийн ерөнхийлөгчийн оролцоотойгоор багуудыг оролцуулах болсон. Оросын "Алтан" охид дахин аваргын тавцан дээр эгч дүү Косинцева наргүйгээр зогсож чадсан нь үнэхээр гайхалтай. Тэднийг тэмцээнээс хассан талаар шүүхэд хандаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Тэмцээн хэдий сайхан болж олон сайхан дурсамжууд үлдсэн хэдий ч сүүлийн өргийн үеэр нэг шатарчин зүрхний шигдээсээр хорвоог орхиж, өөр нэгэн хөгжлийн бэрхшээлтэй шатарчин зочид буудлын өрөөндөө нас барсан байж…
,,, Хаалтын ажиллагааг өөд болсон хүмүүсийг хүндэтгэн зааланд цугларсан олон нэг минут дуугаа хураан зогсож эхлүүллээ.
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн ажлыг 1995 оноос хойш тасралтгүй хашиж буй, Халимаг улсын анхны ерөнхийлөгч, Ноён Кирсан Илюмжинов нийт шатарчид, дасгалжуулагч, хуран цугларсан олонд хандаж үг хэлснээр энэ олимпиадын шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлж байна.
Заалны зохион байгуулалт, тайз засал нээлтийн үеийнхээс арай ондоо болжээ. Шагнал хүртэх баг, тамирчдыг тусад нь суулгаж зохион байгуулалттайгаар тайзны араас шагналын тавцан руу гаргах юм.
Эмэгтэйчүүдийн Б ангилалын тэргүүн байр Монгол хэмээн зарлахтай зэрэгцэн багийнхантайгаа шагналын тавцангаас зааланд цугласан олныг харах нь сонирхолтой юм билээ. Ингээд категорийн шагналтнууд, ширээний медалтнууд, олимпиадын ялагчид ээлжлэн медалаа зүүсээр шагнал гардуулах ажиллагаа өндөрлөж, Фиде гийн тугийг дараагийн олимпиад болох Азербайжаны нийслэл Баку хотын төлөөлөгчид шилжүүлэн, үзэгчдэд Орчин үеийн гоёмсог Баку хотын видео танилцуулга хийснээр дэлхийн 41 дэх удаагийн шатрын олимпиад өндөрлөлөө.
Фотог: Oyunchimeg Genden
Тромсо тэмдэглэл 1-ийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тромсо тэмдэглэл 2-ыг ЭНД ДАРЖ уншина уу.
Тромсо тэмдэглэл 3-ыг ЭНД ДАРЖ уншина уу.
Тромсо тэмдэглэл 4, 5-ыг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ОУШХ-ны мастер У.ЛХАМСҮРЭН
2014.08.21 Улаанбаатар, Пүрэв гариг.