Хичээлийн шинэ жил эхлээд дөрөв хоносон ч цэцэрлэгийн асуудал эмзэг сэдэв хэвээр байна. Эрхлэгчид нь хэдэн төгрөг өгөх үү, эсвэл шууд багштай нь тулаад ярьчихвал хүүхдээ цэцэрлэгт оруулчих юм болов уу гэж ярих эхчүүд олон. Зарим нэг нь бүр Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандаж, гомдол гаргана ч гэж ярих. Арга мухардсан хүний л үг. Салбар хариуцсан яаманд хандлаа гээд нийслэлийн хэмжээнд 30 мянга орчим хүүхэд цэцэрлэгт орж чадаагүй байхад хэнийг нь ч гэх билээ.
Гэхдээ нэг асуудал байна. Шилжилтийн он жилүүдэд цэцэрлэгүүдийг олноор хувьчилсанаар авсан эзэд нь зориулалтыг нь өөрчилж, баар цэнгээний газар болгон хувиргасан жишээ олон аж. Зөвхөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн хэмжээнд авч үзэхэд 10 гаруй цэцэрлэгийн байрыг зориулалтынх нь дагуу ашиглалгүй баар, цэнгээний газар болгон өөрчилжээ. Хэрвээ эдгээр обьектын зориулалтыг өөрчлөөгүй бол багаар бодоход зөвхөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд 800 шахам хүүхэд цэцэрлэггүй хоцрохгүй гэсэн үг. Мөн зарим цэцэрлэгийг өргөтгөвөл гэртээ цоожлогдох хүүхдийн тоо багасна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл, зөвхөн нэг дүүрэгт зориулалт нь өөрчлөгдсөн цэцэрлэг 10 шахам байхад бусад дүүрэгт ямар бол… Үүнийг эргэн харж, нягтлах цаг болсон мэт. Цирк хувьчлагдсанаар үйл ажиллагаа нь өөрчлөгдөж, худалдааны байгууллага болж хувирсан тухай өнгөрсөн хугацаанд багагүй шуугисан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ч зүгээр суусангүй шүүмжлэлийн мөрөөр шалгалт хийн “Аса” циркт зөрчлөө арилгах даалгаврыг өгөөд байгаа. Тэгвэл эцэг, эхчүүд жил бүрийн намар цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр хонон өнжин дугаарлаж байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хувьчлагдсан цэцэрлэгүүдийг зориулалтын дагуу ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг эргээд нэг шалгачихад буруудахгүй мэт. Зориулалтыг нь өөрчилсөн нөхцөлд буцаан цэцэрлэг хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх даалгавар өгвөл мөн ч олон эцэг, эх баярлана даа.
Тэдгээр хувьчлагдсан цэцэрлэгүүдийг өргөтгөх бололцоо ч байж мэднэ. Нийслэлийн Боловсролын газраас өгч байгаа мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд судалгаа хийж үзэхэд, 38 цэцэрлэгийг өргөтгөн барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Судалгаа ажил хэрэг болсон нөхцөлд 4500 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно. Санхүүжилт нь 20.2 тэрбум төгрөг шаардаж байгаа ч богино хугацаанд бага зардлаар сургуулийн өмнөх насныхныг цэцэрлэгтэй болгох хамгийн боломжит хувилбар гэж албаныхан тодотгох юм билээ.
Өөрөөр хэлбэл, иймэрхүү арга хэмжээг хаа, хаанаа авахгүй бол жил бүр өсөн нэмэгдэж байгаа цэцэрлэгийн эрэлтийг хангах бололцоогүй. Учир нь, сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд 150 хүүхдийн багтаамжтай 374 цэцэрлэг барих шаардлагатай гэсэн статистик судалгааг салбарын яамнаас гаргажээ.
Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төр онцгой анхаарч жил тутамд шинээр цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт суулгаж, зарим тохиолдолд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтыг ашигладаг ч эрэлтээр далимдуулж бизнес хийгчид бий болсон тухай шүүмжлэл сүүлийн үед хүчтэй өрнөх болов. Ихэнх тохиолдолд улсын болон нийслэлийн хөрөнгөөр барьж байгаа цэцэрлэгүүдэд ийм зөрчил гарч буй юм байна. Хамгийн харамсалтай нь, өнгөрсөн жил ашиглалтад орсон цэцэрлэгийн барилгыг дараа жил нь дахин засварлах шаардлагатай болж буй нь эргээд төсвийн хөрөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулж чадаж байна уу гэх асуудлыг хөндөж, тэр хэрээр хариуцлага нэхэж байна.
Г.БОЛОР