Шөнийн автобустай болъё

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Шөнийн автобустай болъё

Хот гэдэг их айл өглөө оройгүй л түм түжигнэж бум бужигнаж байдаг газар. Бүгд л гэр орон, амраг садан ажил төрөл рүүгээ яарцгаадаг. Энэ олон бужигнаанаас болж хэрүүл тэмцэл, аваар осол гээд бөөн л юм болдог. Энэ бүхний хамгийн гол шалтгаан нь замын түгжрэл бус, үл мартагддаг унаа тээвэр юм. Өнөөдөр толгойтой бол­гон унаатай болсон гэж гайхуулах мөртлөө яг үнэн­дээ бидэнд хөл дүүжлэх унаа олддог билүү. Нөгөө олон автобус,такси хаа байна. Орой ажлаа тараад харих гэхээр автобус нь зогсчихсон байна. Такси барих гэхээр “Хэт ойр, эсвэл хэт хол явахгүй” гэж ямбална. Бас зам нь бартаатай зүг рүү бол хөдлөх жолооч олдоно гэж байхгүй. Харин байнга ад үзэгдэж, журамлагддаг үйлийн үртэй хэдэн микро л үдэш, оройн цагаар хөл дүүжлэх ганц унаа болж байна. Гэтэл “Хотонд ороод хонь минийх” гэгчээр хэдхэн мөчийн өмнө унаа олдохгүй сандарч явсан хүмүүс мик­ронд ороод суухаараа том дуутай болохыг нь яана. “Яахаараа 300 төгрөгөөр явдаг юм. Битгий давар та нар” гээд загнана. Авгай нар “Аятайхан яваач дээ, аллаа” гээд л сүржигнэнэ. Тийм л юм бол таксигаа бариад явах нь яасан юм бэ. Зорчигчдоос гадна шидэт дохиур барьсан замын “дээрэмчид” тэдний орлогоос байнга хумсална. Зүгээр явж байхад л 5000-аар торгочихдог юм билээ. Микроны хөөрхий жолооч нар бусдын л адил хоногийнхоо хоолыг залгуулах гээд л зүтгэж байгаа нь тэр шүү дээ. Бас буруу замаар будаа тээгээгүй. Харин бусдын голсон замаар буян үйлдэж яваа гэж ойлгох хэрэгтэй. Ер нь буяны ганц унаагаа ингэж ад үзэж байхаар шөнийн тарифтай автобус явуулбал яасан юм бэ. Ядаж багтаамж нь илүү шүү дээ. Ер нь бид тус болсон нэгнийгээ заавал загнаж зүхэж байх албагүй л байлтай. Шөнийн унааны асуудлыг нийслэлийн удирдлага шийдэж чадахгүй бол дарга, цэрэггүй бүгдээрээ алхдаг болъё. Оройн … цагаас хойш тээврийн хэрэгслээр зорчихыг хориглоно гээд л хуульчилчих хэрэгтэй. Хэн нэг нь бусдад дарамтлуулах зовлонгүй, бас нэг хэсэг нь бусдыг дарамтлах шаард­лага­гүй амьдарцгаавал сайхан биз дээ.   

Э.БАЯСГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж