Сонгуулийн авлигыг хуульчлах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Сонгуулийн авлигыг хуульчлах ёстой гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлд авлигын төрлүүдийг тодорхой болгон Эрүүгийн хуульд шинээр оруулж өгөх талаар тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сонгуулийн үеийн авлигыг Эрүүгийн хуульд тусгаж өгөх нь чухал болохыг анхаарууллаа. Гишүүдийн хэлж буйгаар улс төрийн авлигын хамгийн том хэлбэр бол сонгуулийн үеийн авлига. Гадаад орнуудад түүнийг тусгай төрөл болгон авч үздэг ажээ. Иймд сонгуулийн үеийн авлига гэсэн тодорхой төрлийг Эрүүгийн хуульд тусгайлан оруулах ёстой гэж байлаа.

Хуулийн төсөлд авлига өгсөн этгээд хэргээ хүлээгээд өөрөө хүрч ирвэл Эрүүгийн ялаас чөлөөлнө гэж тусгажээ. Үүнд Д.Дэмбэрэл дарга тийм ч таатай хандсангүй. “Хэргээ өөрөө хүлээвэл ялаас чөлөөлнө гэдэг маш буруу концепц. Өгсөн нь авснаа илчилбэл авсан нь ч өгснөө илчилж болно. Өгсөн, авсан аль нь ч ижилхэн зэмтэй гэмтнүүд. Зорилгоо биелүүлэх гэж авлига өгсөн сэдэлтэй хэрэг тул чөлөөлөх хэрэггүй. Өөрийгөө илчлэх гэдгийн балгийг монголчууд 1937 оны хэлмэгдүүлултийн үеэр хангалттай амссан. Тэгэхэд хэргээ өөрөө хүлээвэл ялаас чөлөөлнө гэчихээд хүрээд ирэхэд нь баривчилдаг байсан” гэж тэрбээр хэлж байв. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга төрийн албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ хойрго ханддаг, дарамталдаг учраас авлига өгч ажлаа бүтээхээс үүдэж ийм хэрэг гардаг талтайг хэлж байв. Гишүүн С.Эрдэнэ ч “Төрийн албан хаагчид иргэдэд зөвлөмж, туслалцаа үзүүлэхээс илүүтэйгээр айлгаж сүрдүүлж дарамталдаг. Ажлаа бүтээхийн тулд иргэд, аж ахуйн нэгж авлига өгөхөөс аргагүй байдал үүсдэг. Иймд өгсөн хүнийг харгалзаж үзэх хэрэгтэй” гэв. Гэхдээ нөгөө талаас болохгүй зүйлийг бүтээх гэж авлига өгдөг этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстойг гишүүд хэлсэн юм. Газар байхгүй байхад заавал авах гэж хээл хахууль өгдөг нөхөд байдаг. Ийм мэт тохиолдолд авлига өгсөн этгээдийг шийтгэх нь зүйтэй гэж байв.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхээсээ илүү дарамталдаг тогтолцоог халах нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нийлж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг санал нэгтэй дэмжлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж