ЕРА/Patrick Seeger
Оросын эсрэг тавьсан багц хоригоо давхар зориулалтын барааны экспортын хязгаарлалт болон тус улсын компаниудын гадаад зах зээлд оролцохыг хязгаарлах зэргээр нэмэгдүүлэхийг Еврокомисс Европын холбоонд санал болгожээ.
Брюсселийн саналаар, Оросын төрийн банкуудын зээлийн өр төлөлтийн хугацааг одоо мөрдөж буй 90 хоногоос 30 хоног хүртэл бууруулах, мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдаанд хориг тавих зэрэг асуудал яригдаж байна. Эрчим хүчний салбарын өндөр технологийн худалдаанд хориг тавьж, зөвхөн үйлчилгээний гэрээгээр хийлгэх, давхар зориулалтын бараа бүтээгдэхүүний экспортыг бүрэн хаахыг Еврокомисс санал болгожээ.
В.Путины хүрээллийн хүмүүст хориг тавьсан хар жагсаалтад Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг оруулах хэрэгтэй хэмээн зарим нь үзэж байгаа ажээ. Европын зарим орнууд Оросын спорт, соёлын арга хэмжээнд оролцохыг нь хязгаарлах хэрэгтэй гэв. Оросыг Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбооны гишүүнээс хасах санал ч гаргажээ. Ингэснээр оросууд Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд оролцох эрхгүй болохоос гадна Европын лигийн тэмцээнд тоглохгүй болж магадгүй аж.
Оросын эсрэг тавих шинэ хоригийг G7-гийн бусад орнууд АНУ, Канад, Японтой зөвшилцөх ёстой. Харин хэтэрхий хатуудана гээд Оросыг олон улсын SWIFT системээс хасахгүй гэж Еврокомисс үзжээ.
Европын холбооны гадаад бодлогын албанаас шинэ хоригийн талаарх хэвлэлийн мэдээлэлд тайлбар хийхээс татгалзсан байна. Европын холбооны лидерүүдийн томилгооны тус холбооны Гадаад бодлогын шинэ сайд болж байгаа Фередрика Могерини Европын шинэ хоригийг энэ баасан гаригаас өмнө батална гэж мэдэгдсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР