Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр тал олон чухал гэрээ хэлцлүүд хийж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм. Зам, тээврийн салбарын тухайд УБТЗ-ыг шинэчлэх, хөгжүүлэх стратегийн түншлэлийн гэрээ, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг, МИАТ, “Аэрофлот” компаниудын хооронд хамтран ажиллах санамж бичиг зэргийг байгуулж, талууд гарын үсэг зурах юм байна.
Дээрх гэрээ хэлцлүүдээс хамгийн чухал нь УБТЗ-ыг шинэчлэх, хөгжүүлэх хүрээнд УБТЗ-ын гол шугамыг хос, цахилгаанжсан болгох, тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлууд шийдвэрлэгдэж байна. Тодруулбал, УБТЗ-ыг Эрдэнэтээс Завханы Арц суурийн боомт хүргэх бөгөөд ингэснээр Монгол Улс ОХУ руу шинэ төмөр замын гарцтай болох юм. Мөн Монгол Улс баруун хилээрээ ОХУ-тай холбогдсон төмөр замын шинэ коридор байгуулах судалгаа, ТЭЗҮ-ийг Оросын талтай хамтран хийх, БНСУ-ын Ражин боомтыг ОХУ-тай хамтран эзэмшихээр талууд тохиролцоонд хүрлээ. Ингэснээр манай улс анх удаа өөрийн гэсэн далайн боомттой болж байгаа юм. Айлчлалын үеэр шийдэгдэж буй бас нэг чухал алхам бол транзит тээврийн асуудлаар ОХУ, Монгол Улс харилцан ойлголцолд хүрч 2020 он гэхэд 20 сая хүртэлх тонн ачааг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэхээр болж буй юм. Мөн агаарын тээврийн салбарт хоёр улсын авиакомпаниуд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо гэж ЗТЯ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.