Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, зардлын төсөв батлах тухай, Монгол туургатан хүүхдийн урлагийн III наадам зохион байгуулах тухай, Ой тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Монгол туургатан хүүхдийн урлагийн III наадмыг 2011 оны долдугаар сард, мөн онд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тус тус тэмдэглэхээр тогтсон байна.
Жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсонд тооцох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн жагсаалтыг хавсралтаар баталжээ. Тухайлбал “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс бусад Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл хэвлэх тусгай зөвшөөрөл, Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл гэх мэт 36 зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Энэхүү жагсаалтыг “Төрийн мэдээлэл” бүрэн эхээр нь нийтэллээ.
“Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Албан үүргийг орлон гүйцэтгэх нөхцөл, орлон гүйцэтгэх үйл ажиллагаа, орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой мэдээллийг эмхтгэлээс авах боломжтой.
Тусгай зориулалтаар 2011 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдлээ. Энэ онд тусгай зориулалтаар 50 угалз, 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр агнуулахаар Засгийн газраас тогтоожээ. Мөн тусгай зориулалтаар саарал чоно 40, бор гөрөөс 40, зэрлэг гахай 20, ой, хээрийн агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнуулахаар болсон байна. Харин судалгаа шинжилгээний зориулалтаар хүрэн баавгай 2, цоохор ирвэс 4 хүртэл толгойг агнуулж, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор хулан адуу 2 толгойг барихаар тогтоожээ.
Засгийн газраас баталсан “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг эмхтгэлд бүрэн эхээр нь нийтэллээ.