-Аян замын тэмдэглэл-
Бороо, цас дагуулсан тавдугаар сарын дундуур Авлигатай тэмцэх газрын ажилтнууд Хөвсгөл аймгийн сумдад албан томилолтоор ажиллав. Тавдугаар сар Хөвсгөл нутагт ч бас бороо, цас дагуулжээ. Хэдийгээр зуны урин гүйцэд ороогүй байсан ч газар ногоорч эхэлсэн байх агаад хөгшчүүлийн хэлдгээр өдий цагийн шар тос аль хэдийнэ өгөөжөө өгчээ. Авлигатай тэмцэх газарнь орон нутагт салбар нэгжгүй ч авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулахажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулдаг. Энэ хүрээнд орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатайюм.Өмнө нь Авлигатай тэмцэх газраас аймгийн төв, цаашлаад сонгож авсан цөөн тооны суманд л ажилладаг байсан бол энэ удаад Хөвсгөл тэргүүтэй хэд хэдэн аймгийн бүх суманд очиж ажиллав. Судалгааны дүнгээр авлигад өртөх эрсдэл өндөртэй гэж дүгнэгдсэн хэд хэдэн аймгийн нэг нь Хөвсгөл юм.
Архангайн Тариатаас гарч, Тэрхийн цагаан нуурын хойд эргийг даган явсаар алдарт Ороохын даваагаар давж, Тойн голын хөндийг туулан Жаргалант суманд ирэв. Энэ бол Хөвсгөл аймгийн хамгийн урд талын захын сумдын нэг. Гурван аймгийн залгаа энэ сумын нутаг дэвсгэрийн тэн хагас нь ойн сан бүхий газар. Тиймдээ ч хүн ард нь мал маллахын зэрэгцээ мод, модон эдлэл үйлдвэрлэж гол амьжиргаагаа залгуулдаг байна. Эндхийнхний хийсэн гэрийн мод сүүлийн үед цуулбар гэдгээрээ алдаршиж яс чанар, хийц ураараа Өвөрхангайн Уянгынхнаас давах болжээ. Хүн амын 70 гаруй хувь нь 35 хүртэлх насных гэхээр 5000 илүү хүнтэй энэ сум нэлээд залуу, басхүү томдоо тооцогдох аж. Сүүлийн үед залуус сургуулиа төгсөөд нутагтаа ирэх болсон гэх мэдээлэл чих мялааж байлаа. Хөвсгөлийн Жаргалантынхан өндөр Гонгор, Гэлэнхүү нарыг төрүүлсэн. Өндөр Гонгорын талаар илүү тайлбар хэрэггүй биз. Харин Гэлэнхүү нь “Шүхэрч Бунъяа” өгүүллэгийн сэдэл, сэдэв болсон гэх бөгөөд тэртээ 1800-гаад оны дундуур нисэхийг хүсч мөрөөдөн, хадан цохион дор хонин сүргээ хашиж байгаад үхрийн арьсаар далавч хийж, мөнөөх хонинуудынхаа дээр унаж байсан нэгэн аж. Түүгээр ч зогсохгүй оёдлын машин, хоёр амтай буу хүртэл зохион бүтээсэн элдэвтэй эр байжээ.
Хөвсгөл аймгийн Жаргалант сум баасан гарагтутамдхэвлэн түгээдэг сониноор дамжуулан иргэдээ мэдээллээр хангадаг байна. Жаргалант сум аймгийн хэмжээнд 2013 онд Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор баталсан жишиг хэмжээнд багтаан баяр наадмын зардлыг гаргасан цөөхөн сумдын нэг байв. Сумын Засаг дарга нь төрийн албан хаагчидтайгаа “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хариуцлагыг сайжруулах талаар хамтарч ажиллахбатламж”-д гарын үсэг зуруулан ажилладаг байна.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд иргэдийн Хурлын төлөөлөгчдийг оруулсан нь өөрсдийнхөө баталсан төслийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог сулруулсан шийдвэр болжээ.
Хөвсгөл далай ээж яг л толь шиг
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр сумын ИТХ-д сонгогдсон нэгэн саналаа хэлэв. Тэрээр “Сумын ИТХ-ын төлөөлөгчөөс хөрөнгө, орлогын мэдүүлэг авдаг нь амьдралд нийцэхгүй байна. Ер нь бол сумын Хурлын төлөөлөгчид уулын аманд малаа маллаад сууж байдаг хүмүүс. Жилдээ 2-3 удаа хуралд суудаг. Үүнийхээ төлөө Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогоо мэдүүлээд байх нь дэмий хэрэг” гэлээ. ИТХ гэдэг бол иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг тэдний нэрийн өмнөөс гаргадаг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Нийтийн эрх ашигт чиглэсэн шийдвэрийг гаргалцахад таны хувийн ашиг сонирхол харшлах уу, үгүй юу гэдгийг Авлигатай тэмцэх газар хянах нь зайлшгүй гэдгийг мөнөөх төлөөлөгчид хэлж ойлгууллаа.
Галт хэмээх жалгын нэрээр Хөвсгөл аймгийн Галт сумыг 1959 онд нэрлэжээ. Тэр жалганд сүүлэндээ галтай нэгэн үнэг байсан тухай бас нэгэн домог бий бөгөөд энэ домгоос Галт сумын нэр үүдэлтэй ч гэлцдэг.
Галт нутгийнхан галтай
Гадна доторгүй зартай
Нүд баясах байгалтай
Нүүр бардам заяатай хэмээн Галтынхныг магтан шүлэглэх ажээ.
Галт сум хол ойрын зочдын хөл хөдөлгөөн ихтэй угтлаа. Хийморийн морины хөшөө босгох, адуучин тэмцээн болох, хонхны баяр гээд лам нар, телевизийнхэн, морьтой залуус, дүрэмт хувцастай хүүхдүүдийн хөлд дарагджээ. Галт сум эртний сонин дурсгалт хөшөө олонтой. Үхэр үхэр чулуудтай, буган хөшөөдтэй энэ газарт үзэж харж нүд баясгах байгалийн сонин тогтоц бишгүй. Ламын бунхан, амьтантай хясаа, хөндлөн вангийн хөшөө гэхчлэн бий. Тэр дундаас хамгийн сонирхолтой нь Өвөр өлт хэмээх газарт орших нутгийнхны амьтантай хясаа хэмээн нэрийдэх болсонхадан хясаан дээрх сүг зургууд ажээ. Буга, чоно, аргаль, янгир зэрэг амьтдаас хамгийн тод томруун дүрслэгдсэн нь барын зураг байдаг. Энэ баримтаас үзэхэд эрт нэгэн цагт Галт сумын нутагт бар амьдарч байсан байж болох тухай нутгийнхан ам дүүрэн ярилцдаг байна.
Сумын төсвийн байгууллагууд нь бүгд шинэ байртай болжээ. Тус сумын 2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө нь нийт төсөвт өртөг, худалдан авах ажиллагаанд мөрдөх журам, тендер зарлах огноо, үнийн санал, хүлээн авах эцсийн хугацаа, гэрээ байгуулах эрх олгох болон гэрээг байгуулах, дуусгавар болгох, дүгнэх хугацаа зэрэг нь ил тод байгаа нь бусад сумаас онцлог байв.
Галт сумын иргэдтэй уулзалт хийх үеэр “Авлигатай тэмцэх газар алслагдсан хөдөөд ингэж хүрч ажиллаж байгаа нь сайшаалтай. Ялангуяаорон нутагт ажилладаг төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалт, ард иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийж байгаа нь тун чухал. Шалгах биш сургах ажил нь хамгийн эхэнд тавигдах ёстой юм шүү” гэх зэргээр санал бодлоо илэрхийлж байлаа. “Авлигатай тэмцэх газар хөдөө юугаа хийж тэнэдэг байна. Тэр хөдөөд чинь авлига байхгүй. Муусайн хөдөөнийхөн авлига гэж мэдэх ч үгүй” гэж мэдэмхийрдэг хотын зарим сэхээтний ойлголтямархан андуу болохыг сумын иргэд хэлээд өгчихнө лээ.
Шинэ-Идэр сумыг төвийн дулаантай гэхээр сонирхолтой, басхүү гоё л санагдаж байлаа.Халаалт, дулааны асуудлаа шийдвэрлэснээ дагаад ахуйн үйлчилгээгээ хөгжүүлж чадсан нь таатай. Бид “Шинэ-Идэр-Дулаан-Эрдэнэт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраар оров. 2013 оны намар байгуулагджээ. Могойн голоос нүүрсээ авдаг байна. Энэ нь 220 км-ийн газар гэсэн үг. Сүүлийн нэг сард нүүрсний чанар тааруу байгаа. Сумын айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангадаг. Жилчиг булаг нь 120 км-ийн зайтай, тэндээс татаж болох ч нүүрсний илчлэг нь Могойн голынхоос хоёр дахин бага аж. Гэвч Могойн гол цаашид ийм чанар муутай нүүрс ахин дахин нийлүүлсээр байх юм бол Жилчиг булгаас татахад болохгүй юмгүй гэж захирал С.Баянмөнх нь ярьж байлаа.
Нийтийн алба хэмээх ойлголт ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуультай уялдан шинээр нэвтэрсэн бөгөөд энэхүү ойлголтод төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд хамаарагдах болсон. Өөрөөр хэлбэл,төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд нь нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тул бусад төрийн албан хаагчдын адил Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд юм. Тиймээс Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тухайн аймагт ажиллаж байгаа төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцах, хууль эрх зүйн болон арга зүйн туслалцаа үзүүлж явав.
Шинэ-Идэр сум нь Монголын шинжлэх ухааны хоёр ноён оргилын төрсөн нутаг. Нэг нь Б.Ширэндэв гуай, нөгөө нь Б.Чимид гуай. Тийм ч олон биш хүн амтай тул цомхон, ерөнхийдөө эмх цэгцтэй сум аж. Засаг дарга нь нас залуу, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн хүн юм. Сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын байранд баримтлах үйлчилгээний стандартыг батлан мөрдүүлж, улсын төсөвт байгууллагуудын удирдлагад давхар ажил эрхлэлтийн болон хамаарал бүхий этгээдийн судалгааг гаргуулж хяналт тавин ажиллаж байгааг ажлын хэсгийнхэн онцлон тэмдэглэж байлаа.
Цэцэрлэг сум. Улаанбаатараас бараг 1000 км-ийн зайтай орших энэ сум социализмын үед буман малын баяр хийж байсан гэдэг. Сүүлийн хоёр жил дараалсан зуднаар малгүй болсон иргэд нутгаа орхин явснаас хүн ам нэлээд цөөрчээ. Мөн л төвийн дулаантай.Шинэ-Идэрийг бодвол Могойн голын нүүрсний уурхай ердөө 20 км-ийн зайтай оршдог байна. Нэлээд өндөрлөг газар, далайн түвшнээс 2941 метр хүртэл өндөр газар ч энд бий. Жилийн дийлэнхэд цастай байдаг онцлог нутаг. “Манайхан чинь Хотгойдын Чингүнжавын үр сад”гэсэн бахархал ам амнаас унах. Мөн эрдэмтэн Б.Даш-Ёндон гуай, Дарьбазарын дүрийг бүтээсэн ардын жүжигчин Занабазар гуай нараар бахархаж явдаг ажээ. Улсын хэмжээнд сумын хөгжил төсөлд хамрагдсан 16 азтай сумын нэг болсон гээд Засаг даргын орлогч Г.Галбадрах баяртайгаар мэдээлж байна. Энэ төслийн хүрээнд 5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийх бололтой юм. Тендер шалгаруулалтад оролцох олигтой аж ахуйн нэгж лав сум орон нутгийн хэмжээнд байхгүй, хотоос 1000-аад км-ийн алсад болохоор зам тээврийн зардал гээд асуудал мундахгүй л гэв. Сум ерөнхийдөө эл хуль, баргар дүнсгэр.Гарцаагүй бүтээн байгуулалт, хөгжил дэвшил шаардсан газар. Нутгаа үүрээд нүүгээд явчихгүйгээс хойш өөрсдөө идэвхтэй оролцож байж 5 тэрбумаа үр дүнтэй зарцуулах биз ээ, Цэцэрлэгийнхэн.
Тус сумын ард иргэд ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн талаар илүүтэй асууж мэдэхийг хүсч байлаа. 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 5 бүлэг, 30 зүйлтэй. Хэмжээний хувьд тийм том биш ч тун чухал асуудлуудыг зохицуулсан билээ. Энэ хуультай уялдан харьцангуй шинээр гарч ирсэн нийтийн алба гэх ойлголтод төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, дээр дурдсан төрийн болон орон нутгийн өмчит хийгээд өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд хамаарч байгаа юм. Мөн хууль тогтоомжийн дагуу, эсвэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтан гэж үзэж буй. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль нь зөвхөн төрийн албан хаагчдад хамаатай гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд нийтийн аливаа эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хэн бүхэн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэдгийг Авлигатай тэмцэх газрын ажилтнууд сургалт, сурталчилгааны явцад хэлж, танилцуулж байв. Өнөөгийн Монголын нийгэмд үгүйлэгдэж байсан харилцааг зохицуулсан хуультай болсныг иргэд олзуурхаж байлаа.
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт
Сумын төвөөсөө баруун хойно орших сүрлэг хайрхнаараа Цагаан-Уул сум нэрлэгджээ.Тахилгатай хайрхан аж. Хүн амынхаа тоогоор аймагтаа Тариалангийн дараа хоёрт ордог. Засаг дарга Д.Түмэнбаяр нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, залуу хүн гэхэд нутгийн зон олноо тун сайн мэддэг нэгэн байв. Биднийг очиход “Дэлгэр зун” спорт-урлагийн бага наадмаа зохион байгуулж байсан. Мал төллөж дууссан тул болж өгвөл сумын бүх иргэнээ бага наадамд хамруулж байгаа гэв. Бакаал жийсэн залуус одон бөмбөгөөр адтай өрсөлдөж байх нь соньхон. 1981 оноос хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуайн санаачилгаар зохиож эхэлсэн энэхүү бага наадмыг өнөөг хүртэл таслалгүй зохион байгуулж байгаа нь бахдалтай хэрэг.Цагаан-Уул сум мөнхийн цэвдэгтэй бүсэд оршдог. Хүнсний ногоо энд ургадаггүй, 7 дугаар сар гарахад л хөлдчихдөг гэж байна. Ундны ус үнэтэй, Монголд байхгүй үнээр буюу нэг литр нь 5 төгрөгөөр усаа авдаг, тэгэхдээ усаа холоос тээвэрлэж авчирдаг гэх. Анх удаа очсон гадны хүний хувьд энэ хүнд бэрх нөхцөлд ийм нутгийн эзэн болж амьдарч байгаа тэдгээр хүмүүсээр бахархахгүй байхын аргагүй гэсэн бодол тээж явлаа, би.
Хөвсгөл аймгийн бусад суманд нийтлэг ажиглагдсан зөрчил дутагдал Цагаан-Уулд ч байна. Тухайлбал, нийтийн албан тушаалтнуудыг урьдчилсан мэдүүлэггүйгээр томилсон байх аж. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албанд томилогдож буй аль ч албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хянуулах учиртай юм. Өөрөөр хэлбэл, энэ албан тушаалыг хашихад буюу нийтийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд таны зүгээс нөлөөлж болох хувийн ашиг сонирхол байгаа эсэхийг тогтоох ёстой гэсэн үг. Үүнийг урьдчилсан мэдүүлэг хэмээн нэрийдэж буй билээ. Гэтэл сум орон нутгийн удирдлагын зүгээс урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулалгүйгээр шууд тушаал гарган томилж буй нь угтаа хууль зөрчсөн үйлдэл юм.
Жалханз хутагт Дамдинбазар нэгэнтээ “Бүрэн тогтох болтугай” хэмээсэн нь хожмоо буюу 1931 онд Бүрэнтогтох сумын нэр болсон тухай домгийг нутгийн иргэнээс сонсч мэдлээ. Бүрэнтогтох хайрхны зүүн доодод шадар ван Чингүнжавын цэрэг эрсийн барьж босгосон шороон хэрэм бий. Цэрэг эрс тэнд байлдааны сургуулилт, бэлтгэлээ хийж байсан гэх. Хамгийн гайхалтай нь тэрхүү шороон хэрэмд морь мал хашихад хамраа тачигнуулаад тогтож өгдөггүй байна. Ямар гээчийн шидийн зүйл тэнд байгааг нутгийнхан өнөө хэр тааварлан ярилцдаг ажээ.
Бүрэнтогтох сум аймгийн төвөөсөө 50 км-ийн зайтай. Төвд ойр суурьшсан аль ч газрын зовлон, жаргал энэ суманд байна.Нүүдэл суудал ихтэй, төвлөрөл багатай, хөгжлөөр сулхан, хүн хүчээр дулимагхан. Юм л бол аймаг руу давхилдчихдаг тул суманд суурин тогтсон аж ахуйн нэгж гэх юм бараг үгүй. Сум хөгжүүлэх сангийн зээл хариуцсан ажилтан М.Цолмонбаяртай уулзаж, зээл олгох үйл ажиллагаатай танилцахад 2011 оноос хойш 27 төсөлд жилийн 3 хувийнхүүтэй 180 сая төгрөгийн зээл олгосон байна. Зээлийн дээд хэмжээг 20 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд зээлийн эргэн төлөлт сайн байлаа.
Бид амралтын өдрөөр тус суманд ажиллаж таарсан юм. Гэвч сумын төрийн албан хаагчид амралтын өдөр гэлгүй сургалтын урилгыг найрсгаар хүлээн авч, идэвхтэй оролцсон билээ. Тэд өмнө нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж байгаагүй гэдгээ хэлж байв. Тиймээс сургалтын явцад нийтийн албан тушаалтнуудад тавигдах 12 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар илүүтэй асууж байсан юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар бүлэг нь тэр чигтээ нийтийн албан тушаалтнуудыг ямар зан үйлээс сэргийлж ажиллах учиртайг зохицуулж өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь албаны шугамаар олж авсан мэдээллийг амин хувьдаа ашиглах, өөртэйгөө болон гэр бүлийн гишүүдтэйгээ холбоотой шийдвэр гаргах, үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр авах, албан үүрэгтээ хамааралгүй элдэв зар сурталчилгаанд оролцох, бусдаас хууль бусаар бэлэг, хандив авах, хуулиар зөвшөөрөөгүй давхар ажил эрхлэх, аливаа шийдвэр гаргалтад нөлөөлөх, албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа өмнө харилцаатай байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах зэргийг хориглосон, хязгаарласан заалтууд бий юм. Бүрэнтогтох сумын иргэн Ц.Ганбаатар “Хууль хэрэгжээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад манай сумын төрийн албан хаагчид энэ хуулийн талаар мэдээгүй байна гэдэг тун харамсалтай. Ямар ч эрсдэл, аюулд ороход бэлэн байна гэсэн үг. Хууль мэдэхгүй байна гэдэг хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж саналаа хэлж байлаа. Тийм ээ, хуулиа мэдээгүйн улмаас ашиг сонирхлын зөрчил, цаашлаад албан тушаалын гэмт хэрэгт холбогдчихоод шүүгчийн өмнө очиход толгойг тань илээд гаргахгүй нь тодорхой.
Аймгийн төвөөс гарч, Хатгал орох засмал замаар давхиж, төдөлгүй Эрхэл нуурын урд талаар өнгөрөн явсаар Арбулаг суманд явж очив. Шүдлэн говь шиг нутаг юм уу гэж саналаа.Бас нэг тийм хангай гээд оноон нэрлэчихэд бэрх. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эртний түүхийн дурсгалаар элбэг юм билээ. Манжийн ноёрхлын үед нэг гүйцэд сумын алба үүрэг гүйцэтгэж явсан Эрдэнэ бишрэлт Засагт хан аймгийн Ахай бээсийн хошууны төв нь байсан газар ажээ. Халх, хотгойд, дархад, урианхай гээд олон үндэстэн, ястан суурьшсан бөгөөд хүн амын нягтралаар хамгийн өндөр сумын нэг.
Орон нутагт хандивын асуудал нэлээд эмзэг. Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийн 17 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдээс бэлэг, санхүүгийн бусад туслалцаа авахыг хориглоно хэмээн заасан билээ. Дан ганц Хөвсгөл ч гэлтгүй өөр бусад аймгийн хувьд сумын удирдлагууд нь нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдээс хандив нэрээр хахууль нэхсэн зүй бус үйлдэл нэлээд байгааг Авлигатай тэмцэх газар шалгаж шийдвэрлээд байна.Төсөв хөрөнгө хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар хандив авах нь өөрийгөө хууль зөрчсөн үйлдэлд оруулжбайгааг ажлын хэсгийнхэн очсон газар бүртээ, уулзсан албан тушаалтан бүхэнд хэлж, сануулжявав. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь бүхэлдээ хааж хориглосон хэм хэмжээ биш юм. Зөвшөөрсөн тодорхой тохиолдлууд бий. Энэ тухай нийтийналбан тушаалтнуудад нэгбүрчлэн ярьж танилцууллаа.
Арбулаг сумаас баруун тийш 40 гаруй км давхиадбайгалийн өвөрмөц, нэн сүрлэг тогтоц руу яваад орчихов. Энэ бол Баянзүрх сум. Бодолхийлсэн өвгөд шиг дүнсгэр, арсгар барсгар хад асга бүхий сүрдэм уулсын дундах замаар явсаар сумын төвд орж ирлээ. Бэлчээрийн нөөц багатай, хад асга бүхий уулстай болохоор ч тэр үү нутгийн иргэд нь малын эрхээ дагаж нүүдэллэн явдаг ажээ. Цагтаа Тариалан сумынх шиг 6000 гаруй хүн амтай байжээ. Уулс нь шохойн чулуудтай. Гурван баян уул бий, мөнөөх уулын орой нь зүрх хэлбэртэй тул Баянзүрх хэмээн нэрийдсэн хэмээн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Дэлгэрсайхан ярилаа.
…Сурнагийн цэцэг ягаараад
Суусан нутаг санагдаад
Далийн цэцэг ягаараад
Дассан нутаг харагдаад гэж нутгийн ардууд дуулалдана.
Явах замд дархадын цагаан адуу бэлчиж тааралдах. Уналга ачилганд илүүтэй тохирсон энэ адуу хурдаар бага ч биеэр бахим. Хүн авирахад бэрх Бошлой хадны баруун доор Бэлтэсийн гол Дэлгэрмөрөнтэй нийлдэг. Бэл тийш урсах гэдэг үгийн хувирал Бэлтэсийн голын нэрийг бий болгожээ. Хадан уулс нь гайхамшигтай. Үнэхээр үлгэрийн гэмээр нутаг юм аа. Бошлой хад нь өнчин Бошлой хүүгийн хайр сэтгэлийн домгийг он жилүүдийн уртад хадгалан оршино. Ноёны охинд хайр сэтгэлтэй болсон Бошлойг мөнөөх бэрх хадны нэгэн агуйд хорьж орхиж. Бошлой өвлийн туршид бүргэдийн хоёр дэгдээхий тэжээн хоёр улирал дамнан гаршуулааднамар нь шувууддаа зүүгдэн нисч агуйгаас оргожээ.Бэр буусан хуримнаас хайрт бүсгүйгээ оргуулан хил давж, Тувагийн зүгт зугтан одсон гэдэг.Өвөрмөц тогтоцтой хадан уулсын дунд сонин жигтэй, заримдаа оньсого таавар мэт нууцлаг зүйл ч элбэг. Борооны дараа555 гэсэн бичиг хадан дээр тодрон үзэгдэх бөгөөд мэдээж үүнийг хүний гараар сийлээгүй гэх. 400 гаруй хонь элбэг багтах агуй ч байдаг байна.
Баянзүрх сум баяр наадам зохион байгуулахтай холбоотой төсвөөс гарах санхүүжилтийн жишиг дээд хэмжээг хэтрүүлэн, сумынхаа 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ 35 сая төгрөгөөр баталж зарцуулсан нь Засгийн газрын 271 дүгээр тогтоол болон Төсвийн тухай хуулийг тус тус зөрчжээ.Ер нь баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой зөрчил Хөвсгөл аймгийн бүх суманд нийтлэг байна.Өөр нэг суманд орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд тусгасан 10 сая төгрөгийг баяр наадамд зарцуулсан байх жишээтэй.Түүгээр ч зогсохгүй орон нутгийн нөөц хөрөнгөнөөс орон нутагт ажилласан дөрвөн яамны мэргэжилтнүүдийн байр, хоолны зардалд 430 мянган төгрөг зарцуулсан сум ч байна. Энэ мэтээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулсан зөрчил нэлээд илэрсэн юм. Авлигатай тэмцэх газар нь хуулиар харьяалуулсан 10 төрлийн гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрийн нэг нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийг таслан зогсоохын төлөө ажилладаг билээ.
Бошлой хад
Алтрагийн голыг 13 удаа туулан, сүлжин явсаар Дархадын хотгороор давхин, ондуул сондуул бүхий намагт хөндийгөөр гэлдрүүлсээр Өлийн даваанд хүрч ирлээ. Өлийн давааны 13 овоог өнгөрмөгц Монгол Улсын газрын зургийн хойд гурвалжин руу ороод явчихаж байгаа нь тэр. Энд дархан цаазтай газар нутаг руу нэвтэрснийг сануулсан самбар пайз олон. Алсаас Хорьдол сарьдагийн ноён оргил Дэлгэрхааны мөнгөн орой яг л Альпийн нурууд мэт сүр жавхлантай харагдана. Бид Улаан-Уул суманд ирээд байгаа нь энэ. Газар нутаг том. Сургууль, хилийн застав, сум дундын эмнэлэг гээд нэлээд төвлөрч байгаа сум. Өнгөлөг, жавхаатай харагдана. Газар нутгийн 70 гаруй хувь нь тусгай хамгаалалттай. Олон мундаг тэшүүрчнийг төрүүлсэн нутаг ажээ.Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна лээ. Ардын хувьсгалын жилүүдэд ардууд сумааХорьдол сарьдагийн ноён оргил Дэлгэрхаанаараа нэрлэе гэхэд хаан маан гээд хаант засгийг санагдуулах гэлээ гэсэн хатуухан эсэргүүцэлтэй тулгарчээ. Харинуул олонтой юм, улаан хувьсгал ялсан юм гээд Улаан-Уул гэж нэрийдсэн гэх хөгтэй түүхийг өндөр настанЧ.Батчулуун гуай сонирхуулан ярилаа.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид иргэдтэй хийсэн уулзалтын үеэр авлигын мөн чанар, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийн талаар сурталчлан мэдээлж байв.Авлига бол хээл хахууль, шан харамжийн шинжтэй үйлдлүүдийг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм. Авлигын олон хэлбэрээс хамгийн том нь хээл хахууль бөгөөд түгээмэл тархсан өөр бусад хэлбэрээр шан харамж, бэлгийг нэрлэдэг байна. Өнөөдөр бид эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа хээл хахуулийн тухай сайн мэддэг, гэвч үүнээс дутуугүй хор хөнөөлтэй нь шан харамж болох тухай иргэдэд мэдээллээ. Шан харамж нь албаны үүргээ зохих ёсоор биелүүлсний төлөө хэн нэгэн этгээдээс хувьдаа авч буй материаллаг болон материаллаг бус зүйл юм. Өөрөөр хэлбэл, угаасаа хийх ёстой ажлаа хийсний төлөө жирийн иргэний халаасыг өдөр тутам тэмтэрч суугаа төрийн албан хаагчдад шууд хамаатай асуудал.Шан харамжийг нэг муу набортой адилтган үзэж “Авлигатай тэмцэх газар нэг муу набортой тэмцдэг” гэх мэтийн зориудын мушгиа, тэнэмэл үгс авлигыг хор хөнөөлийг улам л дэлгэрүүлнэ гэхээс хумихгүй.Хийх ёстой ажлаа хийж, түүнийхээ төлөө цалин хүртэж, үнэхээр сайн ажиллаж байгаа бол зөвхөн төрөөс шагнал урамшууллаа авах учиртай дундаж түвшний төрийн албан хаагчдын шан харамж горьдсон зүй бус үйлдэлтэй Авлигатай тэмцэх газар улам шаргуу тэмцэх хэрэгтэй гэж Улаан-Уул сумын ард иргэд саналаа хэлж байсан юм.
Бидний дараагийн очсон сум Рэнчинлхүмбэ.2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 9 цагт гэрэл цахилгаантай болсон, түүнээс өмнө моторын дуунаар л сумын төв амь ордог байсан аж.Эмэгтэй Засаг даргатай юм билээ. Э.Ёндон гэж энэ сумыг бүтээн босгосон төр, нийгмийн нэрт зүтгэлтний алдрыг мөнхжүүлж, хөшөөг нь захиргааны байрны урд босгожээ. Рэнчинлхүмбэ далайн түвшнээс дээш 1500 метрт оршдог. 300 шахам нуур, 50 гаруй гол бий бөгөөд хамгийн том нь Шишгидийн гол юм. Өвөлдөө хасах 50 хэм хүрч хүйтрэх нь ч бий. Энд жилийн дөрвөн улирал нэг өдөрт болох бол юу ч биш. Өглөөгүүр найртай зун байснаа өдөр тийшээ хуйсгануур хавар, оройхон уйтай намар залгаад, шөнө нь цасан өвөл болчихдог гэж байна. Хүмүүс нь тэр уур амьсгалдаа бүрэн зохицсон аятай. Дархад зон ер нь тийм нүүрэмгий, яриа хөөрөө сайтай ажээ.
Баяр наадам тэмдэглэхээс гадна уул овоо тахих, суварга босгох нэрийдлээр зарим нэр бүхий нийтийн албан тушаалтнууд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив авсан зөрчил энэ суманд байна. Түүнчлэн өөрийгөө шагнах тушаал шийдвэр гаргасан албан тушаалтан ч байв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрөө өөртэйгөө холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахаас ямагт зайлсхийх бөгөөд өөртэйгөө болон хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой шийдвэр гаргах зайлшгүй нөхцөл байдалд орвол ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглөсөн байх ёстой юм.Зарим суманд нөхөр нь эмнэлгийн дарга, эхнэр нь эмчээр ажилладаг агаад энэ тохиолдолд нөхөр нь өөрийн удирдлагад ажиллаж байгаа эхнэрийнхээ талаарх захиргааны шийдвэрийг гаргахгүй байх, гаргахаас аргагүй нөхцөлд хуулийн 8 дугаар зүйлд зааснаар ашиг сонирхлын зөрчил үүссэн тухайгаа дээд шатны албан тушаалтандаа мэдэгдэж, түүний удирдлага, хяналтын дор уг шийдвэрийг гаргах зэрэг зохицуулалт бий.
Гурвансайхан хайрхны оройгоор нар жаргахаас өмнө Цагааннуур суманд хүрч очив. 1600 гаруй хүн амтай жижиг сум. Хуурай газар багатай. Газар нутгийн нь ихэнхийг нуур ус, тайга, ой мод эзэлнэ. Мөнөөхөн 1600 гаруй хүний 700 орчим нь цаатан. Тэд тайгын мөнгө гэж авна. Насанд хүрсэн цаатан 140 мянга орчим, хүүхдүүд нь 70 мянгыг сар бүр авдаг байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар олгодог болсон энэ мөнгийг ухаалаг зарим нь банкинд хадгалуулчихсан гэж ярьж байна.Одоогийн байдлаар 370 цаатан тайгын мөнгө авдаг ажээ. Цагааннуур сумыг анх 1985 онд цагаан загас, цаа бугын үржүүлэг, үйлдвэрийн зориулалтаар барьж босгосон. Түүнээс өмнө Рэнчинлхүмбэ сумын нэг баг байжээ. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн хамгийн залуу сум аж.Загасны хоббитой хүмүүсийн сайн мэдэх Цагааннуураар энэ сум нэрлэгджээ. Сумынхаа төвд нуур нь оршино. Цагааннуур цагаан загасаараа баян байв. Сүүлийн үед ихэд ховордсон цагаан загасыг агнахыг хориглосноос хойш овоо өсч байгаа ч хар галуу гэх нэг том дайсан гарч иржээ. “Яг л чоно шиг шүү дээ” гээд нутгийн иргэн толгой сэгсэрч байна. Сумынхан ямартаа л хэнгэрэг дэлдэж, хий буу тавих зэргээр хөөж туудаг гэнэ. Хар галуу хүнээр бол цэрэгжсэн, нарийн зохион байгуулалттайгаар ангаа барьдаг гэх. Эхний эгнээ нь ус руу шумбаад гарч ирмэгц дараагийнх нь залган шумбах жишээтэй. Цагаан загасыг түрсээ шахах үед харгиан дунд сүрэглэн бууж агнадаг тухай нутгийн иргэд харамсан ярьцгааж байв. Байгаль хамгаалагчид хар нугасыг агнаж болохгүй, нэг төрөл зүйлийг хамгаалахын тулд нөгөөг нь устгаж болохгүй гэж үздэг байна.
Цагааннуурын заставыг улсын төсвөөр бариагүй, цэвэр аж ахуйн аргаар, өөрсдийн дотоод нөөц бололцоогоор бүтээн босгосон гэж байна. Газар нутгийн байрлал, хүн амын бүтцийн онцлогоос хамааран эндхийн хилчдийн ажлын нөхцөл хүнд бэрх. Цаатнууд хилийн цаана ах дүү нь байх тул хил зөрчих бол дур зоргынх. Хилийн зурвасаас 15 км-ийн дотор нутаглаж байгаа цаатан айлуудыг бүгдийг хяналтдаа авдаг. Бас болоогүй, хариулгагүй орхисон малыг ньадгуулах, эзэнд нь загнуулах гэхчлэн хэдэн бор хилчдэд алба үүргээс нь гадуурх дарамт олон ажээ.Хилийг 4-11 дүгээр сард эргэж харна, бусад хугацаанд байгаль нь өөрөө маначихдаг байна. Дүн өвлөөр хүн байтугай мал ч явах боломжгүй байгаль цаг уурын нөхцөл үүсдэгээс тэр.
Цаа, цагаан загас, цаатан, харлаг булганы өлгий нутаг Цагааннуур сум Улаанбаатар хотоос 1030 км-ийн алсад оршдог боловч зориод очиход сонирхолтой нутгийн нэг гарцаагүй мөн.Цагааннуурын эрэг дээр байгуулсан лабораторидоо Францын иргэн, загасны мэргэжилтэн Пиам тул, хадран, зэвгэ гэсэн гурван төрлийн загасыг гурав дахь жилдээ үржүүлж байна лээ.
Цагааннуур суманд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт бусад сумдын адил нийтлэг байсан бөгөөд цаашид гарсан зөрчлийг арилгаж, дахин давтахгүй байх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах талаар арга зүйн туслалцааг газар дээр нь үзүүлэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд уг хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар нарийвчлан заасан байдаг талаар сумын төрийн албан хаагчдад дэлгэрэнгүй танилцуулж мэдээллээ. Энэ хуулийн онцлог нь шүүгчээс захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь эрх бүхий албан тушаалтнаас сахилгын шийтгэл ногдуулахыг хязгаарлах үндэслэл болохгүйд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээрх төрлийн хариуцлага, шийтгэлийг давхардуулан оноож болно гэсэн үг. Хууль зөрчсөн этгээдэд нийтийн албанаас халах, хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлэх, байгуулсан гэрээ, контракт, зөвшөөрлийг хүчингүй болгох, торгох, сануулах, цалингийн хэмжээг тодорхой хувиар бууруулах, албан тушаал бууруулах зэрэг хариуцлага, шийтгэл ногдуулахаар заажээ.
Төрийн байгууллагуудын даган мөрдөж байгаа онц шаардлагагүй дүрэм, журмууд нь иргэдэд ихээхэн саад тотгор учруулдаг бөгөөд үүнээс улбаалсан хүнд суртлыг гэтлэн давах хүсэл нь хээл хахууль, авлигын нэгэн нөхцөл, шалтгааныг бүрдүүлдэг билээ. Тиймээс авлигыг таслан зогсоох, хор хөнөөлөөс нь урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааны нэг хэсэг нь төрийн байгууллагад мөрдөгдөж буй хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журмыг нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгуулах ажлыг Авлигатай тэмцэх газар хот, хөдөөд зохион байгуулсаар байна. Хэн нэг нь авлига, албан тушаалын гэмт хэргийг үйлдсэний дараа биш харин ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд орохоос өмнө урьдчилан сэргийлэх нь хамгаас чухал. Гэрээ шатаасай гэж хэн ч хүсдэггүйтэй адил тийм л энгийн ойлголт юм шүү дээ.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажилласан тухай аян замын тэмдэглэлээ үүгээр өндөрлөж байна. Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тува хэлний багш мэргэжилтэй Х.Ялалтын ярьснаар Хөвсгөл хэмээх нь Хөг сүг хөл хэмээх тува үг ажээ. Гүн цэнхэр ус гэсэн утга агуулах энэ үг хэдийгээр монгол хэлэнд судлагдаагүйгэх боловч газар нутаг нь, нуур далай нь,хүн ард нь, зан заншил, итгэл найдвар, хүсэл эрмэлзэл нь Монголынх билээ. Эх болсон нутаг орондоо эзэн сууж, энх амар жимэр амьдрах хүсэл бүгдэд бий.
Т.МӨНХТУНГАЛАГ
2014 оны 5 дугаар сар