Гомдомхой юм, хөөрхий

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Гомдомхой юм, хөөрхий

УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН-аас Говь-Алтай аймагт өрсөлдөн ялалт байгуулж гишүүн болсон нэг эрхэм бол Жадамбаагийн Энхбаяр. Аавыг нь дэслэгч генерал байснаар нь хүмүүс их сайн таньдаг. Харин түүнийг шазруун зантай гэдгээр нь нэлээд гадарлах байх. УИХ-ын гишүүд дотроо бол тэр нас өтөлд орохгүй нь мэдээж. Гэхдээ Э.Бат-Үүл гишүүнтэй “мөчөөрхөж” байгаа юм шиг сүүлийн жилүүдэд, мэдэгдэхүйц цайж байгаа үс нь түүний гишүүн болсоноос хойшхи имиж. Уг нь түүний хэлж байгаа үгний цаад санаа нь их зөв байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хур­лын үеэр хэлсэн үгнээсээ буцаж, бууж өгсөн сурагтай. Тэрбээр нэгэн сонинд “Ц.Нямдорж сайд шиг улс төрд нөлөө бүхий хүмүүст халдаж чадахгүй байж Д.Зоригт сайд шиг залууст халдаж байгаа нь буруу” гээд хэлчихэж. Гэтэл Ц.Нямдорж сайд энэ үгийг нь өлгөж аваад нөхрийг жаахан “чимхсэн” дэг ээ. Манай хүн ч үүнд нь барьц алдаад өдөр тутмын сонинуудад өчигдөр ярилцлага “бөөндчихсөн” байгаа харагдсан. Яг л аав ээждээ хов мэдүүлж байгаа хүүхэд шиг.  Сайдын ганц чимхэлтэнд яасан их сандарч гүйнэ вэ. Аливаа асуудалд байр суурьтай хандах, дуугүй өнгөрөх үе гэж байдаг. Ядахдаа л мань эр чинь дэслэгч генералийн хүү шүү дээ. Гэтэл сандраад тэвдээд байх юм. Бас “Ах нартаа загнуулсан, Загнуулалгүй яах вэ. Загнуулж ч байгаа” гээд нэг их “гомдол” мэдүүлсэн байв. Тэр ярилцлагыг нь уншаад олон хүн түүнийг өрөвдсөн нь дамжиггүй. “Ингэж байхаар больчихооч дээ” гэж хүн ч байсан байх. Ямартай ч Ц.Нямдорж сайдын чимхэлт Ж.Энхбаяр гишүүний үнэн төрхийг харуулж чадлаа.

Б.Энхмөнх

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж