Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хобби юу вэ?
Спорт
Шинийг эрэлхийлэгч
“Би зүгээр л шинэлэг зүйлд дуртай. Шинэ бүхнийг эзэмших дуртай. Үүнээс би таашаал авдаг” гэж тэр ярьдаг.
Самбо ба жүдо
Улстөрчид хэрэгтэй чадвар, дадал, мэдлэгийг дорнын тулааны урлаг өгдөг гэж Владимир Путин үздэг. Жүдогоор хичээллэх нь нь биеийн хөгжил ухааны дасгал гэж тэр үздэг. Жүдо хүч, мэдрэмж, тэвчээрийг хөгжүүлэхээс гадна өөрийгөө захирах, агшныг онцгой мэдрэх, өрсөлдөгчийнхөө давуу болон сул талыг харах, дээд амжилтын төлөөх эрмэлзэл, өөртэйгөө ажиллах чадварт сургадаг гэж тэр хэлдэг.
Санкт-Петербург дэх спортын “Московский” цогцолборт Путин очиж бөхчүүдтэй хамт бэлтгэл хийлээ
Путин 11 настайгаасаа самбо, жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. Жүдогийн спортын мастер цолтой. Тэрбээр 2006 оны есдүгээр сард Европын жүдогийн холбооны хүндэт ерөнхийлөгч болсон ба 2010 онд Өмнөд Солонгосын Ёнины их сургуулийн “Жүдогийн доктор” гэсэн хүндэт дипломоор шагнуулжээ.
Путин Санкт-Петербург хотын самбо бөхийн нэг биш удаагийн аварга бөгөөд энэ тулааны төрлийн спортын мастер цолтой. Каратегийн хар бүстэй.
Уулын цана
Уулын цанын спортыг эртнээс сонирхжээ. “Уулын цана нь алжаалаа тайлан идэвхтэй амарч, биеийн формоо барих, эрч хүчийн цэнэг өгдөг” хэмээн Путин үздэг. Эрхүү мужид богино хугацаанд амрахдаа “Байкальская” спортын баазад цанаар гулгаж амарчээ
Хоккей
“Золотая шайба” хүүхдийн тэмцээний өмнө тэдэнтэй хамт дасгал хийжээ. 2011 оны хоёрдугаар сард Туркт болсон Универсиад наадамд оролцогсдод хандан тэшүүрээр гулгаж сурна гэж Путин амлаж байв. “Бөхийн спортоор хичээллэж байхдаа нэг удаа гулгах гэж үзсэн юм” хэмээн тэр дурсчээ. Ингээд тэрээр амласныхаа дагуу бэлтгэл хийж эхэлсэн байна.
Нэрт хоккейчин Алексей Касатоновын удирдлагаар тэр хоёр сар хичээллэсэн. Ингээд 2011 оны дөрөвдүгээр сарын 15-нд тэр залуу хоккейчидтай хамт бэлтгэл хийн эсрэг багийнхаа хаалганд хэд хэдэн гоол оруулжээ.
Амьтан хамгаалах
Амьтдыг ажиглах дуртай. Тэрбээр Оросын Газар зүйн нийгэмлэгийн Ан амьтан халамжлах зөвлөлийн даргын сонгуультай. Түүний хяналтан дор Амурын бар, цагаан халим, цагаан баавгай ба ирвэс хамгаалах ажил явагдаж байна.
Владимир Путин бар судлах ажилд нь оролцон тайгад эрдэмтдийн хамт очлоо.
2008 оны наймдугаар сард Путин Уссурийн дархан цаазат газар очин хиймэл дагуулын навигацтай хүзүүвчийг Амурын баранд зүүлгэв. Мөн тэр үеэр саарал халим судлах эрдэмтдийн аянд оролцсон ба Даша нэртэй халиманд ГЛОНАСС-ын төхөөрөмжийг зүүж байв. 2010 онд Франц-Иосифийн ольтриг очин цагаан баавгайг хамгаалах арга хэмжээнд оролцжээ. 2011 онд тэрбээр ирвэс судлах ажиллагааг дэмжсэн юм.
Жолооны ард
Адлер-Красная Поляна хонгилийг нээх ажиллагаанд 1956 онд үйлдвэрлэсэн ГАЗ-21 “Волга” машинаараа очив.
Анхны автомашин
Их сургуулийн гуравдугаар курст байхад нь ээж нь хонжворт сугалаагаар “Запорожец” машин хожиж, машинаа хүүдээ бэлэглэжээ. Путин одоо ч Оросын үйлдвэрийн машиныг илүүд үздэг.
“Лада-Калина”
Чита–Хабаровскийн шинэ замыг “Лада-Калина” машинаар шалган үзэж байлаа.
“Сайн машин, би гайхаж байна. Ийм байна гэж бодоогүй, дуу чимээ багатай, дажгүй хүчтэй, тав тухтай машин байна” гэж дараа нь Путин хэлж байлаа.
“Волга”
2005 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийг 1956 оны “Волга” (ГАЗ-21) машинаараа зугаацуулж байв.
“Нива”
“Нива” машиныг 2009 онд худалдан авсан. Туркийн ерөнхий сайд Эрдагоныг энэ машинаараа угтаж авсан юм.
Амралт
Залуугаасаа идэвхтэй амралтыг эрхэмлэж иржээ. Тэр төрийн алба, идэвхтэй амралтыг хослуулж чаддаг хүн.
Загасчлах
Загасчлах нь Путины дуртай амралт. “Би загасчлах дуртай. Харамсалтай нь цаг гарахгүй байна. Гэхдээ заримдаа ажил тус болдог. Тэгээгүй бол би хоёр ерөнхийлөгчийн хамт АНУ-д загас барьж чадахгүй л байлаа. Гэхдээ үнэнийг хэлбэл, дэлхийн хамгийн сайн загасчлал манай Мурманск муж, Ижил мөрний цутгаланд байдаг” гэж Путин ярьсан юм. Тувад загасчлах бас дуртай. Нэг өдрийн амралт авч тэнд загасчилж байлаа.
Морь унах
Морь унан амрах дуртай. Хакаст морь унасан зураг нь нэлээдгүй тархсан байдаг. Тувад мориор малчин айлд очиж байжээ.
Уулын голоор завиар буух
Алтай, Тувад уулын голоор уруудах завийн аялал хийж үзсэн. Охидуудын хамт Алтайд голоор бууж байжээ. Алтайд нэгэн удаа чимээгүйхэн нисч очоод голоор рафтинг хийж явахдаа эрэгт гурван эрэгтэйг харжээ. Тэд Путиныг таниад архи ууж байснаа “Владимир Владимирович, аягалах уу?” гэхэд нь “Би яарч явна, амжихгүй нь” гэхэд тэд “За, яахав, тэгвэл таны эрүүл мэндийн төлөө” гээд хундгаа өргөсөн тохиолдол байдаг. “Тэнд зогсоод л намайг хүлээж байсан юм шиг” гэж Путин дурсчээ.
Бэлтгэсэн: Ш.ШАРХҮҮ