Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлал, угтах ёслолын гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү!
20:30 цаг.
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө.
18:00 цаг.
Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, хэлэлцээ хийн, баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай үдийн зоог барив. Халх голын байлдаанд оролцсон хүмүүсээс Монголд 34 хүн эдүгээ энх тунх амьдарч байна. Харин Оросоо таван ахмад дайчин энх тунх байдаг ажээ. Үүний дараа Халх голын байлдаанд оролцсон баатрууддаа ОХУ-ын ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлж, Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө.
Гэрэл зургийг Э.ЧУЛУУН
17.50 цаг.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр орны ерөнхийлөгч нар хэвлэлийн бага хурал хийлгэсэн бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
Халх голын байлдаанд Монгол Оросын цэргүүд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулан Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаадаа баяртай байна. Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд худалдаа, аж үйлдвэрлэлийн салбарт цаашид хэрхэн ажиллах талаар ноён Ц.Элбэгдорж бид хоёр ярилцах болно. Хамтын ажиллагааны хүрээнд шинээр үйлдвэрлэлийг бий болгох, худалдааг хөгжүүлэх, уламжлал харилцааг сэргээх талаар анхаарч ажиллах юм. Орос, Монгол хоёр орны хувьд хамтын ажиллагааны арвин туршлага бий. Хоёр улсын хамтарсан компани бллох Эрдэнэт үйлдвэр гэхэд Монголын ДНБ-ий 20 хүртлэх хувийг дангаараа хангаж байна. Агаарын тээврийн салбарт хамтарч ажиллана. Хоёр улсын хувьд харилцан визгүй зорчих талаар шийдвэрлэлээ.
Хэлэлцээрийн явцад Монгол, Орос хоёр улсын гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах талаар эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж хэллээ. Манай улсын зах зээлд нийлүүлж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд татварын хязгаарын цуцлах талаар бид дахин ярмилцах болно. Мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага хангасан тохиолдолд Монголоос хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлох бүрэн боломжтой гэв.
17.30 цаг.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ОХУ-ын Төрийн думын гишүүн, Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба экологийн асуудлаарх байнгын хорооны орлогч дарга М.В.Слипенчукыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. М.В.Слипенчук нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалд багтсан юм.
17.20 цаг.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар хамтарсан мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Айлчлалын хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийж, чухал асуудлыг шийдвэрлэж чадлаа. Үүнд дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, гурван улсын харилцааны талаар санал солилцож өргөн ойлголцолд хүрлээ. Энэ удаагийн айлчлалын цаг шахуу ч өндөр агуулгатай болж байна. Хоёр улсын Засгийн газрын яамд хооронд болон аж ахуйн нэгжийн хооронд нийт 15 хэлэлцээр, проткол, санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд хоёр улсын иргэд Харилцан визгүй зорчих асуудлыг шийдлээ.
16.20 цаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны хэлэлцээ дуусч, дараах 15 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд,
- Иргэдийн харилцан зөрчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай гүйцэтгэх протокол
- Ойг гал түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Монгол Улсын Хууль зүйн яам, ОХУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр
- Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
- Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр
- Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг
- Монгол Улсын иргэдийг газрын тосны “Роснефть” НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, газрын тосны “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын хэлэлцээр
- Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол
- Монгол Улсын Сангийн яам болон Холбооны төрийн сан /Оросын төрийн сан/ хоорондын техникийн хамтын ажиллагааны санамж бичиг
- Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Монгол Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлагийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
- “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг багтаж байна.
15.10 цаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны хэлэлцээ эхэллээ. Хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс гурван багц сэдвийн хүрээнд 13 гэрээнд гарын үсэг зурна.
Ингэхдээ,
Нэгдүгээрт, төмөр замын багц асуудал. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг хөндөн ярилцана. Мөн хоёр улсын хувь нийлүүлсэн “УБТЗ”-ын 1949 онд байгуулсан нууц гэрээг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, “УБТЗ”-ыг хос төмөр замтай болгох, дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах талаар ярилцах юм. Түүнчлэн Хятадаас Европ руу, Оросоос Хятад руу гарах бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулах талаарх асуудал ч хөндөгдөх аж.
Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх багц асуудал багтаж байна. Монголоос Орос руу экспортолж байгаа мах, махан бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлэх саналыг Монголын зүгээс тавихаар болжээ.
Гуравдугаарт, ОХУ руу гаргаж байгаа барааг квотгүй болгох багц асуудлыг ярилцах юм байна. Мөн хоёр улсын төв банк хооронд рубль, төгрөгийн своп хэлэлцээр хийх талаар хэлэлцэх аж. Түүнчлэн хоёр улсын хооронд визгүй зорчих асуудлыг энэ үеэр ярилцана.
Түүнчлэн,
-Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээр
-Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протокол
-ОХУ-ын төрийн өмчит "Роснефть” компани болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол иргэдийг сургах талаарх гэрээ
-"Оросын төмөр зам" болон Зам, тээврийн яам Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээ
-Хоёр улсын дунд 30 хоногийни хугацаатай харилцан визгүй зорчих гэрээ
-"Аэрофлот" болон МИАТ компанийнхан харилцан ойлголцлын санамж бичиг
-"Орос улс өнөөдөр" агентлагтай Монголын Үндэсний Олон Нийтийн радио хамтран ажиллах зэрэг санамж бичгүүдэд гарын үсэг зурах аж.
14.50 цаг
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаатай холбогдуулан түүнийг угтах ёслол Чингисийн талбайд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочноо угтан авлаа.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр 13.00 цагаас онцгой үүргийн нислэгээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр гурав дахь удаагаа Монголд айлчилж буй нь энэ юм.
В.Путин нь 2000 онд ерөнхийлөгч байхдаа Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа мөн айлчилж байсан. Тэрбээр гурав дахь удаагаа Монголд хөл тавьж буй нь энэ бөгөөд айлчлалынх нь үеэр хоёр улсын хооронд 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Тодруулбал, хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээс гадна УБТЗ-ын нууц гэрээг шинэчлэх асуудал сөхөгдөх бол рубль, төгрөгийн своп хэлэлцээр байгуулна гэсэн мэдээлэл байна. Тэрбээр Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай хамт зоог барихаар төлөвлөж байна. Хугас өдрийн төлөвлөгөөтэйгөөр Монголд хийж буй В.Путины ажлын айлчлал төрийн айлчлалын хэмжээнд үнэлэгдэж байгааг албаны хүмүүс онцолж байна.
14.26 цаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийхээр Улаанбаатарын цагаар 14.25 цагт Монголд газардлаа. Түүний тусгай үүргийн онгоц 12:40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсон юм. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг угтлаа.
ОХУ-ын ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс багтжээ.
Яг одоо Сүхбаатарын талбайд хүндэт харуулууд байраа эзэлж, дипломат төлөөлөгчид болон албаны хүмүүс ОХУ-ын ерөнхийлөгчийг угтаж авахад бэлэн болоод байна.
14.05 цаг.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч, ноён К.А.Дмитриевийг хүлээн авч уулзлаа. Тус сан нь ОХУ-ын төрийн мэдлийн баялгийн сан бөгөөд 2011 онд В.В.Путины санаачилгаар улс орны хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалт хийх зорилгоор байгуулагдсан юм байна.
14.00 цаг
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж өнөөдөр ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.О.Ромодановскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох боломжийн талаар санал солилцлоо.
13.50 цаг.
Яг одоо Төрийн ордноос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхлээд байна. Чингисийн талбайн ойролцоох өндөр барилгуудад мэргэн буучид байраа эзэлсэн нь харагдаж байгаа бол тун удахгүй төв талбайн эргэн тойрны явган зорчигчдын хөдөлгөөнийг ч хаахаар зэхэж байна.
12.00 цаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц буух хугацаа бага зэрэг хойшилжээ. Төлөвлөснөөр бол түүний ирэх тусгай үүргийн нислэг Улаанбаатарын цагаар 12.40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардах байсан юм.
Албаны хүний хэлснээр онгоц 14.10 цагт Монголд газардахаар болжээ.
10.50 цаг.
Айлчлалын үеэр замын хөдөлгөөний болон иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийхээр төлөвлөсний дагуу өнөөдөр 12.00 цагаас эхлэн айлчлалын бүрэлдэхүүнийг Төрийн ордонд ирэх хүртэлх хугацаанд буюу 13.30 цаг хүртэлх хугацаанд Төрийн ордноос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Түүнчлэн үдээс хойш 15.00-17.30 цагийн хооронд Төрийн ордоноос Жуков хүртэлх замыг, хаах бол үргэлжлүүлэн Жуковоос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх урсгалын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.
09.20 цаг.
Батлан хамгаалах яаманд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд А.В.Бахиныг хүлээн авч уулзаж байна.
Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын зэвсэглэл техникийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийх юм. Энэ үеэр Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх аж.
09.00 цаг.
Айлчлалтай холбогдуулж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхэллээ.
Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 13.00 цагт Монголд хүрэлцэн ирнэ.
Оросын хэвлэл мэдээллийн эх сурвалжуудын мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, төрийн өмчийн РЖД буюу “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарыг төлөөлж Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, хөнгөн цагаан үйлдвэрлэлийн “Русал” компанийн тэргүүн Олег Дерипаска нарын хүмүүс багтжээ.
В.Путины Монгол дахь айлчлалын хөтөлбөр:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд ажлын айлчлал хийж буй В.Путины ажлын айлчлалын хөтөлбөрийг танилцуулж байна.
/Улаанбаатарын цагаар/
13.00 цагт Тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт газардана.
13.30 цагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслол болно.
13.43 цагт Төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулна.
13.45 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийнэ.
14.20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
15.20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
15.35 цагт Хоёр улсын Ерөнхийлөгчид хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.
16.00 цагт Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж ахмад дайчидтай зоог барина.
17.15 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.
18.00 цагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр нутаг буцна.