Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Путин ба жүдо

 Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Түүний амьдрал жүдо бөхтэй салшгүй холбоотой. Тэрээр сурагч байхаасаа эхлээд бокс, самбо, жүдо бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд их сургуульд сурч байхдаа самбо, жүдо бөхийн спортын мастерын зэрэг авчээ. Мөн 1976 онд Ленинградын жүдо бөхийн аварга болж байсан гэдэг. Түүний жүдогийн багш, дасгалжуулагчаар Анатолий Рахлин гэдэг хүн ажилладаг байсан бөгөөд Путиныг 13 настайгаас нь хойш 15 жилийн турш дасгалжуулжээ. В.Путин багшийгаа амьд сэрүүн байх хугацаанд Кремльд урьж, хамтдаа зоог барьдаг байсан ба Анатолий Рахлинийг тэрээр хоёр дахь аавыгаа гэж хүндэлдэг байсан юм. Тиймээс В.Путиний зүрх сэтгэлд спортын амьдралын хатуужил, тэр дундаа жүдо бөхийн хүндлэл, ялалт, ялагдлын омогшил, бэрхшээл бат суусан нь улс төрийн амьдралд нь ч хөрс суурь болдог гэхэд хилсдэхгүй. В.Путин жүдогийн түүх, онол, бэлтгэл сургуулилтын тухай ном хүртэл бичсэн бөгөөд жүдогийн наймдугаар дантай.

Путины ялалтын уухайн түрлэгт саатсан агшнууд

Лондон-2012: Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг “Лондон-2012” зуны олимпийн их наадамд ОХУ-ын жүдочид үнэмлэхүй амжилтыг үзүүлж, гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүлсэн билээ. Тэр дундаа эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд Арсен Галстян тэргүүлсэн бол -73 кг-д Мансур Исаев, -100 кг-д Тагир Хайбулаев нар алтан медаль хүртсэн. Энд Тагир Хайбулаевийн барилдааныг онцлоход, тэрээр шигшээ барилдаанд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяртай барилдаж ялсан байдаг. Энэ барилдааныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Excel London”спортын ордонд хүрэлцэн ирж үзсэн нь дэлхийн сая сая үзэгчдийн өмнө спортод зүрх сэтгэлтэйгээ харуулсан явдал болсон юм. Путин шигшээ барилдааныг үзэж суухдаа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд жүдогийн дүрмийг нэг бүрчлэн тайлбарлан өгч, түүний үгийг Дэвид Кэмерон анхааралтай сонсч суусан нь тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд өртсөн дүр зураг байсан юм. Сирийн асуудлаар Их Британид айлчлаад байсан В.Путиныг Лондон хотын дарга Борис Жонсон костюмаа кимоногоор сольж, дэвжээн дээр хүч үзэхийг хүртэл ятгаж байсан гэдэг.

Челябинск-2014: Оросууд ЗХУ-ын бүрэлдэхүүн байх үедээ 1983 онд эрэгтэйчүүдийн 12 дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгуулж байжээ. Харин 2014 оны дэлхийн аваргын эрхийг авсан ОХУ хэдхэн хоногийн өмнө эрэгтэйчүүдийн тэмцээнийг хоёр дахь удаагаа, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа зохион байгууллаа.

Энэ тэмцээнд зохион байгуулагч орон томоохон ач холбогдол өгсөн бөгөөд наадмын логогоор Ерөнхийлөгч В.Путиний жүдогийн өмсгөлтэй зургийг сонгосон нь үүний хамгийн том илрэл гэж хэлж болно.

Оросын жүдочид нутаг дээрээ ерөнхийлөгчийнхөө сонирхол болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, алтан медаль хүртэх зорилго тавьсан ч энэ мөрөөдөл нь талаар болсныг бид харсан. ОХУ-ын жүдочид 2014 оны ДАШТ-ээс хоёр мөнгө, зургаа хүрэл медаль хүртэж, 11-р байр эзэлсэн бөгөөд эцсийн найдвар нь багийн тэмцээн байв. ОХУ-ын эрэгтэйчүүд багийн тэмцээнд аваргын төлөө Японы хүчирхэг багтаж финалдаж, энэ тэмцээнийг ерөнхийлөгч В.Путин “Трактор” ордонд хүрэлцэн ирж үзсэн ч Японы жүдочдын ялалтаар аваргын төлөөх тулаан өндөрлөсөн юм. Видеог ЭНД ДАРЖ үзнэ үү.

Жүдо бөхөд элгэмсүү, эрхэм ерөнхийлөгч энэ өдөр Монголын хүчит жүдочдын өлгий нутагт зочилж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж