Стросс-Канаас болж Олон улсын валютын сан хүчгүйднэ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Стросс-Канаас болж Олон улсын валютын сан хүчгүйднэ

“Европын орнуудын өрийн асуудлыг
шийдэхдээ мэргэшсэн хүн юмсан. Одоо яана” гэж нэгэн шинжээч Доминик Стросс-Каны талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Үнэхээр Грек,
Исланд тэргүүтэй Евро бүсийн орнуудад санхүүгийн тусламж өгч, төсвийн
зарлагыг нь хумих гэрээ, хэлэлцээр хийх үед Олон улсын валютын санг
төлөөлдөг гол хүнээр Стросс-Кан ажиллаж байв. Энэ удаад Грект дахин
зээл өгөх эсэхийг шийдэх томоохон хуралд оролцохоор явж байсан боловч
баривчлагдсан явдал нь олон улсын Хөрөнгийн зах зээлийн арилжаанд
нөлөөлөхүйц ноцтой мэдээлэл болсон юм.

Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Каныг АНУ-ын нисэх
онгоцны буудлаас өнгөрсөн ням гарагт ба­рив­чилсан билээ. Нэг өрөө нь
хоногийн 3000 ам.долларын үнэтэй зочид буудалд байрлаж байхдаа үйлчлэгч
эмэгтэйг нь хүчирхийлэхийг завдсан гэх хэррэгт түүнийг буруутгасан
бай­на. Мөн батлан даалтад гарах боломжгүйгээр шууд Нью-Йоркийн шоронд
хорьжээ. Уг нь Стросс-Каны Францын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшинэ
гэдгээ ирэх долоо хоногт албан ёсоор зарлах байв. Тиймээс энэ бүх
дуулианыг улс төрийн хүрээний өрсөлдөгчид нь гаргасан гэх таамаг байгаа
юм. Учир нь Стросс-Каны гэмт хэргийн гол гэрч болох зочид буудлын
үйлчлэгч эмэгтэй “Стросс-Кан намайг өрөө рүү чирч оруулаад хаалга
түгжиж, хүч хэ­рэг­лэхээр завдсан” гэж хэлсэнгүй. Харин оронд нь тэрбээр
зочид буудлын хоосон өрөөг цэвэрлэх гэж ороод “хэрэгтнийг” олж харсан
тухай ярьжээ. Тиймээс барууны хэвлэлүүд энэ хэрэгт өөр шалтгаан байж
болох юм гэж таамаглаж байна.

Стросс-Кантай холбоотой хуу­чин хэргүүд нь ч энэ үеэр олон нийтэд ил
боллоо. Тэрбээр өмнө нь мөн хүчингийн хэрэгт холбогдож байсан боловч
тухайн үед хэрэг нааштайгаар шийдэгджээ. Тэрбээр жилд 500 мянган
ам.долларын цалин авдаг. Францад түүнийг социалист үзэл баримтлалыг
тууштай хам­гаал­даг хэрнээ хэтэрхий тансаг амьдралтай хэмээн
шүүмжилдэг. Үүн дээр нэмээд энэ хэрэг ард иргэдийнх дургүйцлийг
төрүүлэхүйц хангалттай сөрөг сурталчилгаа болж байна. Нөгөө талаас,
хэрэв түүний буруутай нь тогтоогдвол 25 жил хоригдох ял авах юм.
Энэ бүхэнтэй зэрэгцээд Олон улсын валютын сангийн үйл ажиллагаа нэлээд
доголдоно гэх таамаг хүчтэй байна. Тухайлбал, “Financial Times” сонинд
“Доминик Стросс-Кан баривчлагдсан явдал нь Олон улсын валютын сангийн
үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Магадгүй үүнээс болж Европ дахь тус
байгууллагын хүч нөлөө ч суларч магадгүй. Үүнтэй зэрэгцээд Олон улсын
валютын сангийн удирдах зөвлөл бүтцээ шинэчлэх хүртэл арга хэмжээ авч
мэднэ” гэжээ.

Дашрамд дурьдахад, Евро бүсийн орнуудын Сангийн сайд нарын уул­залтад
оролцохоор явах гэж байсан Стросс-Кан нэлээд хурц мэдэгдэл хийдгээрээ
алдартай. Тэрбээр хоёр сарын өмнө Европын санхүүгийн тогтолцоог
тогтвортой байлгахын тулд банкны бонусыг хасч байгааг нэлээд шүүмжилж,
Уолл Стрийтийн банкируудын хэрэгжүүлж байсан ядмаг аргыг хуулбарласныг
онцолж байв. Тэрбээр “Банкууд 2008 оны санхүүгийн хямралын өмнөх үетэй
яг адил түвшинд ирчихээд байна. Ялангуяа төлбөр, бонусын асуудалд.
Иймэрхүү байдлаар хязгаарлалт хийгээд байвал удахгүй дахин хүнд байдалд
орно” гэжээ. Мөн Грекийн Засгийн газрыг шүүмжилж, бодлогоо өөрчлөх
хэрэгтэй гэж дүгнэсэн байна. Харин өнгөрсөн сард “Бид эрсдэлээс
сэргийлэхийн тулд санхүүгийн бай­гууллагуудад ноогдуулах тат­вараа нэмэх
замаар тэдний  нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг чангатгах ёстой” гэсэн
юм. Энэ нь түүний өмнөх байр суурьтай нэлээд зөрчилдсөнийг хэвлэлүүд
онцолжээ.

Олон улсын валютын сан бол дэлхий дахины эдийн засгийн үйл ажиллагаанд
хамгийн идэвхтэй оролцдог хэрнээ өөрөө нээлттэй байж чаддаггүй
байгууллага. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд ядуу буурай орнуудад
олгох зээлийн хөтөлбөрийн тоо өсөхтэй зэрэгцээд энэ байгууллагын дүр
төрх шинэчлэгдсэн хэмээн Стросс-Кан хийсэн ажлаа магтаж байсан нь бий.
Олон улсын валютын санг дэлхийн санхүүгийн зах зээлийг дэмжих зорилгоор
анх 1944 онд байгуулж байсан юм. Гэхдээ сүүлийн үед хөгжиж буй орнуудад
зээл өгөхдөө хооронд нь харилцан адилгүй шаардлага тавьж, болзол заадаг
гэх шүүмжлэлийг нэлээд дагуулах болж. Энэ нь Стросс-Кан баримталж буй
бодлогоос хамаарч байгаа билээ.

Истанбул хотод 2009 онд болсон нэгэн хурлын үеэр Замби улсын нэгэн иргэн Стросс-Канд хандаж, “Эгэл жирийн олон сая хүн Олон улсын валютын санг
хэтэрхий нүсэр бүтэцтэй, хүнд сурталтай байгууллага гэж дүгнэдэг болж.
Танайхаас авсан зээл тусламжийн “ачаар” улс орнууд ядууран туйлдаж
байна. Ер нь Олон улсын валютын сан Засгийн газруудад макро эдийн засгаа
бодлогоо өөрчлөхийг тулган шаардах үедээ гарах үр дүнд нь хариуцлага
хүлээнэ гэдгээ давхар амлах хэрэгтэй” гэжээ. Харин түүний хариуд Стросс-Кан “Би санхүүгийн хямралын үед Засгийн газруудад хүнд байдлаас гарахад
нь тусалдаг. Харин нийгмийн хамгийн ядуу хэсэгт зориулж зарцуулах
хөрөнгөнд гар ч хүрээгүй” гэх зэргээр нэлээд түрэмгий хариу хэлж байж.
Ямартай ч Стросс-Каны талаар иймэрхүү таагүй мэдээлэл олон гарч байна.
Францын Ерөнхий сайд байсан энэ эрхмийн талаар эхнэр нь “Би түүнийг гэмт
хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Энд магадгүй эндүүрэл гарсан байх”
хэмээн нөхрөө өмгөөлжээ. Ямартай ч одоогоор Олон улсын валютын сангийн
зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Т.ЭЛИСА

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж