Байраа нураалгаж, газраа алдсан бид яах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Байраа нураалгаж, газраа алдсан бид яах вэ?

40, 50, 120 мянгат болон хуучин байрны оршин суугчдаа сэрэмжлэгтүн!
Бидэн шиг хувь заяа та нарт ч тохиолдож болзошгүй.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч аа,

Монгол Улсын иргэд бидний эрх ашиг хохирч, Монгол Улсын хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй болоод байгаа тул Улаанбаатар хотын БЗД-ийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв зам дагуу байрлаж байсан 44 дүгээр байрны асуудлаар тус байрны сууц өмчлөгчид бид Танд дахин хандаж байна.

Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд төв зам дагуу байрладаг /ХХААХҮЯ-ны замын урд байдаг/ цэргийн 44-р байрыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч тус байрны сууц өмчлөгчдийг 2009 оны 10-р сард хүйтний улирал эхэлж байхад дулаан цахилгааныг нь таслах зэргээр орон байрнаасаа гарахаас аргагүй хүнд байдалд зориуд оруулж дараа нь уг байран дээр газар хөдлөлтийн үед ажиллах улсын онцгой байдлын  сургуулилт хийж нураахад Монгол Улсын шадар сайд М.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Та бүхэн хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан оролцсон билээ. Ингэж иргэдийн өмч хөрөнгөд бүдүүлгээр халдаж, яаран нурааж сүйтгэхдээ оршин суугчдын зөвшөөрлийг аваагүй явдал нь орон байргүй болж ядарсан ард иргэдээрээ тохуурхаж даажигнасан юм шиг санагддаг. Энэ бүхний цаана  тус байрны иргэд хохирч байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад оршин суугчдыг хохиролгүй болгоход анхаарч байгаа гэж хэвлэлийнхний өмнө Та ярьж байсан нь хадгалагдан үлджээ.

Энэ явдлаас хойш бүтэн нэг жил гарангийн хугацаа өнгөрөхөд таны байлцаж нураасан бидний өмч хөрөнгө хэнд ч хэрэггүй овоолгоотой шороо л болж хувираад байна. Тус байрны оршин суугчид өнөөдөр өмч хөрөнгөөрөө хохироод зогсоогүй сэтгэл санаа, мөнгө төгрөгний үлэмж хохирол амсаж, төр засаг, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, зарим нэгний нь амьдрал гудамжинд гарах дээрээ тулаад аргаа барж явна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Та 2009 оны 08-р сарын 07-ны өдрийн 405 тоот захирамжаараа  тус байрны нийтийн эзэмшлийн газрыг 44-р байрны “Хөгжил” СӨХ-ийн гүйцэтгэх захирал байсан Т.Дашжаргалын охин С.Энхтуяагийн хувийн “Си Би Эл” компаний нэр дээр баталгаажуулж өгсөн нь биднийг ийнхүү хохироох үндсийг тавьсныг бид өмнө нь уламжилж, захирамжаа цуцалж өгөхийг хүссэн боловч Та болон Таны удирдлагад ажилладаг албан тушаалтнууд  оршин суугчдын хүсэлтийг анхаарч үзсэнгүй өдийг хүрлээ.

Өнөөдөр 44-р байрны нийтийн эзэмшлийн газар “Хөгжил”СӨХ-ийн гүйцэтгэх захирал байсан Т.Дашжаргалын гэр бүлийн мэдэлд байгаагаас газрын маргаантай асуудал бий болж, сууц өмчлөгчид байрны асуудлаа шийдэж чадахгүйд хүрээд байна. Тус байрны сууц өмчлөгчид бүхэлдээ ганцхан гэр бүлийн эрхшээлд орж, “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч л болж хувираад байна. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд төв зам дагуу байрладаг тус байрны газрыг нийт сууц өмчлөгчдөд мэдэгдэлгүй ганцхан гэр бүлийн мэдэлд өгдөг нь  шударга ёс уу? .

Төр засгаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн  эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчинг шинээр бүрдүүлж, хуучин орон сууцны талбайн хэмжээнээсээ багагүй шинэ орон сууцтай болох боломж бий болголоо.
      
Иймд 44-р байрны сууц өмчлөгчид бидний Монгол Улсын хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд саад болж, бидний эрх ашгийг хохирооход хүргэж байгаа газрын луйвар, залилангийн шинжтэй дээрх асуудлыг Та анхааралдаа авч нийтийн эзэмшлийн орон сууцны талбайг ганц гэр бүлийн хувийн компаний мэдэлд шилжүүлсэн захирамжаа даруй хүчингүй болгож, 44-р байрны сууц өмчлөгчид биднийг хуулиар олгогдсон эрхээ эдлэж /Монгол Улсын орон сууцны шинэчилсэн хуулийн тавдугаар бүлгийн 151.3, 1514.-д заасан/ хуучин орон сууцныхаа буурин дээр шинэ орон сууц барьж хуучин орон сууцны талбайн хэмжээнээсээ багагүй шинэ орон сууцтай болох боломжийг хангахад анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулагч олж шалгаруулахад туслахыг Таниас хичээнгүйлэн хүсч байна.

44-р байрны сууц өмчлөгчдийн итгэлийг алдсан “Хөгжил” СӨХ-ийн гүйцэтгэх захирал байсан Т.Дашжаргал нь биднийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй бөгөөд тус байрны сууц өмчлөгчдийн олонхийн хурлаар түүнийг “Хөгжил” СӨХ-ийн гүйцэтгэх захирлаас өөрчилсөн боловч тамга тэмдгээ хүлээлгэж өгөхгүй хууль бус үйлдэл үзүүлж байгааг үүгээр давхар мэдэгдэж байна.  

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хорооны цэргийн 44-р байрны сууц өмчлөгчдийн гарын үсэг бүхий хувийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт хүргүүлэв.
 
Жич: 44-р байран дээр газар хөдлөлтийн үед ажиллах  сургуулилт хийж нураасан бичлэгийг сонирхвол  http://news.gogo.mn/video/68282 орж үзнэ үү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж