Г.Болдбаатарын барилдаан шилдэг арвыг тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатарын барилдаан шилдэг арвыг тэргүүлжээ

ОХУ-ын Челябинск хотын “Tратор Ice Arena” спортын ордонд 2014 оны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-нөөс 31-ний хооронд амжилттай болж, өндөрлөсөн. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Булган аймгийн Хангал сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Болдбаатар 60 кг-ын жинд өрсөлдөгч бөхчүүдээ илүүрхсэнээр, дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн юм.

Олон улсын жүдо бөхийн холбооноос тэмцээний дараа өдөр өдрийн топ арван ялалтыг тодруулдаг. Тэмцээний эхний өдөр буюу наймдугаар сарын 24-нд болсон барилдааны топ арван барилдааныг ОУХМ Г.Болдбаатарын Тайваний Ен Мин Цайг(дэлхийн чансаа 17) иппоноор ялсан ялалт тэргүүлжээ. Шилдэг аравт Япон, Гүрж, ОХУ, Унгар зэрэг орны бөхчүүдийн барилдаан багтсан байна.

 

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 61 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваний Ен Мин Цайг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулаар (3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж мөн нэг торгуулиар ялж, дэлхийн аварга цолыг хүртсэн билээ.

Дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар наймдугаар сарын 31-ны өдөр Челябинск хотын цэцэрлэгт хүрээлэнд дэмжигчдийнхээ хамт “Дурсгалын мод” суулгажээ.

Эрэгтэйчүүдийн 29 дэх, эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Г.Болдбаатар АЛТАН медаль хүртэж, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилтаар тэмцээнд өрсөлдсөн 110 орны тамирчдаас Монголын баг зургадугаар байрт шалгарсан. Мөн манай эмэгтэйчүүд багийн ДАШТ-д Казахстан, Куба, Польшийн багуудыг ялж, мөнгөн медалийн эзэд болсон. Монголын баг тамирчид маргааш Улаанбаатар хотноо ирэх юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж