Төрийн өмчийн хорооны удирдлага өнөөдөр “МИАТ” ХК-ний Тамгын газрын дарга Б.Баасанцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Даваасүрэн нарыг дуудан уулзсан байна.
Уулзалтаар “МИАТ” ХК-ийн 2014 оны хагас жилийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын тайланг сонссон аж.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс, Ухаалаг төр лүү …” санаачлага болоод Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит хуулийн этгээд, компаниудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар талууд ярилцжээ. Ингэхдээ “МИАТ” ХК-ийн одоогийн бүтцийг цогцоор нь сайжруулах, боловсон хүчний чадавхийг ахиулах, ажиллагсдын ёс зүй, дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар ТӨХ-ны удирдлагын түвшинд санал санаачлага гаргаж ажиллахаа энэ үеэр албаны хүмүүс илэрхийлжээ.
Мөн “МИАТ” ХК-ийн хариуцлагатай алба тушаалтан болон гадаад улс оронд төлөөлөгчөөр сууж буй зарим хүмүүстэй хариуцлага тооцох, ёс зүйн асуудлыг эргэж ярихаар энэхүү албаны уулзалт өндөрлөсөн байна.
Г.БОЛОР