Нийслэлийн авто замын газрын Хэвлэл мэдээлллийн ажилтан Д.Оюунгэрэлээс зам засварын ажлын гүйцэтгэлийн талаар зарим зүйлийг тодруулаа.
-Авто замын засварын ажлууд хугацаандаа дуусахгүй байгаа нь юутай холбоотой вэ. Засварын ажлыг хугацаанд нь дуусгах талаар танай газраас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ жил зам засварын болон өргөлтгөл шинэчлэлтийн ажил өмнөх жилүүдээс харьцангуй эрт дөрөвдүгээр сард эхэлсэн. Хамгийн эхний ажил долдугаар сарын 1-нд дуусах гэрээтэй байгаа. Харин хамгийн сүүлийн ажил аравдугаар сард дуусах ёстой байгаа. Гэтэл иргэд зам өргөтгөл, шинэчлэлийн ажлыг засварын ажилтай андуураад цаг хугацаандаа багтахгүй байна гэж эндүүрэн, бухимдаад байна. Үнэндээ замын ажлуудыг хариуцаж авсан компаниуд нь хугацааныхаа дагуу л ажлаа хийж байна. Бүгд гэрээнд заасан хугацаанд нь хариуцаж авсан замаа ашиглалтад оруулах ёстой. Харин Нийслэлийн авто замын газрын зүгээс замын инженерүүд маань өргөтгөл шинэтгэлийн ажил хийж байгаа замуудад хяналт тавин ажиллаж байна.
-Аль хэсгийн замыг хамгийн сүүлд болон эхэнд хүлээж авах вэ?
-Хамгийн сүүлд буюу энэ оны аравдугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх ёстой зам нь “ТЭЦ 4”-ын замын өргөтгөлийн ажил байгаа. Энэ ажлыг “Эрдэнэ зам” компани гүйцэтгэж байгаа. Харин хамгийн эхэнд Багануур дүүргийн Жаргалант төв гудамжны 1.5 километр автозамыг зургадугаар сарын 1-нд хүлээж авах ёстой.
Нийслэлийн авто замын газрынхан зам засварын ажлуудыг товлосон хугацааны дагуу хийж байгаа гэсэн хариултыг өгч байна. Харин Энхтайвны өргөн чөлөө, Олимпийн болон Их сургуулийн гудамжны уулзварыг нэгтгэж, дөрвөн замын уулзвар болгох 0.5 километр авто замын ажил буюу МУИС-ын II байрны урд талын зам долдугаар сарын 1-нд ашиглалтад орох аж. Энэ онд хийх замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудаас чухлыг нь хүснэгтээр харуулав. Нийслэлд Зам засвар, өргөтгөл, шинэтгэлийн нийт 46 ажил энэ онд хийх бөгөөд эдгээрийн 12-ыг нь 2010-2011 онд хуваарилж авсан компаниуд нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр он дамжин хийж байгаа юм байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрөв, нийслэлийн хөрөнгө оруулалтаар тав, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар зам засвар, өргөтгөл шинэчлэлийн дөрвөн ажил хийх юм байна.
"Улс төрийн тойм" сонин