Халамжийн мөнгөө байрны урьдчилгаанд өгч болно

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Халамжийн мөнгөө байрны урьдчилгаанд өгч болно

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай 100 мянган айлын орон сууцны талаар ярилцлаа.

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр бат­лагдаад Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороо ажиллаж байна. Энэ дагуу хэд, хэдэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэ­рэгжүүлнэ. Үүний нэг нь 100 мянган айлын орон сууцны тө­сөл. Энэ удаагийн хөтөлбөр өмнө хэрэгжүүлж байсан 40 мянган айлын орон сууцнаас эрс ялгаатай. Чинээлэг, хөрөнгөтэй хүмүүст зориулагдаагүй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна.

-Төрийн албан хаагчаас гадна хувийн хэвшилд ажиллаж байгаа ч бага орлоготой хүмүүс хамрагдах боломжтой байх аа?

-Төрийн албан хаагч гэж ярьж байгаа нь тогтвортой ор­логотой, зээлд хамруулчихад зээлээ төлж чадахаа болиод байраа зараад алга болчихгүйг нь бодож хэлж бай­на. Ер нь бол ажилтай, тогтмол орлоготой, ажиллах сэтгэлтэй хүмүү­сийг энэ зээлд хамруулна. Зээл авч байгаа хүн ямар ч ажил хийдэг байж болно. Гахай ч хариулж болно.

-Жишээ нь би зээлд хамраг­дахыг хүсвэл яах вэ. Орон сууц санхүүжилтийн корпорацид хан­дах уу?

-Тэгэлгүй яахав. Орон сууцны зээлийг бага, дунд орлоготой иргэд­дээ Хөгжлийн банкаар дамжуулан олгоно. Уг зээл нь зургаан хувийн хүүтэй, 30 хүртэлх жилийн хугацаатай байх юм. Хэ­рэв чи урьд өмнө нь орон сууц авч байгаагүй, яг одоо гэр хороололд амьдарч байгаа бол бүрэн боломжтой. Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ орон сууц бол тансаг ба­рилга болохгүй. Энгийн 9-12 давхар байшин буюу 1-2 өрөөтэй 50 хүртэлх метр квадрат талбайтай орон сууц байх болно.

-Орон сууц санхүүжилтийн кор­пораци эсвэл арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлнэ гэж нэлээд удаан ярисан?

-Одоо энэ төслийг Орон сууц сан­хүүжилтийн корпорациар дамжуулан хэрэгжүүлнэ. Гэхдээ Орон сууц сан­хүүжилтийн корпораци өмнөх шиг барилга бариулахгүй. Харин зургаан хувийн хүүтэй зээл авах ард иргэдийг тэр зээлд хамруулах бүх механизмыг гүйцэтгэнэ. Зээлийг нь Хөгжлийн банк өгнө.

-Арилжааны банкууд оролцох болсон талаар юу гэж бодож байна вэ?

-Арилжааны банкуудыг үүнд орол­цуулахгүй гэж бид зорьж байлаа. Арилжааны банкууд энэ төр­лийн ажилд оролцохоороо хүүгээ нэмж, хугацаагаа богиносгочихдог. Үнэт цаасны анхдагч зах зээл ма­найд хэрэгжээд арилжааны бан­кууд найман хувийн хүүтэй зээ­лийг олгоод эхэлснийг хүн бүр мэ­дэж байгаа. Харин Засгийн газар ху­ралдаж арилжааны банкуудыг энэ хөтөлбөрт оролцуулъя гэж шийдсэн байна. Гэхдээ хүүг нь нэмүүлэхгүй байх талаас нь хяналт тавьж ажиллана гэсэн. Ингэхээр зургаан хувийн хүүтэй зээлийг арилжааны банкаар дам­жуулж олгохоор болж таарлаа. Тэгэхээр өмнө нь найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэд зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүсч байгаа нь тодорхой. Тиймээс энэ хүмүүсийг ч зээлд хамруулж, зөрүү буюу хоёр хувийн хүүг нь Засгийн газар олгоно. Миний бодлоор арилжааны банкууд оролцож байгаа нь ашиг хөөх сонирхолтой байгаа мэт ойлгог­дож байна.

-Ашиг хөөх сонирхол гэдгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй уу?

-Арилжааны банкууд анхдагч зах зээлд оролцож найман хувийн хүү­тэй зээлээ олгоод явах ёстой байсан. Гэтэл одоо хоёрдогч зах зээлд оролцож хүүгийн зөрүү мөн­гө авах гэж байгааг нь хэлж байна. Гэх­дээ одоо яая гэх вэ, ямар ч байсан ажлаа уяад байлгүй эхлүүлэх ёстой. Хамгийн гол нь ард түмэнд зургаа­гаас дээш хувийн хүүтэй орон сууц­ны зээл олгож болохгүй.

-Зургаа болон найман хувийн хүүтэй зээлийн хооронд тийм их зөрүү бий гэж үү?

-Байлгүй яахав. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан төрийн ал­бан хаагчид сард дунджаар 350 мянган төгрөг төлж байгаа. Харин энэ зур­гаан хувийн хүүтэй зээлд хамрагд­вал сард ердөө 250 мянган төгрөг төлнө.

-250 мянган төгрөгийг сард төлж чадахгүй хүмүүс ч бий байх аа?

-Тийм. Ажилгүй иргэд их байна. Нэг хашаанд гурван ам бүл байна. Аав, ээж, охин, хүү хамтдаа амьдардаг гэж бодъё. Охин нь нөхөрт гарсан. Хүү нь эхнэр авчихсан ингээд гурван ам бүл нэг хашаанд амьдардаг. Тэгээд аав нь архи уудаг ч юм уу. Ийм гэр бүл олон байгаа байх аа. Энэ хүмүүст урьдчилгаа төлбөр хийх мөнгө байхгүй шүү дээ. Тэгэхээр  Хүний хөгжил сангаас гаргаж байгаа сая төгрөг байна. Үүнийгээ байрны урьдчилгаанд өгөх боломжийг нь нээж өгч байгаа юм. Ам бүл тавуулаа байлаа гэхэд чинь таван сая төгрөг болно. Эсвэл тэтгэврийн даатгалаас нь мөнгө оруулж болно. Бүтэн жил өвдөөгүй бол эрүүл мэндийн даатгалаас нь мөнгө татаж болно.

-Ийм байх боломжтой гэж үү?

-Боломжтой. Халамж аваад ажилгүй байгаа хүмүүс энэ маягаар орон сууцны зээлд хамрагдана. Гол нь хүн тохилог орон сууцанд амьдраад эхлэхээр аливаад хандах хандлага нь өөрчлөгдөж болно шүү дээ. Ажил хөдөлмөр хийж, зээлээ төлөхийг эрмэлзэнэ. Тэр сайхан дулаан байраа 100 хувь өөрийн болгохоор тэмцэнэ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж