Зам тээврийн сайд А.Гансүхийг сошиал ертөнцөөр буюу твиттерээр гүжирдсэн гүтгэсэн гэх хэргээр Ц.Батад Баянзүрх дүүргийн шүүхээс зуун хоногийн баривчлах ялаар шийтгэсэн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг бөгөөд ардчилсан нийгэмд анх удаа сошиал ертөнцөөр бусдыг гүтгэсэн гэх хэргээр ял авсанд Ц.Батын ойр дотныхон төдийгүй жиргээчид бухимдалтай байгаа билээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхээс өгсөн ялыг эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандахаар болжээ. Шүүхийн шийдвэр нь өнгөрсөн долоо хоногт өмгөөлөгчид нь ирсэн учраас давж заалдах хугацаа нь дуусаагүй байгаа гэнэ. Ц.Батын өмгөөлөгчид бусдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хандахаар бэлтгэж байгаа аж.
М.ЯЛАЛТ