“Аида”-тай уулзахдаа ямар даашинз өмсөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

“Аида”-тай уулзахдаа ямар даашинз өмсөх вэ?

“Аида”-тай уулзахдаа ямар даашинз өмсдөг юм билээ?      

Хотын ганган бүсгүйчүүд энэ тухай бодож эхлэв. Ялдам, бадрангуй Клеопатрагийн дүрд яаж хувирахаа тунгааж байна. Эртний Египетийн хээнцэр бүсгүйчүүд шиг энгийн хэрнээ дур булаам харагдах ямар даашинз өмсөх вэ гэдгээ шийдэж ядна. Тэд юунд ингэж гоёх гээд байгаа юм бэ?

Ирэх сарын дөрвөнд их чухал болзоотой, тэд. Этиопын хааны охин эрхэмсэг Аидатай уулзана. Сонгодог урлагийн чанарын тэмдэгтийг Вердийн тансаг аялгуугаар тодхон дарж орхисон алдарт “Аида” дуурийг ахин тоголно. Энэ үзвэрийн жилд амжаад агуу бүтээлийг үзэх сүүлчийн боломж. Гранд операгийн энэ удаагийн үзэгчид гоёж ирэх тусгай санамжтай. Эртний Египетийн өнгө аясыг илтгэх эрхэмсэг хувцастайгаар Аидаг угтах даалгавартай. Дэлхийн хэмжээний бүтээлийг даанч бахадмаар амилуулсан театраа, дэргэдээ зэрэгцэн суух амт, таашаал нэгтэй үзэгчдээ хүндэтгэж байгаагийн илэрхийлэл.

Францын алдартай “Дамманн” компанийн албан ёсны борлуулагч энэ удаа театртай хамтран ажиллаж, өвөрмөц дүр төрх бүхий орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа. Гоёж гоодсон үзэгчдийг эртний Египетийн хувцастай хүмүүс театрын үүднээс угтан авна. Харин дотогшоо ороод алдарт пирамидийг олж харна. Товчхондоо энэ үдэш огт өөр ертөнцөөр аялаад буцна.

Нээрээ тэр үдэш юугаар гоёж очих вэ? Хотын хөөрхөн бүсгүйчүүд юу өмссөн байх бол? Харах юмсан гэхээс тэсэхгүй нь ээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж