Л.Отгонбаяр: Заримдаа ганцаарчилсан бэлтгэл илүү үр дүнтэй байдаг

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаяр: Заримдаа ганцаарчилсан бэлтгэл илүү үр дүнтэй байдаг

Лондонгийн олимпод оролцох хоёр дахь эрхийн болзол хангасан хөнгөн атлетикийн ОУХМ Л.Отгонбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө олимпийн эрхийн болзлоо хангасан танд баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна.

-Монголын хөнгөнийнхөн цагаан хуудсаар олимпод оролцдог явдал өнөөдрөөс эхлээд түүх болон үлдэж байна. Тийм үү?

-Тийм ээ. Манай холын зайн гүйгчид хол үүнээс ч илүүг чадна гэдгээ харуулж чадсан гэж дүгнэж байна. Гэхдээ бид амжилтдаа ханах болоогүй ээ. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртэхийн төлөө энэ спортдоо үнэнчээр зүтгэх болно.

-Энэ спортоор гэснээс хэдэн жил гүйлтээр хичээллэж байна вэ?

-Бараг 14 жил гүйлтээр хичээллэж байна.

-Оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач?

-Хамгийн том марафонуудын нэг л дээ. Олон ч хүн оролцдог. Зам нь нугачаа ихтэй жаахан хэцүү байсан. Өмнө нь Прагт уралдаж байгаагүй, дээрээс нь ганцаараа байсан болохоор нэлээд хүнд байсан. Гэхдээ хүссэндээ хүрэхийн тулд энэ бүхнийг давах л хэрэгтэй.

-Цагдаагийн дэлхийн аварга болсон гэсэн. Энэ жил бүр болдог юм уу?

-Манай улсаас энэ тэмцээнд оролцсон анхны тамирчин нь би болж байна. Тэгээд дэлхийн аварга болсон. Нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлж зохион байгуулах болсон юм билээ. Оролцож байгаа тамирчид нь гэсэн чансаатай. Энэ жилийн тэмцээний онцлог нь гэвэл Прагийн марафонтой яг давхцсан. Тийм болохоор өрсөлдөгч нарын чанар чансаа илүү өндөр байсан.

-Шагналын тавцанд гараад төрийн дууллаа эгшиглэхийг сонсч байхад юу бодогдож байсан бэ?

-Яг тэр үед тэнд надаас өөр монгол хүн байгаагүй. Тийм болохоор жаахан эвгүй байсан. Гэхдээ их сэтгэл хөдөлсөн. Ер нь ямар ч тэмцээн уралдаанд оролцоод амжилт гаргасны дараа өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг. Хурдхан гэртээ харих юмсан л гэж бодож байлаа. Одоо нэг хэсэгтээ монголдоо байна.

-Марафоны тамирчид олимпийн эрхээ хамгийн түрүүнд авна гэж бодож байсан уу?

-Мэдээж бусдаас түрүүлж авахын төлөө л бэлтгэл сургуулилтаа хийж байгаа шүү дээ. Тийм болохоор итгэлтэй байсан гэхэд болно. Б.Сэр-Одыг анх олимпийн эрхийн болзол хангасан гэж сонсоод дотроо маш их баярлаж, бахархаж байлаа. Тэгээд өөртөө зорилго тавьж уралдсан. Гол зорилго нь мэдээж олимпийн эрхийн болзол хангах шүү дээ. Харин хоёр дахь эрхийг нь би авлаа. Монголын марафончид дэлхийд өрсөлдөх чадвартай болсон гэдгийг бид хоёр харуулж чадсан.

-Б.Сэр-Од та хоёр хоёулаа холын зайн гүйгч. Бас шигшээ багийн тамирчин. Тэгсэн мөртлөө байнга л тус тусдаа бэлтгэл хийх юм. Энд тэнд хамт бэлтгэл хийж болдоггүй хэрэг үү?

-Хэдий тийм ч дасгалжуулагч нь өөр. Дасгалжуулагч бүр өөрийн гэсэн арга барилтай шүү дээ. Марафон бол жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөг гэх мэт спортоос тэс өөр шүү. Зарим үед ганцаарчилсан бэлтгэл хийх нь илүү үр дүнтэй байдаг. Магадгүй үүнийхээ ачаар бид хоёр олимпийн эрхийн болзол хангасан ч юм бил үү. Түүнээс биш элдвийн асуудал байхгүй. Сайхан найзууд. Тааралдах үедээ ярилцана, зөвлөлдөнө.

-Одоо ямар тэмцээнд оролцох вэ?

-Удахгүй Монголд марафон гүйлтийн олон улсын тэмцээн болно. Мэдээж Дэгүд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Дэгүд уралдаж Прагт гаргасан амжилтаа бататгах зорилготой.

-Б.Сэр-Од удаан хугацааны турш гадаадад бэлтгэл хийж байгаад ирлээ. Харин та?

-Миний хувьд ч гэсэн ялгаагүй. Хөнгөн атлетик хөгжсөн орнуудад очиж үр дүнтэй бэлтгэл хийхийг боддог. Гол нь манайд нэг бэлтгэл сургуулилт хийх орчин муу байсан. Харин одооноос л боломж бүрдэж эхэлж байна. Түрүүн Ч.Наранбаатар даргын хэлэхийг сонссон байх. Өвөрмонголд очиж бэлтгэл хийж байсан. Манайх ядаж Өвөрмонголынх шиг гоё замтай болмоор байна.

-Ар гэрийн асуудлаа хэрхэн, яаж зохицуулдаг вэ?

-Тэр ажилд оролцох нь бага шүү. Бэлтгэл сургуулилт гээд л гэртээ тогтох нь ховор.

-Хөнгөн атлетикийн спорт нэг үеэ бодвол хурдацтай хөгжиж байна. Төр засгаас ч анхаарах болж. Энэ нь хэр мэдрэгдэж байна вэ?

-Харин тийм ээ. Хөнгөн атлетик, байт харваа гэх мэт өндөр амжилт үзүүлэх магадлал өндөртэй спортуудад анхаарал хандуулах болсон нь мэдэгдэж байна. Наад зах нь тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт зэргийн зардлыг 100 хувь дааж байна. Энэ бол бидний хувьд том тэтгэлэг, дэмжлэг шүү дээ.

-Холын зайн гүйлтээр тууштай хичээллэдэг тамирчин манайд хэр олон байдаг юм бол?

-Нэг их олон байдаггүй байх. Харин сонирхогчид их шүү дээ. Манай улсад тэмцээн уралдаан маш бага болдог учраас марафоныг нэг их сонгохгүй байгаа байх. Марафон гүйлт нь өөрөө зардал өндөртэй спортын төрөлд ордог. Улсын шигшээ багт ороогүй тамирчид бол байнгын бэлтгэл хийж, зардлаа даагаад гадаадад тэмцээн уралдаанд оролцоно гэдэг хэцүү.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Энэ тэмцээнд оролцож амжилт гаргахад тусалсан бүх хүнд баярлалаа гэж хэлье. Цаашид та бүхний итгэлийг алдалгүй олон сайхан амжилт гаргана.

Б.Мөнхзул

Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж