Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хооронд хамтран ажиллах тухай гэрээнд наймдугаар сарын 29-ний өдөр Гаалийн Ерөнхий Газрыг төлөөлж дарга О.Ганбат, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Ц.Даваацэрэн нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Тус гэрээ нь Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 252.4 дэх заалтын хүрээнд 2010 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн химийн бодис, бэлдмэлд магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргах, бараанаас сорьц дээж, загвар авах, шинжилгээний үр дүн болон лабораторийн дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах юм.
Энэхүү гэрээ хэрэгжсэнээр гаалийн хяналт шалгалт оновчтой болж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлэгдэх импортын химийн бодис, бэлдмэлийн гаалийн бүрдүүлэлтэнд зарцуулагдах цаг хугацаа 3-7 дахин хэмнэгдэж, гадаад худалдааны үйл ажиллагаа хөнгөвчлөгдсөнөөр зардал багасах ач холбогдолтой. Энэ нь гаалийн байгууллагаас Монгол Улсын эдийн засгийн томоохон түшиг тулгуур болсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, Монгол Улсын эдийн засагт шууд бус замаар хувь нэмрээ оруулж буй явдал юм.
Эх сурвалж: http://customs.gov.mn