С.Батболдын Засгийн газрын үед эхлүүлсэн Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил зогсонги байдалд орсон. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард УИХ-аас Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд Тавантолгойн ордын асуудлаар хэд хэдэн заалт тусгаж баталсан. Энэ дагуу шаардлагатай судалгаа хийсний үндсэн дээр өмнө зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, зарчимд өөрчлөлт оруулах замаар үргэлжлүүлэх боломжтой гэж Засгийн газар үзээд, “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргахаар өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн юм.
Хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор багтаан явуулах гэнэ. Мөн сонгон шалгаруулалтад ялалт байгуулсан хөрөнгө оруулагчидтай арванхоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахаар болжээ. Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг ЗГХЭГын дарга Ч.Сайханбилэг ахалж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар багтаж байгаа юм байна.
О.САРНАЙ