Туск Европын зөвлөлийн даргаар томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Туск Европын зөвлөлийн даргаар томилогдлоо

REUTERS/ Yves Herman

 

Европын зөвлөлийн даргаар Польшийн ерөнхий сайд Дональд Туск, Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд комиссараар Италийн Гадаад хэргийн сайд Федерика Могерини нар сонгогдсон тухай Европын зөвлөлийн дарга Херман Ван Ромпей бямба гаригт Twitter хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. "Европын зөвлөл Гадаад хэргийн сайд Фредерика Моргеринийг ЕХ-ны дараагийн Дээд төлөөлөгчөөр, ерөнхий сайд Дональд Тускийг Европын зөвлөл болон евро саммитын дараагийн даргаар сонголоо” хэмээн Ромпей бичжээ.

 

ЛАВЛАХ: Дональд Туск

 

 

Дональд Туск 1957 оны дөрөвдүгээр сарын 22-нд Гданьск хотод гар урлаачийн гэр бүлд төржээ. Түүнийг Польшийн зүүн хойд нутагт амьдардаг үндэсний цөөнх кашубын уугуул гэгддэг.  Дональд Туск 1967 онд Гданьск хотын Николай Коперникийн нэрэмжит лицейг төгсч, Гданьскийн их сургуулийн түүхийн факультетад элсэн дүүргэжээ. 1980 онд хамгаалсан түүний дипломын ажил нь Юзеф Пилсудскийд зориулагдсан байв.

 

Түүнийг улс төрд их сургуульд байхаасаа хөл тавьсан гэж хэлж болох бөгөөд “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний оюутны хороо байгуулах, ажил хаялт зохион байгуулах зэрэгт идэвхитэй оролцож иржээ. Гданьскийн либералуудын хамт Туск, Либерал-ардчилсан конгресс намд 1989 онд элссэн байна. 1991 оны сонгуулиар тэр парламентад сонгогджээ. Долоон жилийн дараа түүнийг парламентын дээд танхим сенатын дэд даргаар, 2001 онд доод танхим сеймын дэд даргаар тус тус сонгож байсан юм. Тукс 2000-аад оны эхээр Иргэний платформ (ИП) гэх либерал-консерватив үзэлтэй шинэ нам үүсгэн байгуулж, 2003 оноос хойш уг намыг удирдаж иржээ. Харин 2005 онд тэр  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, сонгуулийн хоёрдугаар шатанд Лех Качиньскийд ялагдсан юм.

 

Парламентын 2007 оны ээлжит бус сонгуульд Иргэний платформ ялж, тэр цагаас хойш Туск Польшийн ерөнхий сайдаар өнөөг хүртэл ажиллаж байна. Орчин үеийн Польшийн түүхэнд энэ суудалд ийм удаан хугацаанд суусан улстөрч Тускаар өөр байхгүй юм. Энэ жилийн наймдугаар сарын байдлаар Тускийн Иргэний платформ нам өөрийн эвслийн Польшийн тариачны намын хамт парламентад олонхийн суудал эзэлж байгаа. Польшийн парламентын ээлжит сонгууль 2015 оны намар болно.

 

ЛАВЛАХ: Федерика Могерини

 

 

Европын холбооны диломатын албаны шинэ тэргүүн 41 настай. Тэрээр Ромын "ЛаСапиенца" их сургуулийн улс төрийн факультетийг дүүргэжээ. 2001 онд тэр “Зүүний ардчилагчид”  намын  зөвлөлд сонгогдсон байна. Энэ нам нь 2007 онд зүүний төвийн Ардчилсан намын үндэс болж байсан бөгөөд Федерика Могерини намдаа гадаад бодлогын асуудлыг хариуцах үүрэг хүлээж иржээ. Ойрхи Дорнод, Ирак, Афганистаны энхийн ажиллагаатай холбоотой асуудалд тэрээр ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн.

 

Могерини анх удаагаа парламентын гишүүнээр 2008 онд сонгогдож, 2013 онд мөн улиран сонгогдож байв. Хуралдаанд суусан ирц нь 98 хувь хүрэх явдал итали депутатуудын дунд харьцангуй дээд амжилт гэгддэг. Тэрээр есөн настай Катерина, дөрвөн настай Марта гэсэн хоёр охинтой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж