З.Энхболд: Хөгжлийг инженергүйгээр төсөөлшгүй

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Хөгжлийг инженергүйгээр төсөөлшгүй

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.01/ Барилгын Политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцов. Нээлтийн арга хэмжээнд оролцож, оюутан залууст хандан хэлсэн үгэндээ, аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженергүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл та бүхний боловсролд онцгой анхаарал хандуулж байдаг. Монгол улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус та бүхэнд оногдож байгаа. Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ хэмээн хэллээ. Ийнхүү Улсын Их Хурлын дарга оюутан сурагч, багш ажилчдад амжилт хүссэний зэрэгцээ тус сургуулийн Сантехникийн дадлагын газар, Барилгын мэргэжлийн газар, Токарийн дадлагын газруудаар орж, сургалтанд ашигладаг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй танилцсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд Токарын дадлагын газартай танилцах үеэрээ шинээр нэвтрүүлсэн компьютерийн удирдлагатай токарийн машинаар (CNC) деталийг 4 минутад зорж үзүүллээ.

Барилгын Политехник коллежийн Барилгын засалын 1-р дамжааны оюутан М.Өлзийтогтох

“Сургуулийнхаа оюутнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. Сонгосон сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож байгаадаа баяртай байна. Манай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга хүрэлцэн ирсэнд сэтгэл өндөр байна. Инженер техник, барилгын салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжиж байгаад талархалтай явдгаа илэрхийлье.

Барилгын Политехник коллежийн Барилгын техникчийн 1-р дамжааны оюутан Н.Отгонбаатар

“Манай сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд Улсын Их Хурлын дарга оролцож байгаа нь энэ салбарыг УИХ-аас дэмжиж байгаа гэж ойлгож байна. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн бид сайн суралцаж, эх орондоо чадварлаг боловсон хүчин болохыг хичээж суралцах болноо.

УИХ-ын даргын зочлон очсон Барилгын Политехник коллеж нь анх 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд 22 оюутантай Барилгын салбар байгуулж улмаар 1960 онд дөрвөн салбар 540 оюутантай Барилгын техникум болгон өргөжүүлсэн түүхтэй. Барилгын Политехник коллеж нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн таван мэргэжлээр сургалт явуулдаг юм.

Байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн хугацаанд нийт 8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20,000 гаруй барилгын нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.01/ Барилгын Политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 

УИХ-ын дарга З.Энхболд Барилгын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож үг хэллээ. Барилгын политехник коллежийн 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлт дээр Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.

2014 оны 9 дүгээр сарын 1

Аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженерчлэлгүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс Монгол Улс ч дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл Та бүхний боловсролд онцгой анхаарах шаардлагатай.

Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага технологийн чиглэлээр мэргэшиж байгаа залуус Та бүхэнд оногдож байгаа. Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ. Манай улсын зах зээлд технологийн мэргэшилтэй ажилчны хэрэгцээ асар ихээр нэмэгдэж байгааг харгалзан төрөөс энэ чиглэлийн сургуулиудад онцгой ач холбогдол өгч байна.

Монголын төрөөс үйлдвэржилт, бүтээн байгуулалтыг дэмжсэн бодлого явуулж байгаагийн нэг тод жишээ бол Та бүхний сайн мэдэх иргэдийн орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн бодлого юм. Манай улс 1980-аад онд нэг жилд 40-50 мянган метр квадрат барилга ашиглалтад оруулахаас хэтэрдэггүй байсан бол 2013 онд энэ тоо 1 сая метр квадрат талбай хүрсэн нь уг бодлогын шууд нөлөө юм.

Ингэснээр барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн сүлжээ, орон сууцны тавилгын үйлдвэрлэл худалдаа, тэдгээрийг дагасан олон төрлийн үйлчилгээ, мэргэжлийн сургалтын салбар зэрэг өргөн хүрээнд нэмүү үнэ цэнэ бүтээх үйлдвэрлэлийн хэлхээ үүсч, урт хугацаанд тогтвортой ажлын байр олноор бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Цаашлаад барилга угсралт, замын технологи зэрэг дэд бүтцийн инженерчлэлийн салбарт мэргэшсэн ажилчдын хэрэгцээ ирээдүйд тогтвортой өсөх хандлагатай байна.

Орчин үед технологийн дэвшил асар хурдтай явж байна. Барилгын салбарт гэхэд цаг тутам шинэ шинэ технологи нэвтэрч, тэр хэрээр хугацаа, зардал хэмнэх бололцоо бий болж байна. Тиймээс Та бүхэн орчин үеийн шинэ технологид цаг алдалгүй суралцах чадвар эзэмших шаардлагатай. Мэргэжлийн сургалтын салбарт Хөдөлмөрийн яамнаас мэргэшлийн стандартыг боловсруулан нэвтрүүлж байгаа нь Та бүхэнд ур чадвараа хэмжин, мэргэшлээрээ олон улсын түвшинд хүрэх боломж олгож байна.

Оюутан залуус Та бүхэн суралцах хугацаандаа зөвхөн технологийн мэргэшил, дадлагатай болох төдийгүй ажил хөдөлмөрийн чанд сахилга бат, өндөр ухамсартай иргэн хүн болж төлөвшихийг би УИХ-ын даргын хувьд, эцэг хүний хувьд, бас инженер хүний хувьд зөвлөе.

Сонгосон мэргэжлээ эзэмшсэн шиг эзэмшиж Монголын ирээдүйг бүтээн босгох хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлэхийг эрхэм дүү нартаа хүсье.

Эх сурвалж: www.open.parliament.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж