Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамд Ерөнхий сайдаас муу үнэлгээ аваад байна. Тодруулбал, дээрх үнэлгээг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт яамдын удирдлагуудтай цахим хурал хийх үеэр өгсөн юм.
Зам тээврийн яамны хувьд заасан хугацаанд зарим авто зам ашиглалтад орохгүй болж, хойшилсон нь муу үнэлгээ авахад нөлөөлсөн бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь энэ оны турш ойн цэвэрлэгээ хийнэ гэж ярьсаар өвөлтэй золгох болж байгаа аж.
Ойн цэвэрлэгээ хийвэл байгаль орчиндоо ч хэрэгтэй, иргэдэд ч хэрэгтэй. Гэтэл чухам юунаас болоод ойн цэвэрлэгээ хийхгүй байсаар есдүгээр сартай золгож байгаа нь тодорхойгүй байгаа юм. Үүнийг Ерөнхий сайдын зүгээс цэвэр ажлаа зохион байгуулж төлөвлөж чадаагүйтэй холбоотой хэмээн дүгнэсэн.
Харин Эдийн засгийн хөгжлийн яамны хувьд экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж, зээл олгоно хэмээн 888 төслийг шалгаруулсан хэдий ч одоо хэр ажлынх нь гүйцэтгэл сайнгүй, зээл эзэддээ хүрэхгүй цаг алдаж байгаа нь “Эдийн засгийн хөгжлийн яам эдийн засгийг боомилж байна” гэх хатуухан шүүмжлэлийг Ерөнхий сайдаас сонсоход хүргэлээ. Тухайлбал, 888 төслийн санхүүжилтэд зориулж эхний ээлжинд 275 тэрбум төгрөг гаргасан ч өнөөдрийн байдлаар 150 тэрбум нь банкинд “хэвтэж” байгаа аж. Гэтэл хийе бүтээе гэсэн хүмүүс нь зээл авч чадахгүй суугаад байдаг. Үүнд Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкныхны ажлаа төлөвлөж, шуурхай гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой төдийгүй энэ байдлыг нь арилжааны банкууд ашиглаж байж ч болзошгүй тул зээл олгохгүй хүнд сурталж гаргаж иргэд, аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлж буй банкуудад хариуцлага тооцох ёстой гэсэн лүндэнг Ерөнхий сайдын зүгээс буулгаад байна.
Г.ШАРХҮҮ