Түүний тухай үлгэр домог шиг яриа олон бий. Ард түмнийхээ дунд ч өнөөдрийг хүртэл ам сайтай яваа. Гэвч түүний удирдсан нам сонгуульд ялагдсан юм. Түүнд хайртай, түүнийг “Эцэг” хэмээн дууддаг сонгогчид нь ийм дүн тавьсанд өвгөн Ли цочирджээ. Ингээд Ли Куан Ю дүгнэлт хийж “Сингапур улс биднээс тэс өөр, залуу удирдагчдыг хүсэн хүлээж байгаа юм байна. Тиймээс энэ улсын хувь заяаг залууст хүлээлгэж өгөх цаг болжээ” гэв. Ингээд Ерөнхий сайдаар 31 жил ажилласан Лигийн цаг дуусчээ. Тэр өөрийнхөө улс төрийн карьерт ийнхүү цэг хатгав. Эхэлсэн юмыг дуусгаж болдог аж. Гэвч түүний хүү Ли Сяньлун 2004 оноос хойш эцгийнхээ хашиж байсан Ерөнхий сайдын албыг залгамжлан буйг мартаж болохгүй. Барууныхан “Төрийн албыг хаант засаглал шиг үе дамжуулан хашиж байгаа нь Хойд Солонгос, Кубаас ялгарах юм алга” хэмээн шүүмжилдэг ч хүн ард нь баян тансаг амьдарч буй Сингапурыг тэр болгон чичлээд байж чаддаггүй юм. Бодоод үз л дээ. Байгалийн баялаггүй, 1932 он гэхэд хулсан байшиндаа сууж, тариа будаанаас өөр голлох аж ахуй байхгүй байсан улсыг ингэтэл өөрчилнө гэдэг муу гэж үү. Арван хүн тутмын нэг нь долларын саятан байдаг. Өнгөрсөн оны судалгаагаар таван сая гаруй хүний 36 хувь нь гадаадын иргэн гэсэн тоо бий. Тэгэхээр гурван сая хүний 300 мянга нь долларын саятан гэсэн үг. Тэд бас дэлхийн шилдэг боловсролыг амжилттай импортлож чадсан улс. Мөн шилдэг технологи экспортлодог. Сингапурын хөгжлийг маш товчхон тодорхойлвол хүний оюун ухааныг амжилттай худалдаж яваа улс гэж хэлж болно. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, технологи экспортлоход, дэлхийн шилдэг боловсролыг нутагшуулахад зөвхөн хүний оюун ухаан л хэрэгтэй. Үүнийг л тэд хийж чадсан байдаг. Үүнд Ли Куан Югийн гавъяа их. Уг нь тэрбээр хүүгийнхээ бий болгож өгсөн албан тушаалд тухлан суугаад байж болох л байсан. Гэвт цаашид ингэж амьдрахыг хүсээгүй бололтой.
Түүний бага нас эцэг эх болон өвөөгийнхөө нөмөр нөөлөгт өнгөрчээ. Уг гарвал, үндэс угсааг нь хөөвөл хятад цустай. Түүнд өвөө нь анх Харри гэдэг нэр өгсөн бөгөөд эцэг нь англи хэл сурахад нь хамаг анхаарлаа тавьж хичээнгүйлэн заадаг байжээ. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл гэрийнхэн нь Лиг найз нөхөдтэй болгохгүйг хичээдэг байсан гэнэ. Бяцхан Ли маш дуулгавартай хүүхэд байжээ. Эцэг эхийнхээ үгээс огтхон ч зөрж байсангүй. Хүү багаасаа л Английн уран зохиол сонирхдог, хаа явсан газраа ном уншиж, аав өвөө хоёртойгоо англиар ярьдаг байсан тухай түүний намтарт буй. Харин тэр нэлээд хожуу буюу оюутан болсон хойноо л хятад хэл сурч эхэлсэн гэдэг. Одоо түүний холимог нэр нь Харри Ли Куан Ю. Ли гэргий Ква Геок Чотой 1950 оны есдүгээр сарын 30-ны өдөр гэрлэж хоёр хүү, нэг охинтой болжээ. Хожмоо түүнийг улс төрд хөл тавихаар зэхэж байх үед аав, өвөө хоёр нь огтхон ч дэмждэггүй байж. Гэвч нөгөө дуулгавартай хүү тэднийхээ үгийг анх удаа зөрчиж өөрийнхөөрөө зүтгэсэн нь дэлхийд алдартай улстөрч болохын эхлэл байсан юм. Мөн Сингапур Улсын хувь заяа ч түүний гарт нэг л өдөр ирнэ гэдгийг түүний гэрийнхэн байтугай өөрөө ч мэдээгүй явсан биз ээ.
Ли 1953 оны сүүлээр оюутны холбоонд ажиллах болсон цагаасаа хүмүүсийн дэмжлэг авч эхэлжээ. Түүнийг бусдаас өөр гэдгийг тодруулсан гол имиж нь Хятадын дэмжлэгээр төр засгийн удирдлагад гарч ирдэг төлөөллийг багасгах гэж оролдох болсон нь байлаа. Мөн тэрбээр 1954 онд Ард түмний хөдөлгөөн намаа байгуулсан бөгөөд коммунистуудыг шахах бодлого явуулж эхэлсэн гэдэг. Ингэснээр 1955 онд парламентад гуравхан суудал авсан нь зөвхөн эхлэл төдий байлаа. Харин Сингапур 962 онд Английн дарангуйллаас салж тусгаар улс болоход түүний хувь нэмрийг зохих ёсоор үнэлдэг юм. Ингээд 1968 оноос хойш эцэг гэгдэх Лигийн үе эхэлсэн хэмээн үздэг ажээ. Түүний нам байнга ялалт байгуулж тэр улсынхаа анхны Ерөнхий сайд болж нийтдээ 31 жил энэ албыг хашсан байдаг. Харин одоо тэр өөрийн цаг үе, өөрийн түүхээ дууссан гэдгийг мэдэгдэв. Гэвч Сингапур улсын түүх үргэлжилсээр байгаа энэ үед өвгөн Лигийн намтар мөн л үргэлжилсээр байх биз ээ.
"Улс төрийн тойм" сонин