Жүдо: ДАШТ-ий 7 дахь өдөр

Хуучирсан мэдээ: 2014.08.31-нд нийтлэгдсэн

Жүдо: ДАШТ-ий 7 дахь өдөр

21.00 цаг.

ОХУ-ын Челябинск хотын "Traktor Ice Arena"-нд жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн багийн төрлөөр өнөөдөр өндөрлөлөө. Манай эмэгтэй баг алтан медалийн төлөө Францын багтай барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр, мөнгөн медаль хүртлээ.

Шилдэг 16 багаас манай эмэгтэй баг Казахстан, Кубийн багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж ялалт байгуулснаар аваргын төлөө энэхүү дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байгаа Францын бүсгүйчүүдтэй барилдаж, 2:3-ийн харьцаагаар ялагдлаа. 

Эмэгтэй баг:

Алтан медаль: Франц

Мөнгөн медаль: Монгол (Багийн бүрэлдэхүүнд М.Бундмаа, А.Цолмон (хоёул 52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтсан.)

Хүрэл медаль: Герман, Япон

V байр: Польш, ОХУ

VII байр: Словени, Кубийн багууд шалгарлаа.

 

19.50 цаг.

Жүдо бөхийн багийн дэлхийн аваргын хүрэл медалийг Герман, Японы бүсгүйчүүд хүртлээ. Герман Польшийг, Япон ОХУ-ын багийг тус тус 3:2-ийн харьцаагаар яллаа.

Эрэгтэйчүүдийн багийн хүрэл медалийн төлөө Бразил-Гүрж, Казахстан-Германы багууд шалгарсан.

Алтан медалийн төлөө Япон, ОХУ

Хүрэл медаль: Герман, Гүрж

V байр: Казахстан, Бразил.

VII байр: Куба, БНХАУ.

 

16.00 цаг.

-Эмэгтэй баг мөнгөн медалийн төлөө Польшийн багийг ялж, Францын багтай финалд шалгарлаа. –

Манай эмэгтэй баг мөнгөн медалийн төлөө Польшийн бүсгүйчүүдийг ялж, финалд шалгарлаа. Эмэгтэй багийн хувьд Казахстан, Кубийн багийг ялж, мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө Польшийн багтай барилдаж, ялалт байгуулснаар финалд шалгарлаа. Эмэгтэйчүүдийн шигшээ барилдаанд Монгол, Францын багууд шалгараад байна. Францын бүсгүйчүүдийн хувьд энэхүү дэлхийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн Японы багийг ялж, финалд шалгарлаа. Францын эмэгтэй баг энэхүү дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Фотог МЖБХ-ноос ирүүлэв.

 

14.23 цаг.

Манай эмэгтэй баг "D" хэсгийн аваргын төлөө Кубын бүсгүйчүүдийг 3:2-ийн харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарлаа.

Эмэгтэй багийн хувьд Казахстаны багийг 4:1-ийн харьцаагаар ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарсан. Улмаар БНХАУ-ын бүсгүйчүүдийг 4:1-ээр хожсон Кубын багийг ялж, хагас шигшээд шалгарлаа. Өнгөрсөн жил Бразилийн Рио де Жанейро хотноо болсон дэлхийн аваргын багийн төрөлд манай эмэгтэйчүүдийн хувьд эхний тойрогтоо Кубын багт 2:3-ийн харьцаатай ялагдаж байсан бол энэ жил хэсгийн аваргын барилдаанд яллаа.

Манай бүсгүйчүүд мөнгөн медалийн төлөө ОХУ-ын багийг хожсон Польшийн багтай барилдана. Польшийн багийн хувьд энэхүү дэлхийн аваргаас ганц хүрэл медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн -70 кг-д Катарзуна Клус медалийн тавцанд зогсжээ.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд А.Цолмон (52 кг), Д.Сумъяа (57 кг), Ц.Цэрэннадмид (63 кг), Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа (хоёул 70 кг) нар багтжээ.

Фотог МЖБХ-ноос ирүүлэв.


14.10 цаг.

Эмэгтэй баг "D" хэсэгт Казахстаны багийг 4:1-ийн харьцаагаар ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Эмэгтэйчүүдийн "D" хэсгийн аваргын төлөө Монгол-Кубын багууд шалгараад байна. Кубын бүсгүйчүүд БНХАУ-ын багийг 4:1-ийн харьцаагаар ялжээ.


14.00 цаг.

Манай эрэгтэй баг "В" хэсэгт Японы хүчирхэг багт 0:5-ийн харьцаагаар ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Фотог МЖБХ-ноос ирүүлэв.


ОХУ-ын Челябинск хотод болж буй жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр багийн тэмцээнээр үргэлжилнэ.

БАГИЙН ДАШТ-ИЙ ОНООЛТ:

ЭРЭГТЭЙ:

 

ЭМЭГТЭЙ:

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж