Ардчилсан намынханд М.Алтанхуяг таалагддаггүй

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынханд М.Алтанхуяг таалагддаггүй

Улс төрийн хүрээнд гацаанд орсон хоёр асуудал байна. Нэг нь МАХН хэмээх товчлол. Үүнийг Ардын намынхан гацаанд оруулж байгаа гэж МАХН-ынхан хэлж буй. Дээд шүүх хэлэлцэн МАХН нэрийг өгөх эсэхийг шийдэх байсан боловч Үндсэн хуулийн Цэц рүү “дамжуулсан”. Харин саяхан бүрдсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд “толгой”-гүй байгаа. Цэцийн даргаар хэнийг томилох эсэх нь хоёр дахь гацаа болж буй юм. Энэ гацааг УИХ дахь Ардчилсан намынхан бий болгосон гэхэд болно. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээс одоог хүртэл М.Алтанхуягийг нэр дэвшүүлэх эсэхэд “хориг” тавьсаар байгаа юм. Байнгын хорооны хуралдааны үеэр Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа хүний талаар УИХ-ын даргатай эргэж ярилцсаны дараа оруулж ирэх хэрэгтэй” гэсэн юм. Нэг үгээр хэлбэл Ардын намын М.Алтанхуягийг өөрчил. Үгүй бол бид хөдлөхгүй гэсэн байр сууриа хадгалах аж. Тэдэнд М.Алтанхуяг таалагддаггүй бололтой. Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Танай намын бүлэг завсарлагаа дуусгах болоогүй юу” хэмээн асуусан. Ямартай ч бүлэг завсарлагаа хэр удаан үргэлжлүүлэх нь Ардын намынханаас хамаарах аж.

Байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал бол УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны нэрийг өөрчлөх тухай хуулийн төсөл юм. Тус байнгын хорооны дарга Д.Очирбат байнгын хорооны хуучин дарга Д.Оюунхорол нар нэрээ богиносгох талаар санал нэгдсэн аж. Д.Очирбат гишүүн байнгын хорооны нэрийг Нийгмийн бодлогын гэж өөрчилвөл бүхий л асуудал багтах болно гэж үзэж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Зөвхөн нэр солих нь асуудал биш байх. Бүтцийн хувьд ч асуудал бий. Боловсрол, соёл шинжлэх ухааны, Нийгмийн бодлогын гэж хоёр салгаж үзэх хэрэгтэй” гэж байлаа. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Бид есөн байнгын хороотой байж үзсэн. Гишүүд хуралдаа сууж амждаггүй юм билээ. Тиймээс байнгын хорооны тоог нэмэх шаардлага байхгүй” гэв. Д.Одхүү гишүүний хувьд “Цаг үрсэн дэмий хуулийн төсөл оруулж ирлээ” хэмээн бухимдаж байсан юм. Байнгын хорооны нэрийг богиносгож өөрчлөх асуудлыг гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. 

Ц.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж