Улсын ургацын комисс өчигдөр /08.29/ хуралдлаа. Энэ оны ургацын урьдчилсан балансыг ҮХААЯ-ны Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссын нарийн бичгийн дарга Б.Оргил танилцуулсан. Тэрээр “2014 онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна. Энэ нь, нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал, 26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдэж байгаа юм. Энэ жил дотоодын гурил төдийгүй төмсний хэрэгцээг давуулан хангах төлөвтэй байна” гэв. ҮХААЯ-ныхны урьдчилсан балансаар буудай тариалсан нийт талбайн 70 хувь нь аарцан болцын үедээ, 20 хувь нь эхэн үедээ, 10 орчим хувь нь сүүн болцын төгсгөлдөө байгаа аж. Харин ургац хураалтад 1100 комбайн, 624 жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс хураах комбайн ажиллана. Өөрөөр хэлбэл, техникийн бэлэн байдал 90 гаруй хувьтай. Өнөөгийн байдлаар
Дархан –Уул аймгийн Хонгор суманд шууд хураалт, Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орохн суманд ангилан хадпалж эхэлжээ. Ургац хураалтын ажил есдүгээр сарын 2-ноос жигдрэх төлөвтэй гэнэ. Тиймээс Сэлэнгэ, Төв аймгаас ургац хураалтын үед ажиллах 1420 цэргийн албан хаагч, 220 оюутныг ажиллуулах хүсэлтэйгээ салбарын яаманд уламжилжээ. Улсын ургацын комиссын гишүүн БХЯ-ны төлөөллийн хувьд ургац хураалтын үед ажиллах цэргийн тоог 700 мянгад хүргэх боломжтой гэсэн бол ЗТЯ тариа хураалтад гол ашиглагддаг замуудыг засч янзлах шаардлагатай байгааг комиссын хуралдааны үеэр хэлж байлаа. Ямартай ч, хөхүүрийн ам цаашлан хүйтний эрч наашлаж буй болохоор оройдоо хасах градустай хонож, цаг агаар аажмаар хүйтрэх төлөвтэйг ч Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхан анхаарууллаа. Ингээд ҮХАА-н сайд, Улсын ургацын комиссын гишүүн Ш. Түвдэндорж ургацын комиссын гишүүдийн санал, мэдээллийг сонссоны дараа орон нутагт ургацын салбар штабыг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах,
-урьдчилсан балансаар таримлын болц жигд, хураалтын ажил өнгөрсөн жилүүдийнхээс 10 орчим хоногоор эрт эхлэхээр байгааг харгалзан ургацад ажиллах хүн хүч, үтрэм, техникийн бэлэн байдлыг хангах,
-Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд нийтдээ 8.0 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан бөгөөд зохих нөөцийг бүрдүүлэх, үнэ болоод зарцуулалтад нь хяналт тавьж тасалдалгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
– Ургац хураалтад ажиллах комбайн, трактор болон үтрэмийн машин техникийн бэлэн байдлыг хангаж хураалтын явцад аль болох техникийн саатал гаргахгүй байх, техникийн шилжилт, хөдөлгөөн хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах,
– Дараа оны тариалалтад зориулан хүрэлцэхүйц хэмжээний үрийн нөөц бүрдүүлэх, үрийн цэвэрлэгээг газар дээр нь шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгалд хяналт тавьж ажиллах,
– Ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл, гэмтлийг шалгаж тодруулах, засварын ажлыг шуурхайлах,
– Ургац хураалтын үед ашиглах жин хэмжүүр, хэмжих хэрэгслэлийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусгах, эрчим хүчээр найдвартай хангах боломжийг бүрдүүлэх,
– Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, урьдчилсан мэдээг түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
– Орон нутгаас ирүүлсэн хүсэлт захиалгын дагуу ургац хураалт, тээвэрлэлт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд оролцох оюутан, цэргийн албан хаагчдын асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, ургац хураалтын ажилд татан оролцуулах, тэдгээрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, цалин, байр хоол, хүнсний хангамжийг сайжруулах асуудлыг гэрээнд тусгуулах,
– Үр тариа, төмс, хүнсний ногоо, хадлангийн тээврийг саадгүй нэвтрүүлэх, ялангуяа ургац тээвэрт ажиллаж буй хүнд даацын автомашиныг гурилын үйлдвэрүүдэд саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, түр журам гаргаж мөрдөх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын чанартай зам гүүрэн дээр цагдаагийн эргүүл, пост ажиллуулах,
– Эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоог Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, арми зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын хүнсэнд өргөн хэрэглэх замаар ногоочдынхоо хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, борлуулалтыг дэмжих арга хэмжээнд идэвхитэй оролцуулахыг та бүхнээсээ хүсч байна гэлээ.
Энэ жилийн хувьд таримлын болц урьд жилүүдтэй харьцуулахад 10 орчим хоногоор эрт байгаатай холбоотойгоор ургац хураалтын бэлтгэлийг сайтар хангахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг өглөө. Түүнчлэн “Ургацын төв штаб” орон нутгаас ургацын штабаар дамжуулан тавьсан санал хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэж байх бөгөөд зайлшгүй тохиолдолд Улсын ургацын комиссын хурлыг зарлан хуралдуулж байх аж. Дашрамд, энэ жилийн ургацад нийтдээ 450 мянган тоннын багтаамжтай 21 элеватор, 90 гаруй агуулахад буудай хүлээн авахаар бэлтгэлээ хангажээ. Үүнээс ТЭДС-д 146 мянган тн, гурилын үйлдвэрүүдэд 212 мянган тн, спиртийн үйлдвэрүүдэд 7000тн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 85 мянган тн багтаамжтай элеватор, агуулах ашиглаглагдаж байгаа аж. Төв суурин газруудад нийтдээ 182,2 мянган тоннын багтаамж бүхий 3600 гаруй зооринд төмс, хүнсний ногоо хүлээн авахаар бэлтгэлээ хангасан байна.
Б.БАЯР