СЗХ-ны даргыг улираах ёсгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

СЗХ-ны даргыг улираах ёсгүй гэв

“Анод” банкны гэх тодотголтой хэрэг үүсээд яг гурван жилийн нүүр үзэж
байна. Энэ хэрэгт тус банкны удирдлага хийгээд банк, санхүүгийн салбарт
хяналт зохицуулалтын үүрэг гүйцэтгэх эрх бүхий төрийн албан тушаалтнууд
холбогдсон юм. Гэвч хууль, хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл энэ
хэргийг нэг мөр цэгцэлж чадахгүй байна. “Анод” банкны захирал
Л.Уламбаяр, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүн Н.Даваа,
Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарыг нэг бол барьж, хориод эсвэл тавиад
явуулчихдаг. Шүүх, прокурорынхон үүнийгээ “Нэмэлт мөрдөн байцаалт
явуулах шаардлагатай” гэсэн товчхон үгээр тайлбарлаж байгаа. Харин энэ
хэрэгт оролцож, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэгдэж байсан
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Санхүүгийн
зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон тус хорооны гишүүн
Б.Шаравсамбуу, Д.Дүгэржав нар ерөнхийдөө “чөлөөлөгдчихсөн” гэхэд болно.
Учир нь тэд өнөөдөр тус бүрийнхээ ажлыг хийгээд явж байгаа.

“Анод” банкны хувьцаа эзэмшигч, хохирогчдын түр хорооны гишүүн
Л.Цэвээнравдан, тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй өмгөөлөгч
П.Отгонболд, А.Эрдэнэбилэг нар дээрх бай­далд ихээхэн эгдүүцэж буйгаа
илэрхийлэн өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тэд “Санхүүгийн
зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Анод” банктай холбоотой эрүүгийн
хэрэгт сэжигтнээр татагдаж, хэрэг нь эцэслээгүй байгаа. Гэтэл түүнийг
албан тушаалд нь улираан томилсон нь шударга бус үйлдэл” хэмээн
мэдэгдлээ. Мөн “Анод” банк 2002 оноос алдагдалтай ажиллаж, арилжааны
банкны биелүүлэх ёстой зохистой харьцаа нь доголдож эхэлсэн. Дээр нь
Санхүүгийн зохицуулах хороо тус банкийг хууль бус хувьцаа гаргаж,
харилцагчдаа хохироох нөхцөлийг бүрдүүлсэн гол буруутан хэмээн
тодотгосон юм. Тодруулбал, “Анод” банкийг хувьцаат компани болгохдоо
хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчид нь босгосон хөрөнгийг захиран
зарцуулах, шийдвэрт оролцох ямар нэгэн эрхгүй байхаар холбогдох журамд
тусгасан аж. Харин Санхүүгийн зохицуулах хорооны 122 дугаар тогтоолоор
“Анод”-ын удирдлагад бүх эрх мэдлийг төвлөрүүлжээ. Энэ нь дампуурлын гол
шалтгаан хийгээд үндсэн нөхцөл болсон хэмээн өмгөөлөгч П.Отгонболд
ярилаа. Тэрбээр мөн “УИХ-ын нэр бүхий гишүүн хувьцааны луйвар хийдэг”
хэмээсэн юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.   

-Та бүхэн хохирлоо хэрхэн барагдуулах талаар бус, тодорхой албан тушаалтнууд руу давшлаад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Баримт нь байгаа учраас бид ярьж байгаа юм. Энэ талаар олон нийтэд
дуулгахгүй бол дахиад бидэн шиг хэдэн ч хүн хохирох юм билээ. Эрсдэлтэй
шүү дээ.

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон бусад албан тушаалтнууд
“Анод”-ын хэрэгт холбоотой эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй. Та бүхэн
хэтэрхий улс төржөөд байгаа юм биш үү?

-Д.Баярсайхан муу ажилласан учраас “Анод” банк дампуурсан. Иргэд
хохирсон. Түүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Гэтэл УИХ-аас
түүнийг албан тушаалд нь дахин томилж байгааг бид юу гэж ойлгох вэ. Муу
сурдаг хүүхдийг анги улираадаг. Харин муу ажилласан албан тушаалтныг
улираан ажиллуулж болохгүй шүү дээ. Үүнийг бид төрийн албанд танил тал,
ах дүүсийн сүлжээ бий болсны хамгийн тод жишээ гэж ойлгож байгаа.

-Д.Баярсайханаас өөр төрийн өндөр албан тушаалтан хувьцааны луйварт оролцсон гээд байна. Хэн, ямар луйвар хийсэн юм бэ
?

-УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “Гермес
центр” хувьцаат компанийн эзэн. Энэ компани хувьцаа гаргахдаа Дарханд
2.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж байсан. Үүнд нь итгэж
найдаад хүмүүс хувьцааг нь худалдаж авсан. Гэтэл 2009 онд Санхүүгийн
зохицуулах хороо шалгалт хийгээд ямар ч газаргүй болохыг нь тогтоосон
юм. Гэхдээ энэ компанийн эздэд хариуцлага тооцоогүй. Том эзэнтэй учраас
арга хэмжээ авч чаддагүй юм байлгүй. Ер нь Монголд хувьцаат компани
байгуулах замаар луйвар хийх боломжийг төр өөрөө бүрдүүлж өгөөд байна.
Үнэт цаасны тухай болон бусад хуулийг илт зөрчсөн компаниудад хариуцлага
тооцохгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ.

-“Анод”-ын хохирогч 1300 орчим хүн байдаг гэсэн. Гэвч 2-3 хүн л хааяа дуугарчихаад чимээгүй болчихдог нь сонин байна?

-Иргэд хувьцаагаа мөнгө гэж хардаггүй. Тийм учраас хохирсон ч хүчтэй
эсэргүүцэл үзүүлж, тэмцэл хийхгүй байна. Хадгаламж зээлийн хоршоодын
хохирогчид яг бэлэн мөнгөө луйвардуулсан болохоор ямар ч хамаагүй аргаар
тэмцэж байгаад төрөөс мөнгөө гаргуулсан. Харин хувьцаагаа луйвардуулсан
хүмүүс яах учраа олохгүй байна.

-Та бүхэн одоо ямар алхам хийх вэ. Ер нь хамгийн гол зорилго чинь юу юм бэ?

-Хууль, шүүхийн байгууллага шударга ажиллаж чадах эсэхийг харна. Мөн энэ
хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явна. Хэрэв төрийн албан
тушаалтнуудын буруугаас иргэд хохирсныг шүүх тогтоогоод өгвөл бидний
хохирлыг төр барагдуулах учиртай. Ер нь хуулийн талаас нь авч үзвэл
“Анод”-ыг хувьцаат компани болгохдоо Монголбанкнаас зөвшөөрөл авах ёстой
байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо дангаараа дур мэдэн ийм
шийдвэр гаргасан нь бүх будилааны эхлэл болсон юм шүү дээ. Тиймээс
Д.Баярсайханд заавал хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна.

Ч.ДАШДЭЛЭГ

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж