”Совет”-ийн хурлын өмнөх сонирхолтой өнцгүүд

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

”Совет”-ийн хурлын өмнөх сонирхолтой өнцгүүд

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийн ОХУ-д хийх айлчлалыг угтуулан зохион байгуулж буй Монгол, Оросын хувь нийлүүлсэн байгууллагуудын зөвлөл өнөөдөр хуралдахаар товлосон. “Засгийн газрын хуралдаантай давхцах учир оройтвол  маргааш болтол хойшлуулна” хэмээн ач хол­богдол өгч буй энэхүү хур­лаар олон чухал, тэр тус­маа нууцын зэрэглэлтэй асууд­лыг хэлэлцэх бололтой.  Мон­гол Улсын Зам тээвэр, ба­рил­га хот байгуулалтын яам­ны боловсруулсан Төмөр за­мын гэрээний төслийг бу­цаах аргагүй чамбай бол­го­хоос эхлээд хамтарсан бай­гууллагуудын ашиг, хувь хэм­жээний талаар нарийн тоо­цоо мэдээлэлтэй байж хэ­лэл­цээрийн ширээний ард сууж үр дүнд хүрэх учиртай.

“Совет”-ийн хурлын гол асуудал нь өөр нэг том чулууг хөдөлгөх магадлалын тухай юм. Тухайлбал “Эрдэнэт үйлд­вэр” ХК-ийг хувьчлах тухай яриа одоо хүртэл хоёр орны эрх баригчдын сэтгэл хөдөлгөсөн том асуудал хэвээрээ байна. Нэгэнтээ Оросын тал манайд санал тавихгүйгээр хувьчлах алхам хийж зарчмаа зөрчсөн. Гэвч алдаагаа засаад Засгийн газрынхаа мэдэлд буцаасан. Одоо энэ асуудалд хоёр тал харилцан бие биеэ хүлээсэн, тандсан байдалтай байгаа нь ан­заарагддаг. Мөн “Эр­дэнэт үйлдвэр” ХК, “Мон­голросцветмет” ХК, “Асгат” ХК-ийг нэгтгэн хувьцаа гар­гаж, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалж бол­но гэдэг асуудлыг өмнө нь ч хөндөж байсан.

Энэ удаа өм­нөхөөсөө зоригтой, дорвитой хөдөлж чадвал зарчмын зө­рүүтэй сана­лаа нэгтгэн ойл­голцож том ашиг хуваах ажлын эхлэлийг тавьж мэдэх юм. Мэдээж ийм алхам хийхэд хүрвэл хэл ам татах, зөрчилдөх асуудал олон ч ирээдүйд олох ашиг биднийг хүлээхгүй гэсэн үүд­нээс хандвал ядах юмгүй л дээ. Тэр ч байтугай “Дээрх компаниудын хувьцааг Оюу­толгойн хувьцаатай хам­тат­ган багцалж, дэлхийн анхаарлыг татаад байгаа тэрхүү брэндийг ашиглан, дайварт нь баялаг нөөцтэй жижиг компаниудаа үнэд хүргэж IPO босгож болох юм” гэсэн алсын хараатай саналыг ч хоёр талын улстөрчид дэмждэг. Хувьцааны борлуулалтад “Эр­дэ­нэт үйлдвэр” ХК сайнаар нө­лөөлж, сонирхол татна уу гэ­хээс саад болно гэж байхгүй нь мэдээж.

Харин Тавантолгойн ор­дын хувьд Оросын талын гомдол, гоморхол хуучирсан гэж хэлж болно. Монголын тал тендерээ зарласан. Даяарш­лын зарчмаар тендерийг шалгаруулахдаа шударга ханд­­сан. Оросуудын уг тен­дерт ялагдсан шалтгаан нь өрсөл­дөгч компаниуд хоо­­рондоо нэгдсэн зохион бай­гуулалтад орж чадаагүй явдал. Засгийн газар нь ч олиг­той зохион байгуулж чадаагүй. Тиймээс Монголыг буруутгах аргагүй. “Дорнод уран” хэмээх нэр нь дуул­дахаас цааш хол явдаггүй нэгэн объект буй. Монголын Ерөн­хийлөгчийн ОХУ-д хийх айлчлалаас урьтаж олон улсын Арбитрын шүүх шийдвэрээ гаргахгүйгээс хойш хэчнээн яарч дэвхцээд ч яах билээ.

Товчхондоо өнөөдөр болох “Совет”-ийн хурал цаг үеэ дагаад уул уурхайн асуудлаас уяатай байх нь гарцаагүй. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын оролцоо маш чухал байх болов уу. Харин “Сталинаас хөгшин” гэж шоолдог төмөр замын гэрээг шинэчлэх асуудал салбарын сайдын авьяасыг  шалгах нь. Тэгэхээр анхаарал татсан эд­гээр асуудлыг хэрхэн эв­тэйх­нээр зохицуулан Ц.Эл­бэг­доржийн аяны богцонд хийж, айлчлалыг үр дүнтэй бол­гохыг нь Х.Баттулга, Д.Зоригт нар шийдэх нь.

У.Оргилмаа

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж