Ч.Хүрэлбаатар луйврын хэрэгт холбогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар луйврын хэрэгт холбогдсон уу?

Төрийн сантай холбоотой луйврын хэрэгт Ч.Хүрэлбаатар холбогдох нь энэ үү

Францын улстөрчид олон улсын анхаарлыг Ойрхи дорнодоос Парисын зүг татав. Николя Саркозигийн багийнхан ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж, өрсөлдөгчдөө “өшиг­лөж” унагах тактик хэрэг­жүүлж эхэллээ. Тэд Олон ул­сын валютын сангийн тэргүүн Доми­ник Штраус Каныг хамгийн түрүүнд онилов. Мань эрийг гаргасан алдаагаар нь олз­лох нь тэр. Харин Мон­голд Д.Зоригт сайдыг зо­лигт гаргахаас эс юм болж эхэллээ. Хамтарсан Засгийн газрын сайд нарын “бүлгийн дарга”-ыг “Анод”-ынхон улс­төрчдийн өгөөш болгож орхив. Энэ эрхэм бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар. Чуулганы тан­химд бол мөнөөх 76-ийн нэг, харин хамтарсан Засгийн газ­рын танхимд сайд нарын даргын алба хашдаг.

“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Давааг “Төрийн өндөр албан тушаалт­нуудтай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэж, их ху­рал­дайг санхүүжүүлсэн” гэх үн­дэслэлээр хорьсон. Гэвч Ир­гэний хөдөлгөөний намын дарга энэ эр мөчөөгөө өгөх­гүй “Цагаан ордон”-оос үе, үе мэдэгдэл хийсээр байгаа. Хамгийн сонирхолтой нь тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэл­баатарыг овоо хараандаа ав­чээ. Хэдийгээр Авлигатай тэмцэх газрынхан “Бид ир­гэд, байгууллагуудаас ирүүл­сэн гомдол, мэдээллийн мө­рөөр Эрүүгийн байцаан шийт­гэх хуульд заасны дагуу хойш­луулшгүй ажиллагаа явуул­даг. Өөрөөр хэлбэл, гэмт хэ­рэг мөн үү, биш үү гэдгийг тодруулахын тулд прокурорын хяналт дор 19 хоногийн дотор энэхүү ажиллагааг явуулах үүрэгтэй. Иргэдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг шалгаж байна. Гэхдээ ямар мэдээллийн мөрөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлснээ хэлэх боломжгүй” гэж мэдэгдсэн ч зарим эх сурвалж “Төрийн сантай холбоотой томоохон луйврыг дэлгэх нь дээ” хэмээн таамаглаж байна. Учир нь Ч.Хүрэлбаатар 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Чухам энэ үед төрийн зарим өндөр албан тушаалтан Төрийн сангаас их хэмжээний мөнгө гаргуулж, “Анод”-ынхонд дамжуулан өндөр хүүтэйгээр буцаан авдаг байжээ. Товчхондоо, Төрийн сангийн мөнгийг хэд дахин өсгөх луйвар хийдэг байсан гэсэн үг. Тиймээс улстөрчид Ч.Хүрэлбаатартай хол­боотой дуулиант явдлыг үүнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Ингэхэд Ч.Хүрэлбаатар хувь улстөрчийн хувьд хэн юм бэ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр 2000-2003 онд ажиллаж байсан. Мэдээж хэрэг, тухайн үеийн Ерөнхий сайд нь Н.Энхбаяр. Гэвч Ч.Хүрэлбаатар экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын фракцийнх биш, Ерөнхий сайд С.Батболдын багийн хүн гэдгээрээ илүү танигдсан кандидат. Харин түүнийг Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албаа өгснөөс хойш жил гаруйн дараа “Анод” банкинд гэнэтийн шалгалт хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тус банкны удирдлагуудад холбогдох 75 хавтаст хэрэг нээсэн билээ. Төр арилжааны нэгэн банкийг ийнхүү дампууруулсан ч “Зоос”-ыг татан буулгаж, Төрийн банк байгуулсан нь бас л хэл ам дагуулсан юм. Тэр ч атугай Засгийн газар “Анод”-ынхны учруулсан хохирлыг барагдуулахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Үүнийгээ буцаан олох гэж 170 тэрбум төгрөгийн бонд гаргахдаа тулж барьц алдсан удаатай. Харин энэ удаад хамтарсан Засгийн газрын хүзүүг Ардчилсан намын эсэргүү нөхөд биш, “Анод”-ынхон ороож эхэллээ. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын эсрэг хойшлуулшгүй ажиллагаа явуулах захиалгыг хэн өгсөн бэ гэдэг нь таавар мэт үлдэв.

С.Баттулга


Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж