Монгол Улс олон улсын анхаарлын төвд дахин орлоо. Хятадын удирдагчийн Монголд хийсэн айлчлалын үр дүнд үзэглэсэн хоёр улсын хорин жилийн хамтын ажиллагааны стратегийн түншлэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг ахин татах болсон илэрхий байна.
Айлчлалын үеэр үзэглэсэн хорь гаруй гэрээ, гадаад худалдааны эргэлтийг 10 тэрбумд хүргэх харилцан ашигтай хамтын түншлэл нь салхины аясыг нааш нь эргүүлж эхэлсэн шинжтэй байна.
Баялгийн нөөц ихтэйгээс гадна Хятад хэмээх аварга зах зээлийн хажууханд оршиж байгаа газар зүйн байрлалын онцлог нь хөрөнгө оруулагчдад таалагддаг ч хууль эрх зүйн тогтворгүй байдал, тэдэнд хандаж буй тааламжгүй харилцааны улмаас Монголд орж ирэх мөнгөний урсгал багагүй татарсан билээ. 2012 оноос эхлэн хөрөнгө хумигдаж, ерөнхийдөө хүлээлтийн горимд шилжицгээсэн хөрөнгө оруулагчдын хувьд хөрш орнуудын түншлэлийн харилцаа шинэ шатанд гарсан нь таатай боломж гэж харж байгаа аж. Хятадын даргын зүгээс илгээсэн хөгжлийн галт тэргэндээ хамт сууж, хамтаар хожих уриалгаас хойш манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудын олон улсын хөрөнгийн зах зээл дэх хувьцааны ханш өсч эхэлсэн сайхан мэдээ дуулдах болов.
Ялангуяа тус улстай дамжин өнгөрөх тээврийн асуудлаа шийдвэрлэж, экспортын төмөр зам барихад бүх л чадлаараа тусална гэсэн Си Жиньпиний амлалт дэд бүтцийн асуудлаас шалтгаалан манайд хөрөнгө оруулж чадахгүй байгаа гадаадынханд боломж байгааг харуулав.
Энэхүү эерэг хандлага, мөнгөний хомсдолд орж, багагүй дарамттай байгаа Монголын эдийн засагт сайнаар нөлөөлөх нь гарцаагүй. Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж, дөрвөн жилийн турш хориотой байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгож эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлах гол мессеж нь болж байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үндсэн суурь болох итгэлцэл эргээд сэргэж буй нь хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ гэж дүгнэж болох юм.
Дэлхийн эрчим хүчний мангас болсон, эдийн засаг нь улам бүр хүчирхэгжиж буй Хятад улстай хамтаар хожих бодлого тодорхойлсноороо тохиромжтой цагийг хүлээж байсан хөрөнгө оруулагчид ч Монгол руу анхаарлаа чиглүүлэх болсон нь бидний хувьд чихэнд чимэгтэй мэдээ юм.
Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд таагүй харилцаатай байсан “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчид асуудлаа хамтарч шийдэхийн тулд хэлэлцээрийн ширээний ард суух болсон бөгөөд Монгол Улсын зүгээс алдагдсан итгэлийг буцаан авах оролдлогууд тодорхой үр дүнд хүрэх шинжтэй байна.
Өнгөрөгч лхагва гаригт хийсэн “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр “Оюутолгой”-н гүний уурхайг ашиглалтад оруулах санхүүжилт ирэх сарын 30-наас өмнө шийдэгднэ гэсэн мэдээлэл хөрөнгө оруулагчдад итгэл найдвар төрүүлж буй. Хэрэвзээ үнэхээр хувь нийлүүлэгчид товлосон хугацаандаа асуудлаа шийдэж чадвал манай талд нэмэх оноо ирнэ гэсэн үг. Дэлхий нийтийн анхаарлыг аль хэдийнээс татаж эхэлсэн “Оюутолгой”-н асуудлыг нэг тийш цэгцэлж чадсанаараа мөнгөний зөв урсгалыг Монгол Улс өөр дээрээ чиглүүлэх нь ойлгомжтой. Тийм ч учраас салбарын сайдын хэлсэн мэдэгдэл санаандгүй хэлсэн үг биш байгаасай гэсэн хүлээлт их.
Зөвхөн монголчуудад ч биш манайд хөрөнгө оруулахаар хүлээж байгаа хөрөнгө оруулагчид ч “Оюутолгой”-н асуудлыг нааштайгаар шийдээсэй гэсэн бодолтой байгаа нь анзаарагдаж байна.
Есдүгээр сарын 30-наас өмнө “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санхүүжилт болох зургаан тэрбум ам.долларын асуудал шийдэгдвэл мөнгөний хомсдолд ороод байгаа Монголын хувьд эдийн засгийн хямралаас гаргах нэг эмчилгээ болох учиртай юм.
Энэ бүх эерэг сурталчилгаанууд сүүлийн 2012 оноос эхлэн уруудсан Монголын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх , цаашлаад улс орны хөгжилд тодорхой үр дүн өгөх нь гарцаагүй юм. Ямар ч байсан сүүлийн өдрүүдэд гадаад, дотоодод түгэж байгаа мэдээллээс харахад хүндээр өвчилчихөөд байгаа Монголын эдийн засаг илаарших шинж тэмдэгүүд харагдах эхэллээ.
Ж.НЯМСҮРЭН