Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр шүүхийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ дэлхий нийтэд улам бүр өсөн нэмэгдэж байна. Энэ утгаараа шүүхийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага чухлаар тавигдах боллоо. Шүүх нь төрийн эрх мэдлийн бусад байгууллагуудын нөлөөлөл, хяналтаас ангид гагцхүү хууль тогтоогчийн баталсан хэм хэмжээ, үндсэн хуульт ёсны зарчимд үндэслэн аливаа эрх зүйн маргааныг шийдвэрлэх үүргийг ард түмний өмнө хүлээдэг. Шүүхийн бүхий л үйл ажиллагаа олон түмний хурц хараа, хяналтан дор ил тод байх зарчим үйлчилж байгаа ч улам бүр нээлттэй, хүртээмжтэй байх шаардлага онцгойлон тавигдсаар байна. Шүүхүүд шударга ёсны үйлчилгээнийхээ үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд харуулахын тулд тэдэнд ажлаа тайлагнах, ил тод үйл ажиллагаа бүхий шударга ёсны шалгуур нь иргэдийн төлөөлөгчийн оролцоо юм.
Монгол Улсын иргэн шүүх хуралдаанд оролцож, шүүгчтэй адил Монгол Улсын нэрийн өмнөөс хэрэг шийдвэрлэх, шүүн таслах эрхийг эдлэх боломжийг Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгосон байдаг. Энэхүү хууль нь шүүхийн ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зэрэг давуу талыг бий болгосон юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн 2014 оны 01 тоот дүгнэлтээр Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3, 12 дугаар зүйлийн гарчиг болон заалтад орсон “… шүүх бүрэлдэхүүнд …” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болгосноор иргэдийн төлөөлөгч дээрх эрхийг эдэлж чадахгүйд хүрсэн билээ.
Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл санааг нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр хязгаарласнаар уг хууль амьгүй, хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. “Шүүх бүрэлдэхүүнд” гэсэн нь хүчингүй болсноор Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн иргэд шүүх хуралдаанд шүүн таслах эрхтэй оролцох гол үзэл баримтлал алдагдсан. Иймд уг хуулийг "амьтай болгох", хэрэгжүүлэх, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хэлбэр төдий оролцдог практикийг эвдэх, иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт нь шийдвэр, шийтгэх тогтоолд тусдаг, иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүгчид үнэлж, дүгнэж шийдвэрээ гаргадаг Монгол улсын Үндсэн хуульд заасан хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх зарчим жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж үзэж Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.
Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “…шүүх бүрэлдэхүүнд…” гэсэн нь хүчингүй болсонтой холбогдуулан Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээрзүйлийн 9.3, 12 дугаар зүйлийн гарчиг болон заалтад орсон “шүүх бүрэлдэхүүнд” гэсэн үгийг “шүүх хуралдаанд” гэж өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид “хэрэг маргаан” гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгч оролцуулна”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дэхь хэсэгт “шүүх анхан шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд 3 хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэхь хэсэгт “хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт “захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэсэн заалтууд хэвээр хэрэгжиж байгаа тохиолдолд ийнхүү өөрчлөх нь зүйтэй юм.
Г.БУЯН