Р.Раш: Монголын тал одоохондоо 50:50 хувийн эрх мэдлээ ч бүрэн ашиглаж чадахгүй байгаа
УИХ-ын гишүүн Р.Рашийг “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын сүүлчээр ОХУ-д айлчилна. Айлчлалын үеэр шийдэх гол асуудлуудын нэг нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээг шинэчлэх асуудал юм. Тиймээс энэ талаар “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар олон жил ажиллаж байгаад УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа эрхэм гишүүн Р.Рашийн байр суурийг сонслоо.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийх айлчлалын үеэр хэлэлцэн шийдвэрлэх гол асуудлуудын нэг нь төмөр замын гэрээг шинэчлэх, тэр тусмаа Монголын талын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал юм. Та энэ гэрээг шинэчлэх тал дээр ямар байр суурьтай байна?
-Хагас зуу гаруй жилийн өмнө байгуулсан энэ гэрээнд өөрчлөх оруулалт шаардлагатай. Тэр үед хойд хөрштэй байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээс хамгийн “ахмад” нь төмөр замын гэрээ яах аргагүй мөн. Гэхдээ 1949 онд байгуулсан төмөр замын гэрээг муулах нь тун зохимжгүй юм. Уг нь мундаг гэрээ. Яагаад гэвэл төмөр замын салбар Монголд хөгжиж эхэлсэн цагаасаа л бараг зах зээлийн зарчмаар ажилласаар өнөөг хүрсэн. Задгай мөнгийг тоолж амьдарч ирсэн. Тийм ч учраас төмөр замчид ажлынхаа төлөө нойр хоолгүй зүтгэдэг, тэр хэмжээгээр амьдрал ахуй нь сайн сайхан явдаг юм.
-Төмөр замын гэрээ яагаад сайн гэрээ болсон гэж?
-Тухайн үед хоёр орны найрамдалт харилцаа ид цэцэглэж байсан. Нөгөөтэйгүүр капитализм ч цаг хугацааны хувьд хол биш байлаа. Маршал Х.Чойбалсангийн дэргэд маш мундаг орос зөвлөхүүд байсан учраас Монголын талд ашигтай, сайн гэрээ хийхэд тусалсан гэж ярьдаг хүн олон бий. Энэ ч үнэний ортой байх. Одоо уг гэрээнд өөрчлөлт оруулах гээд байгаа гурван гол асуудал байна. Юуны өмнө хоёр талын эзэмшлийн хувь хэмжээ 50:50 харьцаатай байсныг Монголын тал 51 хувь болгох асуудлыг тавьж байгаа. Мөн Монголын хуулийн дагуу ногдол ашгийг орлогын татвар болгох учиртай. Дараагийн асуудал нь гэрээг хугацаа заахгүйгээр баталсан. Үүнийг аль нэг талын санаачлагаар өөрчлөлт оруулж болно гэдгийг гэрээнд тусгах гэх мэт шийдэх асуудал цөөнгүй бий.
-Та энэ гэрээг шинэчлэх талаар оросуудтай олон удаа яриа хэлцэл хийж байсны хувьд энэ удаа ямар үр дүнд хүрнэ гэж таамаглаж байна вэ?
-Зөвхөн 2004 он хүртэлх хугацаанд л гэхэд 11 удаа энэ асуудлаар Оросын талынхантай уулзаж ярилцсан. Уулзалт болгон ахицтай, санасандаа хүрэхэд тун ойр байсан. Оросын талаас Зам харилцааны яамны хуулийн албаны дарга Сергей Пегов ажлын хэсгийг ахалж байлаа. Тун ажил хэрэгч хүн дээ. Монголын талаас тухайн үед Ерөнхий сайд П.Жасрай, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн нар Засгийн газрын тогтоол гаргуулан намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Уг нь миний хийх ажил ч биш л дээ. Би хамтарсан байгууллагын дарга л болохоос Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж явах хүн биш байлаа шүү дээ. Гэхдээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийг хичээсэн. Ингээд 2003 онд “давааны оройд” бараг л гарсан. Гэтэл 2004 оны сүүлчээр Оросын тал хэлснээсээ буцаж, бүх гэрээ хэлцлийг шинээр эхэлье гэсэн юм билээ.
-Яагаад буцах болсон юм бол?
-Яагаад гэдгийг мэдэхгүй. Миний бодлоор тэр үед тохиролцсоноор баталсан бол Оросын талд тэгтлээ хохирох зүйл байгаагүй. Бодвол 50:50 харьцааг хэвээр хадгалахыг бодсон биз. Нэгэнт ийм харьцааны эрх мэдэлтэй болохоор аль нэг тал татгалзвал ажил урагш явахад амаргүй. Би 2008 онд, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа Засгийн газарт энэ асуудлыг тавьж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт холбогдох яамд, төмөр замын мэргэжилтнүүд оролцсон. Гэвч бүх асуудлыг эхнээс нь боловсруулж байсан болохоор ярвигтай л байсан байх.
-Төмөр замын гэрээг анх байгуулах үед Монгол, Зөвлөлтийн харилцаа ямар байлаа, одоо ямар түвшинд байна вэ гэхээр тэс өөр нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор гэрээг шинэчлэх ажилд саад тотгор мунддаггүй байх?
-Нэг үеэ бодвол хоёр орны харилцаа идэвхжиж байна. Ерээд оны эхэн, дунд үед бол хэцүүхэн байсан. Гадаад худалдааны бараг 80 хувийг хойд хөрштэй хийдэг байсан бол энэ хувь хэмжээ эрс буурсан. Эдийн засгийн харилцаагаа дахин сэргээхийн төлөө хоёр орны удирдагчид үе үе уулзаж, харилцааг сэргээх, бэхжүүлэхийн тулд идэвхтэй ажиллаж байлаа. Үүнийг хамтарсан байгууллагыг толгойлж явсны хувьд би зүрхэндээ ойр хүлээж авдаг, үнэлдэг юм.Өнөөдрийн цаг үе өөр болсон шүү дээ. Улс үндэстэн бүхэн эрх ашгаа чухалчилдаг байлгүй дээ. Гэхдээ нөхрөө хүндэтгэлгүй яахав.Тиймээс Оросын талын нөхөд манай хүсэлтийг хүндэтгэж хүлээж авах байлгүй дээ.Манайханд ч учир бий.
-Манайханд ямар учир байна?
-Тухайлбал 50:50 хувийн зарчмаар олж авсан эрхээ бүрэн хэрэгжүүлж, санаачилгыг гартаа авч чадахгүй нөгөө талдаа алдаад байгаа тал бий.
-Гэхдээ оросууд Монголын төмөр замаас 50 хувийг эзэмшсэнээрээ олон жил хожсон. Одоо болсон юм биш үү. Танд ч ингэж хэлэх хүн таарч байсан байх?
-Хожсон, хожигдсон гэж ярих нь хэр зөв юм бол доо. Хэн хожсон бэ гэвэл монголчууд л хожсон. Үүнтэй маргах аргагүй. “Улаанбаатар төмөр зам” улс орны хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж байсан, байгаа, байх ч болно. Өнөөдөр төмөр замгүй бол Эрдэнэтийн зэсийн баяжмалыг машинаар зөөх үү. Наад захын жишээ энэ.
-Та В.И.Якунинтай уулзаж байсан уу. Монголчуудад хэр элэгтэй хүн бэ?
-Би В.И.Якунинтай хоёр удаа уулзаж байсан. Би нэгэн уулзалтын үеэр түүнээс таван зүтгүүрийг нэг жилийн хугацаатайгаар, үнэгүй ашиглуулаач. Дараа нь тооцоо бодъё гэж гуйсан юм. Бид үнэхээр хүнд байсан. Тэгэхэд тэрбээр “Бесплатный сыр гэж байдаггүй юм, Раш аа” гэж билээ. Би түүний өмнөх дарга Фадеевтай үнэхээр орос, монгол ах дүүс байсан. Түүн шиг санаад л хэлсэн чинь зарчмын хатуу байр суурьтай тулгарсан нь тэр. Фадеев сайдын хувьд бараг л хэлсэн бүхнийг минь гүйцэлдүүлдэг, хаалга нь миний өмнө дандаа нээлттэй, байнга утсаар холбогдож ярьдаг байлаа. Тэр ч байтугай Японы зээлийг төмөр замд өгүүлэхэд Фадеев татгалзах нь байтугай цааргалаад байсан Яамны санхүү эрхэлсэн орлогч сайд Мартанчук гэж нөхрийг дуудан “Бидний олж чадахгүй байгаа мөнгийг Раш олж ирээд төмөр замаа хөгжүүлье, ажлаа сайжруулъя” гэж байхад тусалж чадахгүй байж юундаа өнхөрч буй дугуй дор “башмак” тавиад байгаа юм бэ” хэмээн зэмлэж байсныг мартдаггүй юм.
-Үүнтэй холбогдуулан асуухад АНУ-ын Мянганы сорилын сангаас төмөр замд өгөх гэж байсан зээл дээр оросууд ёстой жинхэнэ “башмак” тавьсан биз дээ?
-Тийм ээ.
-Тэдний бойкотоос санаа авч “Монголын төмөр зам” компанийг байгуулахыг та санаачилсан байх аа?
-Тэгсэн. Салбарын сайд байхдаа санаачилсан. Тухайн үед Мянганы сорилын сангийн тусламжийн хөрөнгө орж ирэх нь гэж ид ярьж байлаа. Гэтэл хамтарсан компанид өгөхгүй. Зээлийн хариуцагч нь Монголын талын, бие даасан хуулийн этгээд байх ёстой гэсэн. Зөвхөн тэр ч биш, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж нь заавал Монголын Засгийн газрын мэдлийн компаниар дамжиж ирэх ёстой шүү дээ.
-Одоо гадаадынхан хөрөнгө оруулъя гэвэл манай тал энэ асуудлыг Оросын нөлөөгүйгээр шийдэж чадах уу?
-Тухайн үед тэр мөнгийг авах гэж л жижиг компани байгуулсан юм шүү дээ. Гэхдээ эцсийн үр дүнд тэр хөрөнгө “Улаанбаатар төмөр зам”-д л ашиглагдах байсан. Өөр тэр хөрөнгийг хүлээж авах, ашиглах төмөр зам байхгүй юм чинь. Харин шинээр байгуулагдах төмөр замыг бид өөрсдөө шийднэ.
-Та Мянганы сорилын сангийн зээлийг болиулсанд Оросын талыг буруутгадаг уу?
-Аль алиндаа л байсан юм.
-Яагаад?
-АНУ Монголын төмөр замд хөрөнгө оруулъя, энэ салбарыг хөгжүүлэхэд тусалъя гэж бодсон ч “Улаанбаатар төмөр зам”-ыг заавал шалгах нь чухал гэсэн. Америкийн тал төмөр замыг шалгана гэхээр л оросууд гэдийсэн. Уг нь техник технолигийнхоо түвшинг харуулчихад буруу юм нэг их байхгүй л дээ. Би хоёуланд нь энэ тухай хэлж байсан. Нэгд нь хэлэхдээ заавал шалгах хэрэг байна уу өөрийн хяналт шалгалтын дүрэмтэй түүнийг нь үзчихэд болоо юм биш үү. Нөгөөд нь ойр зуурын юм харна л биз. Бид хүнд байна шүү дээ гэж.
-Америкууд учраас л шалгуулахгүй гэж гэдийсэн юм уу. Ер нь зээл өгч байгаа байгууллагуудад шалгуулахгүй гэсэндээ тэр үү. Жишээ нь Дэлхийн банкнаас зээл авахад тэд шалгадаг байсан уу?
-Бид Японоос ч, Дэлхийн банкнаас ч зээл тусламж авч байлаа. Тэр бүхэнд Фадеев сайд дэмжиж байсан. Харин Мянганын зорилтын сангийн зээл дээр л оросууд гэдийсэн нь тэр. Зээл авах тохиолдолд цаад тал шалгая гэдэг. Энэ бол байдаг л зүйл. Тухайлбал Дэлхийн банк бас л шалгана гэдэг байсан. Би тэр үед “Манайх өөрийн гэсэн дүрэм журамтай хамтарсан байгууллага. Хоёр талаасаа эн тэнцүү харьцаатай тусгай комисс байгуулж, төмөр замын ажлыг шалган дүгнэлт гаргадаг. Тиймээс шалгуулах шаардлагагүй” гэсэн тайлбар өгч байсан. Тухайн үед Дэлхийн банк ойлгож, хүлээж авч байсан.
-Оросын тал Монголын төмөр замын даргаар өөрийн хүнээ тавих сонирхолтой байгаа нь цухалздаг. Одоо ийм сонирхолтой хэвээр байгаа болов уу?
-Ийм яриа гардаг л болсон юм шиг. Гэхдээ Оросын тал энэ асуудалд Монголын талд хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Намайг томилогдож байхад хүртэл Оросын талын дарга нар “Одоо монголчууд төмөр замаа өөрсдөө аваад явах цаг нь болсон” гэж хэлдэг байсан.
-Одоо тавих гэж байгаа төмөр замын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Бодлого нь батлагдсан. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй. Бүтэмж жаахан тааруу л явна гэж боддог. Гол нь санхүүгийн асуудлыг нь яаралтай шийдэх нь чухал. “Монголын төмөр зам” бол 100 хувийн төрийн өмчит компани. Үүнээс 49 хувийг нь арилжаалах гэж байна.
-Энэ зөв үү?
-Мөнгө босгох гэж л ийм шийдвэр гаргасан байх. Хөгжлийн банкийг саяхан байгууллаа. Их бүтээн байгуулалтын хамгийн гол нуруу болох төмөр замаа хөгжүүлэхэд анхаарах ёстой. Төрийн мэдлийн банк байгуулах болсон шаардлага ч төмөр замтай холбоотой.
-Сүүлийн асуултыг УИХ-ын гишүүн, улстөрчийн байр суурьтай тань холбогдуулж асууя. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг УИХ-аар хоёр удаа хэлэлцлээ. Хоёуланд нь хамгаалаад үлдлээ. “Залуу хүний хувьд” гэж зарим гишүүд өмгөөлөн ярьж байсан. Үүнээс болж УИХ-ын нэр хүнд унана гэж ярих хүн олон байна?
-Залуу хүний хувьд гэж ч харж үзээгүй байх. УИХ Засгийн газартай, түүнийг бүрдүүлж буй сайд нартайгаа хариуцлага тооцож л таарна. Миний хувьд Д.Зоригтыг огцруулах үндэслэлийн эхэнд Оюутолгойн гэрээний асуудал байсан. Энэ гэрээнд гурван сайд гарын үсэг зурсан байтал ганцхан Д.Зоригтыг сугалж оролдоод, улалзуулаад байгаа нь хэр зөв юм бол доо л гэж хэлсэн. Түүнээс биш хариуцлага тооцож бололгүй яах вэ.
-Үүний дараахан танай намын зарим гишүүн дахиад л оны ялгааны талаар ярьж эхэллээ. Яагаад ингэх болов. Тухайлбал та ахмад гишүүний хувьд намын залуустайгаа ямархуу харилцаатай байдаг вэ?
-Би залуу гишүүдтэй шөргөөцөлдөж байгаагүй. Зүгээр л УИХ-ын нэг ангийнхан. Насны ялгаа байлгүй яах вэ. Зарим нь хүүхэд шиг минь боловч төр барилцаж байгаа хүмүүсийн хувьд тэгш харилцахыг эрхэмлэдэг. Ер нь Монголын нийгэмд ахмад нь залуусаа “Амьдрал мэдэхгүй” гэх, залуус нь ахмадуудаа “Хоцрогдсон” гэх маяг бий шүү дээ. Энэ ан цавыг бид гагнаж явах ёстой. Төрийн бодлого ч үүнд анхаарал хандуулах учиртай. Ер нь “элээсэн оймс”-ны цаана амьдралын их туршлага байдгийг үгүйсгэж болохгүй. Жишээ нь би Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, төмөр замтай нэлээд гүнзгий холбоотой байсан Сүрэнжав гуайтай уулзана гэж бодсоор яваад амжаагүй. Нэг л мэдэхэд бурхан болчихсон байсан. Ширэндэв гуайтай бас тухтай уулзаж ярихсан гэж бодож байсан цаг бий. Тэднээс олигтой юм асууж чадаагүй юм. Ингээд бодохоор аугаа их капитал чинь мэдлэг, туршлагатай ахмадууд байдаг гэж ойлгодог. Залуучуудыг дээд зэргээр дэмжих ёстой. Энэ бол улсын ирээдүйтэй холбоотой асуудал.
-Ярилцсанд баяралалаа
"Улс төрийн тойм" сонин