Малгай дор толгой хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Малгай дор толгой хэрэгтэй

Хууль зүйн сайдын тушаалаар энэ жил цагдаагийн албан хаагчдын дурэмт хувцсыг шинэчилж, дамран малгай жагсаалын формных нь оронд далбагар бүрхтэй ажлын хувцас өмсүүлсэн билээ. Тухайн үед бидний олонхи нь шинэ формоор гоёсон эргүүлийн цагдааг хараад ”аянчин, загасчин” хэмээх элдэвлэж байснаас биш малгай доторх бөндгөрт юу бий талаар тун бага бодож байсан шиг санагддаг юм. Үүнийх хор уршиг одоо хэр нь үргэлжилсээр байна. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болонгуутаа ”Хуучин Зөвлөлтөд сургууль төгссөн хүмүүсийг цагдаагийн удирдах албан ташаалд тавихгүй. Дор хаяж баруунд мэргэжил дээшлүүлсэн байх ёстой” гэж хэлсэн гэх мэдээллээс болж цагдаагийнхантай түнжин хагарч байсан.

1960-аад онд Грект армийн хурандаа нар төрийн эргэлт хийж, хуучин удирдагчдаа бүгдийг нь шоронд хийгээд долоон жил засагласан жишээ бий. Түүхэнд тэр үйл явдал ”Хар хурандаа нар” гэх нэрээр тэмдэглэгдэж үлдсэн. Грекийн хямралын үед нийгмийн доод хэсгээс гаралтай, боловсрол багатай цэргийн эрхтнүүд барууны соёлыг эсэргүүцэн цэргийн эргэлт хийж, улстөрчдөө нухчин дарсан нь тэр.

Монголын хувьд манай арми бол 1990-ээд оноос хойш гадаад харилцаагаа хурдацтай хөгжүүлж, гуравдагч орнуудад боловсон хучнээ сургаж, давтан сургаж ирсний хучинд харьцангуй сайн шинэчлэгдсэн гэж үздэг. Давхардсан тоогоор армийн удирдах тушаалын офицеруудийн бараг 90 хувь нь баруунд мэргэжил дээшлүүлсэн гэх мэдээлэл бий. Наад зах нь Энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор жил болгон хэдэн зуугаараа гадагшаа явж, хэл ус нь ч гэсэн сайжраад л ирж байна шүү дээ. Харин хууль зүйн салбарын хувьд нийгмийн бусад салбаруудтай харьцуулахад өнгөрсөн 24 жилийн дотор салхи ороогүй цорын ганц салбар гэж болно. Тиймдээ ч ажилтан албан хаагчид, ялангуяа дээд тушаалын дарга нарынх нь хувьд нөгөө л 1990 оноос өмнө Зөвлөлтөд эзэмшсэн боловсролтойгоо, “Цагдаагийн үүрэг бол нийгмээ хянаж цагдах явдал” гэсэн КГБ-ын номлолын дагуу ажиллаж байна. Энэ хавар цагдаагийн байгууллага дотор дэгдсэн хурандаа нарын гэх хэрэг ч ялгаагүй. Угаасаа байгаа хөрс нь тийм юм чинь. Алим модноосоо хол унадаггүй гэдэг биз дээ.

Энэ талаас нь аваад үзвэл салбарынхаа сайд дээр хууль бус гуйцэтгэх ажиллагаа явуулсан, тагнаж чагнасан, зохиомол хэрэг үүсгэсэн хэдэн хурандааг л яллаад өнгөрнө гэвэл үр дүн багатай. Цаана нь энэ хэмжээний ажиллагааг энгийн иргэн дээр ч явуулчих чадалтай, зоригтой хэдэн аавын хүү дарга нарынхаа өмнө ёслоод зогсч байхыг хэн мэдлээ. Хамгийн товчхондоо энэ бол хуулийн байгууллага, тэр дундаа цагдаагийн байгууллага дотор цаг үеэ мэдэрсэн сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй байна аа л гэсэн үг. Шүүх, прокурор гэх мэт хуулийн бусад байгууллагын хувьд шинэчлэл харьцангуй хурдан явагдаж байгаа. Ядахдаа л салбартаа арай нэг боловсролтой хэсэг нь учраас шинэ нийгмийнхээ шаардлагыг ойлгоод, түүнд нь тохируулаад өөрсдийгөө боловсруулаад яваад байна шүү дээ. Харин цагдаагийн байгууллагын хувьд байдал өөр. Угаасаа өөрсдийгөө хүчний байгууллага гээд итгэчихсэн, нийгмээ хянаж цагдах хэмжээлшгүй эрх дархтай байсан тэр сэтгэлгээгээрээ өнөөдрийг хүртэл яваад байгаа хэрэг. Дургүйд хүчгүй гэдэг л болж байгаа юм. Харамсалтай нь, тэдний энэ сэтгэлгээг өөрчлөхөд магадгуй бидний бодсоноос ч илуу хугацаа орох бололтой. Дээр нь угаасаа сэтгэлгээний хувьд өөрчлөгдөж амжаагуй, шинэ нийгэмтэйгээ дасан зохицох гэж зүдэрч байгаа хүмүүст манай зарим улстөрчдийн ухвар мөчид үйлдэл ч бас нэрмээс болж байх шиг байна.

Ер нь бол хуулийн байгууллагыг улс төрийн ашиг хонжоо олоход ашиглах нь эргээд тэрнийхээ боол болох аюултай гэдгийг маш олон хүн, олон удаа хэлж байгаа. Улстөрчид минь, энэ буруу үйл ажиллагааныхаа төлөөсөнд өөрсдөө эргээд тэднийхээ боол нь болно шүү, тэднийхээ захиалсан хөгжмийг л тоглодог цаг ирнэ шүү гэж. Өнөөдөр хуулийн байгууллагыг хувьчлаад авчихсан аятай аашилж байгаа нөхдүүд маргааш гэхэд өөрсдөө тэр эрэг шургандаа хавчуулагдчихаад эргэж байхыг үгүйсгэх газаргүй. Улстөрчийг бол ард түмэн нэг л удаагийн сонгуулиар сэгсрээд хаячихна. Харин хуулийн байгууллага, хуулиар олгогдсон эрх мэдэл гэдэг тэдний сонголтоос үл хамаардаг учраас системээрээ ажиллахад хэнийг ч, хаана ч нугалж чадна. Хамгийн наад захын жишээ сая Хууль зуйн сайд дээр явуулсан хурандаа нарын хэрэг байлаа шүү дээ. Хэрвээ түүний оронд хэн нэгэн хөрөнгө чинээтэй, улс төрд олон жил яваад буруу аргаар хувьдаа жаахан хуримтлалтай болчихсон, эсвэл жаахан ч гэсэн хувийн ашиг сонирхлоо шургуулчихсан нөхөр байсан бол өдийд дээлээ нөмрөөд хэвтэж байхсан биз. Уг хүн нь хамжааргатай, хартай сэртэй, хэлхээ холбоо багатай хун байсан тулдаа хар тамхи, хүүхэн шуухан, хүүхэд үрчлэл энэ тэр гэсэн юмаар хэсэг ороож байгаад мухардаад орхих шиг болно лээ. Хэрвээ энэ маягаараа явах юм бол ирэх 2016 оны сонгуулийн үр дүнг улс төрийн намууд биш, улс төрийн лидерүүдийн дэвшүүлж байгаа үзэл санаа ч биш, харин хуулийн байгууллагын хоёр гурван хурандаа ярьж байгаад л шийдчих нь байна шуу дээ.  Энэ бидний хүсээд байгаа шинэчлэлт өөрчлөлт, шударга ёсны тогтолцоо мөн гэж үү.

Б.СЭМҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж